М.Помпео Пхеньянд хийх айлчлалаа хойшлуулав
- 2018-08-27
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеогийн Пхеньянд энэ долоо хоногт хийх айлчлалыг хойшлуулахыг шаарджээ. Цагаан ордны тэргүүн “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар АНУ, БНАСАУ-ын тал төдий л ахиц гаргаагүй” хэмээн жиргэсэн байна. М.Помпео БНАСАУ-д хийх айлчлалаа цуцлах бодолгүй байгаа бөгөөд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тэрбээр “БНАСАУ- ын талаарх Вашингтоны бодлогын тусгай төлөөлөгч Стефан Биегунтын хамт Пхеньянд айлчилна” хэмээн мэдэгдсэн юм. Он гарснаас хойш, Помпео БНАСАУ-д гурван удаа айлчилсан байна. БНАСАУ- ын “Нодон Шиммун” сонинд мэдээлснээр, Д.Трамп дотоодынхоо сөрөг хүчинд хязгаарлагдалгүйгээр БНАСАУ, АНУ-ын өнөөгийн харилцааны зогсонги байдлыг эцэс болгож, хоёр талын харилцааг сайжруулахын төлөө зориг шийдэн, шуурхай үйл ажиллагаа явуулах ёстой гэж уриалсан байна.
Харин БНАСАУ-д айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Байгаль орчны төлөвлөлтийн газрын гүйцэтгэх захирал Эрик Солхейм “Солонгосын хойгийн энхийн үйл явцад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” хэмээгээд байгаль орчныг хамгаалах талаар БНАСАУ-ын гаргасан идэвхтэй хүчин чармайлтыг өндрөөр үнэллээ. Эрик Солхейм Пхеньянд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ удаагийн айлчлал Солонгосын хойгийн энхтайвны үйл явцаар гол болгож байна. БНСУ, БНАСАУ ба БНАСАУ, АНУ-ын удирдагчид Пханмунжом, Сингапурт тус тус уулзсан. БНАСАУ шаардлагатай үед НҮБ-тай хэзээ ч холбоо барьж болно. НҮБ энхийн үйл явцад тусламж үзүүлэх бэлтгэлээ хийсэн” гэжээ. Мөн тэрбээр “БНАСАУ-ын Засгийн газар мод тарих, далай тэнгисийг хамгаалах зэрэг байгаль орчныг хамгаалах ажлыг ихэд чухалчилдаг. НҮБ- ын Байгаль орчны төлөвлөлтийн газраас санаачлан хэрэгжүүлж буй хуванцар хог хаягдал зэрэг далай тэнгисийн бохирдлыг бууруулах “тэнгисийг цэвэрлэх” үйл ажиллагаанд оролцохыг БНАСАУ зөвшөөрсөнд бид их баяртай байна” гэжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)