АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын орлого буурчээ
- 2018-08-28
- Дэлхий
- 0
Хятад АНУ-ын дунд үүссэн худалдааны зөрчил ширүүсэх хандлагатай байгааг Америкийн мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Худалдааны маргаан сунжирвал АНУ-ын газар тариалан эрхлэгчид хохирол амсах эрсдэлтэйг шинжээчид анхааруулсан билээ. Америкийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, гаалийн татвар тус улсын худалдаа эрхлэгчдэд сөргөөр нөлөөлсний улмаас энэ оны хөдөө аж ахуйн салбарын цэвэр орлого буурч 12 жилийн турших хамгийн доод хэмжээнд хүрчээ. АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын цэвэр орлого нэмэгдэж 2013 онд 123 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ онд 60 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна.
Хэдийгээр нөхөн олговор олгосон, хариу авах шинжтэй гаалийн татварын бодлого хэрэгжүүлээгүй оронд гаргах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлсэн ч өнөөгийн нөхцөл байдал Америкийн хөдөө аж ахуй, хөдөө тосгоны бүс нутагт урт хугацааны хохирол учруулж байна. Америкийн “The Hill” агентлагийн судалгаагаар хөдөө аж ахуйн салбарын орлого буурснаар тариачдыг санхүүгийн хүндрэлд оруулж, тэдний зээлээ буцаан төлөх чадварт нөлөөлөн, жижиг фермүүд дампуурахад хүргэжээ. Худалдааны дайн хэдий чинээ урт хугацаагаар сунжирвал Америкийн тариачид, хөдөө тосгоны бүс нутагт учруулах хохирол төдий чинээ удаан, нөхөгдөшгүй хэмжээнд хүрнэ. Бразил зэрэг бусад орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг орлох нь үүний нэг шалтгаан болж байна.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)