АНУ Мексиктэй худалдааны гэрээ үзэглэнэ
- 2018-08-29
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн Засгийн газартай худалдааны гэрээ байгуулахаар болсон талаар эх сурвалжууд онцолж эхэллээ. Энэ гэрээ нь одоо хэрэгжиж байгаа АНУ, Канад, Мексикийг хамарсан “НАФТА” буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг орлох юм байна. Цагаан ордны өнгөрсөн даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд Канадын төлөөлөгч оролцоогүй аж. Харин Дональд Трамп “Хэлэлцээрт шударгаар оролцох тохиолдолд Канадтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн” гэдгээ онцолжээ. Мөн “Канад улс тавьсан шаардлагыг нь хүлээж авахгүй бол тус улсын автомашинд шинэ татвар ногдуулна” гэж анхааруулсан байна.
Үүнээс өмнө Дональд Трамп АНУ Канадын ган, хөнгөн цагааны импортод татвар ногдуулах шийдвэр гаргаж байсан юм. АНУ-Мексикийн худалдааны хэлэлцээрээр бүс нутгийн авто үйлдвэрлэлийн 75 хувийг Хойд Америкт үйлдвэрлэж, ажилчдын бүтээмжийг 45 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөснийг АНУ-ын худалдааны төлөөлөгч мэдэгджээ. Мексикийн Гадаад харилцааны сайд энэхүү хэлэлцээрт өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлоод “Канад улс оролцохгүй байсан ч Мексик оролцох”-оо мэдэгдсэн байна. Харин Дональд Трамп “АНУ Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн улмаас олон жилийн турш хохирол амссан” гэж мэдэгджээ. Тэрбээр “Бид энд хэлцэл хийхээр ирээд байна. Энэхүү худалдааны хэлэлцээрийг АНУ-Мексикийн худалдааны хэлэлцээр гэж нэрлэх нь тохиромжтой гэж бодож байна. Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ олон жилийн турш хохирол амссан. Харин худалдааны шинэ хэлэлцээр хоёр улсад хоёуланд нь боломж олгоно. Түүнчлэн Канадын талтай бид яриа хэлэлцээг хараахан эхлээгүй байна. Бид нэн тэргүүнд Мексиктэй хэлэлцэхийг зорьсон. Канадын талтай хийх хэлэлцээр тун удахгүй эхэлнэ гэж бодож байна. Гэхдээ Канад улс АНУ-ын сүүн бүтээгдэхүүнд 300 хувийн татвар ногдуулдаг. Тиймээс бид ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдлээ.
M.Тогтох
Сэтгэгдэл (0)