Н.Батсайхан: Шинэчилсэн журмаар зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглосон
- 2018-08-31
- Эдийн засаг
- 2
Монголбанкнаас улс орны тухайн үеийн санхүү, эдийн засгийн статистик үзүүлэлт болон Төв банкнаас гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ долоо хоногийн хэвлэлийн бага хурлын үеэр Монголбанкны холбогдох албаны хүмүүсээс авсан зарим тодруулгыг хүргэж байна.
-Зээлийн өсөлт жилд 15.7 хувийн өсөлттэй байгааг та бүхэн хэвийн гэж үзэж байна уу?
-Стратеги судалгааны газрын захирал Д.Ган- Очир: -Бизнесийн зээл сүүлийн 2-3 сарын хугацаанд нэлээд идэвхжиж, өсөх хандлагатай байгаа нь эдийн засагт нааштай үр дүн гарч эхэлсний илэрхийлэл юм. Эдийн засгийн төрөлжилт, ажлын байрыг шинээр бий болгох үүнийг дагаад өсөлт гарах нь иргэдийн амьжиргаанд нь эергээр нөлөөлөх гол суваг болно. Өнгөрсөн зургаадугаар сард Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэр ч үүнд чиглэх нь хэрэглээний зээл нь өрхийн амьжиргаанд дарамт бий болгохоос болгоомжилж, урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Тиймээс бид өр авлагын харьцааг тогтоох (70 хувиас доош), хязгаарлах бодлого барьж, ирэх оны эхнээс хэрэгжүүлээд явна. Үүний үр дүнд бизнесийн зээлийн идэвхжилийг хангана гэж тооцож байна. Нөгөө талаар бүх төрлийн зээл өсөх магадлалтай гэж үзэж байгаа юм. Учир нь, банкуудад зээлийн эх үүсвэр хангалттай байна. Жишээ нь, Төв банкны үнэт цаасны үлдэгдлийг харахад 4.7 их наяд орчим төгрөг байгаа. Үүний хоёр их наяд төгрөгийг зээлийн зориулалтаар ашиглах боломж бий.
-Монголбанк инфляцыг 8.0 хувьд барих зорилготой байгаагаа хэлж байсан. Одоо хэдэн хувьтай байгаа вэ?
-Мөнгөний бодлогын газрын захирал Д.Баярдаваа: -Энэ оны долоодугаар сарын байдлаар нийслэлд 8.8 хувийн инфляцтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үүнийг дотор нь задалж харвал хэд хэдэн онцлог хүчин зүйл байгаа юм. Тухайлбал, байгаль цаг агаараас хамааралтай газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн буюу шинэ төмс, хүнсний ногооны ургацын нийлүүлэлт эхэлснээр наймдугаар сар хүртэл өсөлттэй байдаг үнэ ханш буурч эхэлдэг. Гэсэн ч энэ өсөлт дээрх инфляцын өсөлтийн нэг хувийг дангаараа эзэлж байна. Мөн жижиглэнгийн мод, нүүрсний үнэ өмнөх жилийнхээс 60 орчим хувийн өсөлттэй байсан нь 1.6 хувийн жинг дарж байлаа. Учир нь, хавар болохоор арай хямдардаг гэр хорооллын нүүрс түлшний үнэ эргээд хямдарсангүй.
-Энэ нь ямар учиртай байсан юм бол. Дулааны улиралд гэр хорооллынхон тэр бүр мод, нүүрс түлээд байдаггүй байх?
