Агаарын бохирдол сэтгэн бодох чадварыг бууруулдаг
- 2018-08-31
- Дэлхий
- 0
Агаарын бохирдолтой орчинд удаан хугацаанд байх нь хүний танин мэдэхүйд сөргөөр нөлөөлж, сэтгэн бодох чадварыг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Бээжингийн их сургууль, АНУ- ын Йелийн их сургуулийн хамтарсан судалгаанд БНХАУ-ын агаарын бохирдол ихтэй 82 хотын 32 мянган иргэнийг хамруулжээ. Дөрвөн жил үргэлжилсэн судалгааны үр дүнд утаатай орчинд удаан амьдрах нь тоо бодох, хэл ярианы чадварыг бууруулдаг болохыг тогтоосон. Ялангуяа хүүхэд агаарын бохирдолтой орчинд амьдарснаар сурч боловсрох хугацаагаа нэг жилээр алддаг болохыг эрдэмтэд анхаарууллаа. Эрдэмтдийн судалгаа агаарын бохирдол тархины үйл ажиллагаа, хэл ярианы чадварт нөлөөлж байгааг тогтоосон ч хорт утааны агууламжтай холбоотой нарийн дүгнэлтүүдийг төдийлөн гаргаагүй байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 91 улс болон бүс нутгийн 1600 хот суурины агаарын чанарт шинжилгээ хийжээ. Улмаар хамрагдсан ихэнх хотын агаарын чанар уг байгууллагын тогтоосон стандартад хүрээгүй ба хүн төрөлхтний эрүүл мэндэд эрсдэл дагуулж байгааг онцоллоо. Тус байгууллагын Олон нийтийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны газрын дарга Мария Нейра “Агаарын бохирдлоос шалтгаалж хүн эрт нас барах болсон нь хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа хамгийн хатуу сорилт” гэжээ. 4.2 САЯ ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ Агаарын тоосонцор хүн төрөлхтний эрт нас баралтын дөрөв дэх хүчин зүйл болжээ. Английн "Nature" сэтгүүлийн албан ёсны сайтад бичсэнээр агаар мандлын бохирдлын улмаас жилд 4.2 сая хүн амиа алддаг аж. Энэ нь хумхаа, ДОХ-ын халдвараар нас барж буй хүний тооноос өндөр үзүүлэлт юм. Герман, АНУ, Саудын Араб зэрэг орны судлаачид агаарын бохирдлын хүн төрөлхтөнд үзүүлж буй сөрөг нөлөөлөлд үнэлгээ хийсэн байна. "Агаарын бохирдлын өртөг" нэртэй энэхүү судалгааны тайланг Дэлхийн банк, Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн статистик үнэлгээний газрынхан хамтран боловсруулжээ. Тайланд, агаарын бохирдол нь хүн төрөлхтний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй цаашлаад хөдөлмөрлөх чадварыг хорогдуулж, үйлдвэрлэлийн үр ашигт сөргөөр нөлөөлдөг байна. Зүүн Ази болон Номхон далай, Өмнөд Ази агаарын бохирдлын улмаас жилд хүлээх нийгмийн халамжийн алдагдлаар дэлхийд тэргүүлдэг. Бүс нутгийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 7.5 хувьтай тэнцжээ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд нийгмийн халамжийн алдагдал, хөдөлмөрийн орлогын алдагдлын хэмжээ өнгөрсөн 20 жилд 40 орчим хувиар өсчээ. Агаар мандалд ялгаруулах бохирдлын хэмжээ буураагүй нөхцөлд, амь насаа алдах хүний тоо 2050 он гэхэд хэд дахин нэмэгдэж болзошгүйг судалгааны дүн харуулжээ. Тодруулбал, 30 жилийн дараа жилд 6.6 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барах аж. РМ 2.5 зэрэг тоосонцор амьсгалаар дамжин, зүрх, тархины цус харвалт, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчин үүсгэдэг ба эрт нас баралтын шалтгаан болдог. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд таван сая 500 мянган хүн агаарын бохирдлын улмаас өвчилсөн байна. Европын холбоо өнгөрсөн зууны далаад оноос эхлэн агаарын бохирдлыг багасгах ажлыг эхлүүлж, хорт бодисын ялгарлыг хянаж, шатахууны чанарыг сайжруулах арга хэмжээ авч, байгаль орчноо хамгаалах ухамсрыг зам тээвэр, эрчим хүчний салбарт оруулсан ч үр дүнд хүрээгүй. Тоосонцрын манан буюу агаарын бохирдол нь нэг орон болон хэдхэн бүс нутгийн асуудал бус, харин дэлхийн чанартай асуудал болоод байна. Зөвхөн хэдэн орон арга хэмжээ авч бохирдлыг багасгахад бэрх бөгөөд дэлхийн олон орон хамтран ажиллах шаардлагатайг “Парисын гэрээ”-нд тусгажээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)