Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, хүртээмжтэй болгох үүднээс хийх ажил их байна
- 2018-09-08
- Эдийн засаг
- 0
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзаж эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлага, бодлогын сорилтууд болон Төв банкнаас явуулах бодлогын талаар хөндөж ярилцлаа.
Та Монголбанкны Ерөнхийлөгчийн албыг хүлээж аваад удаагүй байхдаа өгсөн нэгэн ярилцлагадаа 2018 оны хоёрдугаар хагас гэхэд Монголын эдийн засаг тогтвортой хөгжлийн замд баттай гарсан байхын төлөө зүтгэж байна гэсэн. Таны хэлсэн тэр хугацаа одоо тохиож байна. Эдийн засагт ямар ямар өөрчлөлт гараад байна вэ?
-Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд, амаргүй олон сорилт бидний өмнө тулгарч байлаа. Ийм учраас Монголын төр эдийн засгийн бодлогын алс ирээдүйг харсан, зоримог алхмуудыг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд 2017 онд эдийн засаг тогтворжиж, энэ онд эдийн засгийн өсөлт эрчимжиж эхлэв. Монгол банкнаас төгрөгийг тогтвортой үнэ цэнэтэй байлгах, гадаад валютын нөөцийг хамгаалах зорилгоор бодлогын хүүг түр хугацаанд өсгөх амаргүй шийдвэр гаргахад хүрч байсан бол эдийн засаг тогтворжихын хэрээр бодлогын хүүг шат дараатай бууруулж одоо сүүлийн 9 жил дэх хамгийн бага түвшинд буюу 10 хувьтай байна. Энэ нь эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд мөнгөний бодлого чиглэж буйн илрэл юм. Мөнгөний бодлого зөөлрөхийн хэрээр зээлийн хүү буурч, зээл олголт нэмэгдэж байна. Зээлийн жилийн өсөлт энэ 7 дугаар сарын байдлаар 19.7 хувь байгаа нь 2013 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ялангуяа, бизнесийн зээлийн идэвхжил сүүлийн саруудад нэмэгдэж, жилийн өсөлт нь 15.7 хувьд хүрээд байна.
Инфляцийн түвшин ч Төв банкны зорилт болох 8 хувийн орчимдоо тогтвортой байна. Эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарсан нь сүүлийн 4 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэхүү өсөлтийн дийлэнхийг уул уурхайн бус салбарын өсөлтөөр хангасан нь өсөлт ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжихэд хувь нэмэр оруулж эхэлж буйн илрэл юм. Энэ оны хоёрдугаар улиралд ажилгүйдлийн түвшин 7.5 хувьтай гарсан нь 2016 оны эхнээс хойш тогтвортой буурч буй үзүүлэлт болж байна.
Эдийн засгийн харилцан уялдаатай бодлого хэрэгжүүлсний өөр нэг чухал үр дүн бол гадаад валютын нөөцийн хуримтлал юм. Өнөөдөр бид 3 орчим тэрбум ам.долларын валютын нөөцтэй болоод байна. Цаашид одоо хүрээд байгаа үр дүнгээ баталгаажуулж, эдийн засгийн өсөлт, сэргэлтийг тогтвортой байлгах, ард иргэдийн амьжиргаанд энэхүү өсөлтийн үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарна.
Та өмнөх ярилцлагууддаа ч гадаад валютын нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэхийн чухлыг онцлон дурдсаар ирсэн. Энэ сэдвээ дахин тодруулна уу?
-Монгол улс хангалттай хэмжээний гадаад валютын нөөц бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул валютынхаа нөөцийг байнга нэмэгдүүлэх бодлого баримтлах учиртай. Хэдийгээр гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.доллар (энэ нь импортын 6.1 сарын хэрэгцээ)-т хүрсэн хэдий ч, түүний хүрэлцээт түвшинг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ‘Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ.’ гэж заасан байдаг. Эхний ээлжинд ядаж тухайн үзэл баримтлалд заасан түвшинд буюу 6-7 тэрбум ам.долларт хүргэн нэмэгдүүлэх нь чухал байна. Манай улсын гадаад валютын өр төлбөрийг хугацаанд нь төлж гүйцэлдүүлэх, эдийн засгийн дархлааг хангах шаардлагын үүднээс бол валютын нөөцийг 20-30 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэх нь гол зорилт мөн.