-Гэр хороололд хэрэглэдэг нүүрсийг хатуу түлшээр солих бодлогын арга хэмжээ, зарим уурхайн аманд тодорхой хязгаарлалт тогтоосонтой холбоотой юм. Гурав дахь хүчин зүйл нь импортын бензин шатахууны үнэ байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүн 0.8 хувийн инфляцтай байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дэх баррель нефтийн үнэ 70 орчим ам.доллар болсон ч зарим тодорхойгүй асуудал, том гүрнүүдийн эдийн засгийн харилцаа ч нөлөөлж байна. Манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг ОХУ-д гэхэд дотоодын үнэ ханш нь багагүй хэлбэлзэлтэй байгаа юм. Нөгөө талаар Засгийн газраас татварын зохицуулалтаар импортын бүтээгдэхүүний үнийг багагүй хугацаанд зохицуулж, хязгаарлаж байсан ч татварын орон зай шавхагдсан. Энэ байдал инфляцад нөлөөлж байна. Үүнээс гадна монголчуудын өргөн хэрэглээний хүнсний зүйлийн чухал хэсэг махны үнэ зуны эхэн сараас буурдаг тогтолцоотой боловч энэ жил зуншлага тааруу, хур бороо ихтэй байсантай холбогдон өмнөх онуудаас бага байсан нь инфляцыг өсгөх шалтгаан болж, 1.1 хувь нь үүнтэй холбогдож байгаа юм. Мөн согтууруулах ундааны үнийн өсөлт нийт инфляцын 0.5 хувьтай тэнцэж байна гээд тооцвол дээрх цөөхөн төрлийн бараа бүтээгдэхүүн нийт инфляц (8.8 хувь)-ын 5.1 хувийг эзэлж байна. Эндээс харвал эдийн засаг сэргэж байгаатай холбогдсон эрэлтийн хүчин зүйл нэмэгдэж, төгрөгийн ханшны сулралын нөлөө үргэлжилж байгаа тал бий. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар суурь инфляц 3.5 хувь байна. Үүнээс үзэхэд суурь инфляц Монголбанкны зорилтот хэмжээнээс давах магадлал тун бага байгаа юм. Нийлүүлэлтийн чанартай нөлөөлөл наймдугаар сард буурна гэж тооцож байна. Ялангуяа мах, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирсаар жилийн эцэст инфляц найм, магадгүй долоон хувиас ч бага байх хүлээлт байгаа юм.
-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Улмаар нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатайг тогтоосон байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?
- Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан: -Хэвлэл мэдээллээр 800 тэрбумын нэмэлт хөрөнгө хэрэгтэй мэтээр бичиж нийтэлсэн боловч Төв банкны мэдэгдэлд 510 тэрбум төгрөг шаардлагатай болохыг дурдсан. Энэ нь активын чанарын иж бүрэн үнэлгээнд тулгуурлан нэмж байгуулах сангийн хэмжээ юм. Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх арга хэмжээг шуурхай авч 128 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чадсан. Он дуустал дээрх хөрөнгийн дутагдлыг нөхөж хувь нийлүүлсэн хөрөнгөөр нэмэгдүүлж, Монголбанкнаас заасан хэмжээнд хүргэх боломжтой.
-Банкууд зээлийн хүүг урьдчилаад суутгачихдаг. Үүнийг Банкны тухай хуулиар зөвшөөрдөг юм уу, өөр зохицуулалт байдаг уу?
-Энэ шүүмжлэлийн мөрөөр Монголбанкнаас “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураах мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнгөрсөн сард шинэчлэн баталсан. Энэ журмаар хүүг урьдчилан авахыг хориглож, харилцагчдадаа нийт өртгийг шингээсэн бодит зээлийн хүүг мэдээлэх үүргийг арилжааны банкуудад хүлээлгэсэн байгаа. Үүнд Төв банк хяналт тавьж ажиллана.
Д.МӨНХЖАРГАЛ
Сэтгэгдэл (2)
zochin (202.21.100.211) 2018-08-31 hudlaa medeelel b.a bank hvvgee uridchilj absaar l b.a daa unuudur zeel absan hvvg ni abch l b.a (202.21.100.211)
(202.21.100.211) 2018-08-31 hudlaa medeelel b.a bank hvvgee uridchilj absaar l b.a daa unuudur zeel absan hvvg ni abch l b.a
zochin (202.21.100.211)
hudlaa medeelel b.a bank hvvgee uridchilj absaar l b.a daa unuudur zeel absan hvvg ni abch l b.a