Пхеньянд шахалт үзүүлэхгүй байхыг БНХАУ уриалав
- 2018-08-31
- Дэлхий
- 1
АНУ, Хятадын Засгийн газрын хооронд худалдааны маргаан үүсээд байгаа билээ. Энэ шалтгаанаар Ерөнхийлөгч Д.Трамп “Хятад улс мөнгө, түлш, бордоо болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр БНАСАУ-д ихээхэн тусламж үзүүлдгийг бид мэднэ. Энэ нь олон улсын тавцанд сөрөг үр дагавар авчирч байна” гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийн хариуд БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Пхеньянд үзүүлж буй дарамтаа зогсоохыг уриаллаа.
АНУ-ын Сангийн яамнаас Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг дэмжсэн гэх шалтгаанаар БНХАУ болон ОХУ-ын иргэн болон аж ахуйн нэгжид эдийн засгийн хориг арга хэмжээ удаа дараа авч байсан билээ. Ялангуяа Умард Солонгосын аж ахуйн нэгжтэй бизнесийн харилцаатай Хятадын нэгэн компанийн Намиби улс дахь салбар компанийн эсрэг хориг арга хэмжээ авч, АНУ дахь дансыг хааж, хөрөнгийг нь царцаасан. Түүнчлэн хоригт багтсан Хятадын хуулийн этгээдүүдийг Америкийн компани болон иргэдтэй бизнесийн харилцаа тогтоохыг хоригложээ. БНХАУ-ын эрх баригчид уг үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж Хятадын компаниудыг хавчихын тулд зохиосон хориг арга хэмжээгээ нягтлахыг шаарджээ. Мөн Пхеньянд шахалт үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүдийг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрөөгүй юм.
Б.Номуун
Сэтгэгдэл (1)
Зочин (202.21.124.21)
Тиймээ. Тусгаар хоёр улсын харилцааг АНУ хязгаарлах, хориг тавих ер нь ямар эрхтэй юм. НҮБ тийм эрхийг АНУ-д өгсиймуу. Өөрийгөө л хичээх хэрэгтэй. Дур зоргоор бусад орнуудад цэрэг, зэвсэг байршуулах, дайрч довтлох нь хэрээс хэтэрсэн байх шүү. АНУ дэлхийн "хулигаан" шиг байж болохгүй, уг нь ардчилсан улс гэж, ардчиллыг дуугарах бүртээ тунхагладаг биз дээ.