Гадаад валютын нөөцийг энэ түвшинд хүргэн нэмэгдүүлэх нь бодлогын асуудал бөгөөд Монголбанк дангаар хийж хүч хүрэх ажил биш юм. Монголбанкны хувьд валютын нэг гол эх сурвалж болох алтны худалдан авалтыг дэмжих, мөнгөний болон ханшийн бодлогын уялдааг сайтар хангах замаар нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх бодлого баримтална. Энэ агуулгаар төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд тусгалаа олоод явж байгаа. Гадаад валютын нөөцийг дорвитой нэмэгдүүлэхдээ гадаад өрөөр бус, төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашгаар нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй. Үүнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого чухал үүрэгтэй. Монголчууд бид худалдаа, арилжаагаар амьжиргаагаа зохицуулан амьдарч байгаа атлаа тодорхой үр дүнд хүрсэн гадаад худалдааны цогц бодлогогүй, энэ асуудлыг дангаар хариуцсан яамгүй явж ирлээ. Ялангуяа дэлхийд ‘худалдааны маргаан’ хүчтэй өрнөж буй энэ цаг үед энэ асуудалд анхаарлаа түлхүү хандуулах учиртай.
-Та том гүрнүүдийн хооронд эхэлсэн ‘худалдааны маргаан’-ыг онцлон дурдлаа. Нөлөө бүхий эдийн засагтай том гүрнүүдийн хоорондын худалдааны маргааны үр дагавар манай эдийн засагт хэрхэн тусахыг Та төсөөлж байна уу?
-Манай судлаачдын хийсэн тооцоогоор гадаад орчинд гарч буй өөрчлөлтүүд нь худалдааны болон санхүүгийн сувгаар дамжаад дотоод эдийн засагт хүчтэй нөлөөлдөг буюу эдийн засгийн өсөлт, инфляцийн бараг 50 хувьд нөлөөлж болно. Иймд дотоод эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүд болох гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, санхүүгийн хуримтлал бий болгох, долларжилтыг бууруулах зэрэг асуудалд давын өмнө анхаарах ёстой. Сүүлийн саруудад гарч буй өөрчлөлтөөс харахад дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ унах хандлага гарч байна. Өнөө хэрдээ нүүрсний зах зээл дээр огцом өөрчлөлт гараагүй, манай улсын экспортод сөрөг нөлөө нь илрээгүй байна. Бидний хувьд том гүрнүүдийн бодлого, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ хэрхэн өөрчлөгдөх нөлөөллийг анхааралтай ажиглаж байна. Гадаад зах зээл дээрх өөрчлөлт хэр хүчтэй илрэхээс шалтгаалж, дотоод эдийн засагт учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын тохируулгыг цаг тухайд хийнэ.
Эдийн засгийн цаашдын төлөвт эмзэг байдал өндөр байгаа юм байна. Эдийн засгийн төлөв, сорилтыг Та хэрхэн үнэлж байна вэ?
