Шинзо Абэ намын даргын сонгуульд өрсөлдөнө
- 2018-08-28
- Дэлхий
- 0
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сард болох Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ. Шинзо Абэ Кагошима мужид хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Миний бие Ерөнхий сайдын хувиар Японы удирдагчийн үүргийг гүйцэтгэж байна. Энэ үүргээ үргэлжлүүлэн Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөнө” хэмээжээ. Шинзо Абэ Кагошима мужид сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг чухалчилж, орон нутгийн олон намын дэмжлэгийг авах хүсэлтэйг харуулаа гэж шинжээчид үзсэн байна. Энэ удаагийн Либерал ардчилсан намын даргын сонгууль ирэх сарын 20-нд болно.
Ш.Абэгийн намын даргын үүрэгт хугацаа ирэх сарын 30-нд дуусгавар болох аж. Энэ удаагийн намын даргын сонгуульд тус намыг удирдаж асан туршлагатай улстөрч Шигеру Ишиба өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. Консерватив үзэл баримтлалтай Шинзо Абэ Японы батлан хамгаалах салбарын хүчин чадлыг нэмэгдүүлж, газар нутгийн маргаантай асуудлаар Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлах болсон. Гэвч Японы олон нийтийн дунд түүний нэр хүнд унасан байна. “Киодо” агентлагийг явуулсан санал асуулгаар Шинзо Абэгийн нэр хүнд 10.3 хувиар буурч, 47.6 хувьд хүрчээ. Шинзо Абэг намынхаа нэр хүндийг унагаж байгаад ч буруутгах хүн цөөнгүй бий. Мөн Абэгийн гурав дахь бүрэн эрхийн хугацаанд сонгогдох боломж хумигдаж байна гэх мэдээлэл ч Японы хэвлэлүүдээр хөвөрч эхэлжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)