Б.Түмэнцэнгэл: Хэрэглээ бага үед худалдаа эрхлэгчид үнээ нэмэх нь ухаалаг шийдвэр биш
- 2018-09-03
- Эдийн засаг
- 0
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй “Инфляци, үнийн өсөлт” сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Монголбанк 2018 онд инфляцийн түвшинг найман хувь орчимд тогтворжуулах зорилттой. Гэхдээ долдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци 8.8 хувь болж, зорилтод түвшнээс давсан байна. Инфляци өсөхөд юу голлон нөлөөлж байна вэ?
-Долдугаар сарын эцэст инфляци улсын хэмжээнд 7.7, Улаанбаатарт 8.8 хувь байсан. Улаанбаатарт үнэ өссөн шалтгааныг авч үзвэл 8.8 хувийн өсөлтийн 4.6 нэгж буюу талаас илүү хувийг нь дөрвөн төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарлаж байгаа. Жилийн өмнөх үетэй харьцуулбал махны үнэ дунджаар 12, хүнсний ногооны үнэ 46, хатуу түлшний үнэ 50 гаруй, шатахууны үнэ 15 хувиар тус тус нэмэгдсэн нь инфляци өсөхөд нөлөөллөө. Тухайлбал, үхрийн мах гэхэд өнгөрсөн сард захууд дээр 9000-10,000 төгрөг хүрч нэг жилийн хугацаанд 20 хувиар өссөн бол төмсний үнэ 80 гаруй хувь өсч 2000 төгрөг давсан. Гэхдээ сүүлийн гурван долоо хоногийн үнийн мэдээнээс харахад мах болон хүнсний ногооны эргээд үнэ буураад эхэлсэн учраас наймдугаар сард инфляцийн түвшин буурах хүлээлттэй байна.
-Нөгөө талд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх сэдэл нийгэмд бий боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалин нэмэх гэнэтийн шийдвэрүүд инфляцийн түвшинд хэрхэн нөлөөлөх бол. Ер нь иймэрхүү гэнэтийн шийдвэрээс үүсэх үнийн өсөлтийн эсрэг ямар бодлого баримталж байна вэ?
-Одоогоор эрэлтийн шалтгаантай инфляци эдийн засгийн өсөлттэй харьцуулахад сул буюу 3-4 хувьд хадгалагдаж байгаа. Цаашид ч хэрэглээний зээл дээр тавигдах хязгаарлалтаас шалтгаалж төдийлөн өсөх хүлээлт бага тул энэ үед худалдаа эрхлэгчид үнээ нэмэх нь тийм ч ухаалаг шийдвэр биш болов уу. Инфляцид нөлөөлөгч хүчин зүйлсийг эрэлт эсвэл нийлүүлэлтийн шинж чанартай гэж ерөнхийд нь хувааж болно. Цалин орлогын өсөлтийн хувьд, худалдан авах чадварыг дээшлүүлж, эрэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Гэхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмснээр төсвийн зарлага хэр их хэмжээгээр нэмэгдэх вэ гэдгээс инфляцид үзүүлэх нөлөөлөл нь хамаарна. Энэ оны тухайд гэвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр цалингийн өсөлтөд зарцуулах төсвийн нийт хэмжээ нь 50 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ нь төсвийн зарлага, нийт эдийн засагтай харьцуулахад тийм ч өндөр дүн биш тул инфляцийг эрэлт талаас нь хүчтэй өдөөх хүчин зүйл болохгүй гэж харж байна. Хэрэв энэ дүн хэт том байвал мэдээж инфляцийг өсгөж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоо биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй учраас Засгийн газар инфляцийг өсгөх дарамт багатай хувилбарыг сонгосон болов уу. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэл 2019 оноос хэрэгжиж эхэлнэ. Үүнд хамаарах иргэд нийт ажиллагчдын 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг, хэрэглээ багатай бүлэг учраас инфляцид үзүүлэх нөлөө нь бага юм.
-Найм, есдүгээр сард хичээлийн шинэ жил, ургац гээд олон хүчин зүйлээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг. Хэрвээ цаашид инфляцийн түвшин Монголбанкны зорилтоос давсан тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Бид зөвхөн одоогийн ерөнхий инфляциас гадна, үнийн савлагаа ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн нөлөөг хассан суурь инфляци болон инфляцийн цаашдын чиг хандлагыг давхар харж байдаг. Үндэсний статистикийн хорооноос мэдээлдэг долоо хоногийн үнийн мэдээнээс харахад наймдугаар сар гараад инфляцид гол нөлөө үзүүлж байсан бүтээгдэхүүн болох мах болон хүнсний ногооны үнэ нэлээд эрчимтэй буурч байгаа. Тухайлбал, наймдугаар сарын 22-ны мэдээгээр төмс, лууван, байцааны үнэ 40 орчим хувь буурсан байна. Гантай, ургац хураалт тааруу байсан өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил ургац сайн, үнэ буурах үзэгдэл цаашид ч үргэлжлэх болов уу. Махны үнэ намартаа хямдардаг зүй тогтолтой, сүүлийн мэдээгээр 10 орчим хувиар буурсан явж байна. Мөн хатуу түлш өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн үнэ өсч эхлээд одоо бүтэн жилээ тойрч байгаа тул суурийн нөлөөгөөр инфляцид үзүүлэх нөлөө нь буурна. Өөрөөр хэлбэл, инфляцийг өсгөж байсан гол бүтээгдэхүүнүүдийн нөлөө энэ сараас эхлэн буурах төлөвтэй байна. Иймд сургалтын төлбөр, болон зарим импортын барааны үнэ бага зэрэг өслөө ч хүнстэй харьцуулахад хэрэглээний сагсанд эзлэх жин нь бага тул инфляци цаашид зорилтот 8 хувиас давах эрсдэл бага гэж тооцож байгаа. Харин шатахууны үнийн хувьд дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ, дотоодын үнийн зохицуулалтаас хамаарна.
