Атлантын далайг дамнасан харилцаа эрсдэлд орлоо

“АНУ, Европын холбооны найрсаг харилцааны шинэ хуудсыг нээнэ” хэмээн Цагаан ордны тэргүүн Д.Трамд, Европын зөвлөлийн дарга Жан Клод Юнкер нар өнгөрсөн сард мэдэгдэж байсан боловч энэ сараас хоёр тал бие биенээ зэмлэн, харилцан буруутгаж эхэллээ. Атлантын далайг дамнасан АНУ, Европын холбооны харилцаа эрсдэл дагуулж эхэлсэн талаар шинжээчид онцолж, ээдрээтэй харилцааны шалтгааныг өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байна. АНУ, Европын харилцааг хурцадмал байдалд оруулсан голомт бол Тегераны эсрэг хориг тавих тухай асуудал гэж зарим ажиглагч дүгнэжээ.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарахаа мэдэгдэж, энэ сарын 7-ноос Ираны банк санхүү, авто машин, өнгөт металл, уул уурхай зэрэг эрчим хүчний бус салбарт чиглэсэн хоригийг хэрэгжүүлж, улмаар Ираны эрчим хүч, агаарын тээврийн салбарт хоёр дахь ээлжийн хориг тавихаар зэхэж байна АНУын Төрийн департаментын бодлого төлөвлөлтийн газрын дарга Брайн Хоок "Ираны ажиллагааны хэсэг" байгуулж, ирэх арваннэгдүгээр сарын 4-нөөс өмнө Тегеранаас импортоор оруулах газрын тосны хэмжээг тэглэхийг шаардсан. АНУ ийнхүү дотоодынхоо хууль дүрмыг мөрдөж, ганц талаасаа өргөн хүрээнд хориг тавьж буй нь Иранд улам их шахалт үзүүлж, буулт хийлгэн, Дундад Дорнодын бүс дэх монополь эрхээ бататгах зорилготойг шинжээчид онцоллоо. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрийн холбоотон зэрэг ямарваа улс орон, бүс нутгийг Ирантай хэвийн солилцоо хийхийг хориглосон.

АНУ ЕВРОПЫН ХОЛБООГ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭД ХҮРГЭВ

Эдийн засаг, эрчим хүчний хувьд Европын холбоо нь Орос, Ирантай нягт хамтын ажиллагаатай. Тиймээс АНУ Орост шинэ ээлжийн хориг хэрэгжүүлсэн нь Европын холбоонд давхар цохилт болж байгаа аж. Вашингтоны тал энэ удаад Тегеранд хориг тавих төдийгүй хоригоо чангатгана хэмээн заналхийлж буй нөхцөлд Иран улс эрх ашгаа хамгаалах үүднээс аюултай замыг сонгож, Ормузын хоолойг хаавал Европын холбооны эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой сорилт тулгарах юм. АНУын энэ мэт үйлдэл Европын холбооны улаан шугамд хүрсэн тул Брюсселийн зүгээс хариу арга хэмжээ авч эхэллээ.Вашингтон Иранд тавьсан хоригоо сэргээж эхэлсэнтэй холбогдуулан Европын холбоо холбогдох хуулийн заалтаа өөрчилж, тус хэрэгт холбоотой Европын аж ахуйн нэгжүүд АНУ-ын тавих хоригт хамааралгүй байж, холбогдох төлбөр авахыг баталгаажуулсан байна. Европын холбоо энэ сарын 23-нд Тегераны Засгийн газарт 18 сая еврогийн тусламж үзүүлэхээ зарлаж, Ираны эдийн засаг, нийгмийн хөгжилд туслан, АНУ-ын хориг арга хэмжээнээс гарсан сөрөг нөлөөг бууруулж, 2015 онд тохиролцсон Ираны цөмийн хэлэлцээрийг цаашид хэрэгжүүлэхийг баталгаажуулахаа мэдэгдсэн. Европын холбооны төсөв дэх Иранд 50 сая еврогийн тусламж олгох цогц төлөвлөгөөний нэг хэсэг болох 18 сая еврогийн тусламж их биш ч гэсэн улс төрийн агуулга нь мөнгөн тусламжаасаа илүү юм. Цагаан ордон “Америкийг нэн тэргүүнд тавих”-ын төлөө бусад оронд хориг тавьж, олон талт үзэл, олон улсын дүрмийг ноцтой хохироож байгаа нь Европын холбооны төр, засгийн тэргүүнүүдийн дургүйцлийг төрүүлэх болжээ.

АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс гарснаас гадна ганц талт үзэл баримтлан үйл ажиллагаа явуулж, худалдааны бодлого, НАТОгийн аюулгүй байдал, Европын интегралчлал, дүрвэгсэд, цагаачдын бодлого, дэлхийн засаглал зэрэг салбарт Брвсселийн эрх баригчидтай санал зөрөлдөх болжээ. Атлантын далай дамнасан холбоог үүсгэн байгуулаад 70 шахам жил болж байна. Америкийн Засгийн газар аз туршсан тоглоом, хүйтэн дайны сэтгэхүйгээр олон улсын харилцаанд хандах болсон нь Америк Европ хоорондын санал зөрөлдөөнийг хурцатгаж, тэдний хагарлыг улам даамжруулжээ. Түүнчлэн ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч. Мария Захарова “Америкийн талын шинэ хориг арга хэмжээ олон улсын армийн хяналт, үй олноор хөнөөх зэвсэг түгэн дэлгэрэхээс хамгаалах системийг доройтуулах зорилготой, үүнд химийн зэвсгийн холбогдох хориг багтаж байна. ОХУ хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, химийн зэвсгээ бүрмөсөн устгасан” хэмээн мэдэгдсэн. Тасс агентлагийн мэдээлснээр, Америкийн шинэ ээлжийн хориг арга хэмжээнээс гарах үр дагаварыг Кремль судалж байгаа ба шинэ хориг арга хэмжээ нь ямар бодит нөлөө учруулахыг Оросын тал тодорхойлж, тохирсон хариу арга хэмжээ авах шаардлагатай гэжээ.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (188.95.123.149)

    2018-08-29

    irand mongoo ogsongevuu orondni yu avah gez ter bilee amerikt euro jmar heregtei ym dolloriig unagaah gez barag ehneeseen temceed baraagui odoo yugaar hohirooh gez oroldood baigaa ym boloo euro holboo orostoi muslimtei euro holboogoon orgotgohgui yu