-Эрэлтээсээ илүү нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт өндөр байна. Нийлүүлэлтийн гаралтай өсөлтийг хязгаарлах, үнэ тогтвортой төвшинд хадгалах бодлогын ямар аргууд байдаг юм бэ?
-Жишээ нь мах, хүнсний ногоо, хатуу түлш зэрэг нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ нь өсч, инфляцийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүнүүдийг аваад үзвэл үнэ нэмэгдэхэд цаг агаарын нөлөө хүчтэй байсан. Тухайн улирлын агаарын температур, хур тунадасны хэмжээ зэргээс хамаараад үнэ дээш доош хэлбэлзэх хандлага ажигладсан гэсэн үг. Иймэрхүү түр зуурын нөлөөгөөр бараа бүтээгдэхүүн хомсдох нөлөөг үнэд шингээхгүйн тулд гадаад худалдааны замаар зохицуулах арга зам байдаг. Тухайлбал, 2017 он гантай жил байснаас болж улсын хэмжээнд 50 хувь бага үр тариа хурааж авах үед Засгийн газар улаанбуудайг гаалийн албан татвараас чөлөөлөх замаар алдсан ургацаа импортоор орлуулж гурилын үнийг тогтвортой байлгахад анхаарч байсныг нэрлэж болно. Энэ мэтчилэн улс орнуудад Засгийн газрууд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр ложистик, татвар г.м. нийлүүлэлт тал дээр нь зохицуулалт хийх, эсвэл үнэд нийлүүлэлт талаас сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг бууруулах бүтцийн шинжтэй шинэчлал, арга хэмжээ авах нь түгээмэл байдаг. Харин мөнгөний бодлогын хувьд, бидний ашиглаж буй гол арга хэрэгсэл болох бодлогын хүү болон макро зохистой бодлогын арга хэрэгслүүд нь богино хугацаанд эдийн засгийн эрэлт талд нөлөөлдөг зүйл юм. Тэгэхээр ургац алдсанаас болж хүнсний үнэ өсөхөд Төв банк хариу үйлдэл үзүүлж, инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүг чангаруулах нь оновчтой биш. Зарим нэг сард инфляци өссөн үү үгүй юу гэхээсээ цаашдын чиг хандлага, ирээдүйн төлөв нь ямар байх вэ гэдэг нь мөнгөний бодлогод илүү чухал гэсэн үг.
-Эдийн засгийн идэвхжлээс үүдсэн үнийн өсөлт инфялцид нөлөөлж байна. Үүнийг мөнгөний бодлогоор дамжуулан зохицуулах арга бий юу. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Одоогоор эрэлтийн шинж чанартай инфляцийн дарамт харьцангуй бага, санаа зовох түвшинд хүрээгүй байна. Эдийн засаг сэргэх замдаа явж буй, хэт халалтын түвшинд хүрээгүй үед эрэлтийн шалтгаантай бага зэргийн инфляци бол сөрөг зүйл биш юм. Ер нь Төв банкууд ихэвчлэн бодлогын хүү эсвэл зохистой харьцааны үзүүлэлтүүдийг өөрчлөх замаар богино, дунд хугацаанд хэрэглээ, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны идэвхжилд нөлөөлж, улмаар эдийн засагт эрэлт талаас нь нөлөөлдөг. Эдийн засаг хэт халж, үнэ өсөх хандлагатай болсон үед мөнгөний бодлогыг чангаруулж эрэлтийг хумих замаар үнийг тогтвортой байлгах арга хэмжээг авдаг. Харин эдийн засгийн идэвхжил сул үед мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмждэг. Монголбанкны хувьд, сүүлийн 20 сарын хугацаанд мөнгөний бодлогын шийдвэрүүд дунд хугацааны инфляцийн зорилттой нийцтэйгээр бодлогын хүүг алгуур бууруулж, эдийн засгийг дэмжих чиглэлд явж ирсэн. 2017 оны нэгдүгээр улирлаас эхлээд өрхийн бодит орлого өсөлттэй болж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа тул эрэлтийн шалтгаантай инфляци ч ийнхүү алгуур нэмэгдэж байна. Гэхдээ үүний багагүй хэсгийг хэрэглээний зээлээр санхүүжсэн худалдан авалт дэмжиж байгааг санах хэрэгтэй. Цаашид Монголбанкны бодлого хэрэглээний зээлийг хэт өсгөхгүй байх, зээлийг ирээдүйд өсөлт бий болгох бизнесийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэхэд анхаарч байгаа. Иймд эрэлтийн гаралтай инфляци зохистой түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа!
Сэтгэгдэл (0)