-Эдийн засаг сэргэж, нааштай олон үр дүн гарч байгаа хэдий ч бид цаг хугацааны хувьд энэхүү ‘үүлэн чөлөөний нар’-ны тусгалыг тун овсгоо самбаатай ашиглах ёстойгоо мартаж болохгүй. Том дүнтэй гадаад өр, төлбөрүүдийн хугацааг 2021 он хүртэл хойшлуулсан, гадаад зах зээлийн таатай орчин 2016 оны сүүлээс хойш үргэлжилж байна. Олдож буй энэ нааштай цаг хугацаанд эдийн засгийн болон банк, санхүүгийн зах зээл дээр реформуудыг хийж, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг бүрдүүлэх сорилт биднийг хүлээж байгаа. Давын өмнө эдийн засгаа тогтворжуулж, цаашид өсч сэргэх орчинг бүрдүүллээ. Харин одоо гадаад сөрөг өөрчлөлтийг тэсвэрлэх санхүүгийн чадамжийг бүрдүүлэх, санхүүгийн зуучллыг үр дүнтэй гүйцэтгэх хүчирхэг банкны салбартай болох, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн макро бодлого баримтлахад чиглэсэн их ажил тулгамдаж байна. Түүнчлэн эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтүүдийг аль болох олон айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд хэрхэн хүргэх асуудал ч бодлого боловсруулагч бидний анхаарлын төвд байна.
Мөнгөний бодлогын хорооны анхны хуралдаанаар макро зохистой бодлогын арга хэрэгслийг ашиглах, ялангуяа өр, орлогын харьцааг хэрэглээний зээлийн хувьд тогтоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь эдийн засгийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа вэ?
-Монголбанк эдийн засгийн дархлааг бэхжүүлэх хүрээнд макро эдийн засгийн тогтвортой орчин, санхүүгийн зуучлал үр ашигтай хийгдэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Эдийн засгийн хэт хурдан, удирдлагагүй сэргэлт нь ‘хэт халалт’-д хүргэж, дараагийн хүндрэлийг бий болгодог. Манай эдийн засгийн сэргэлтийг даган хэрэглээний зээл хэт хурдан өсөх хандлага гарч, үүнийг дагаад хэрэглээний импорт, валютын гадагшлах урсгал нэмэгдэж байна. Эдийн засаг байнга өсөлттэй байна гэсэн итгэл дор өрхүүд хэрэглээгээ огцом тэлэх, тооцоо судалгаа муутайгаар хөрөнгө оруулалт хийх, бизнес эхлүүлэх нь эргээд өрх гэр, компаниудыг өрийн дарамтад оруулах эрсдэлтэй юм. Энэ нь богино хугацааны хэт ‘хэт халалт’, улмаар инфляцийг өдөөж, эргээд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймд мөнгөний бодлого хэрэгжүүлэгч бидний хувьд дараах хоёр алдаанаас байнга зайлсхийж ажиллахыг хичээдэг: Эхнийх нь, хэт хурдан бодлогын хариу арга хэмжээ авч бодлогыг чангаруулснаар эдийн засгийн сэргэлт, тэлэлтийн хугацааг богиносгох. Хоёр дахь нь, хэт удаан бодлогын хариу арга хэмжээ авснаас эдийн засгийн тогтворгүй байдлыг дагуулдаг ‘хэт халалт’-ын эрсдэлийг бий болгох юм. Эдгээр алдаанаас зайлсхийх нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүнд сорилт хэдий ч Монголбанкны эдийн засагчид, мөнгөний бодлогын хорооны гишүүд болон миний бие эдийн засгийн нөхцөл байдалдаа ‘зөв онош’ тавьж, тохирсон арга хэмжээг хугацаа алдахгүй авч хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Та санхүүгийн тогтвортой байдлын асуудлыг хөндлөө. Банкны салбарт хийж буй шинэчлэлийн ажлын явц ямар байна вэ?
-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад банкны салбарын хэвийн, найдвартай санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэлийн үр дагавраар банкны салбарт эрсдэл хуримтлагдаж, чанаргүй зээл өссөнөөр банкууд санхүүгийн зуучлалын үүргээ хангалттай сайн гүйцэтгэж чадахгүйд хүрсэн. Энэ нь эдийн засгийн хүндрэлийн үед банкууд зээл олгохоо зогсоож, зөвхөн Засгийн газрын болон Төв банкны үнэт цаас эзэмшдэгээр нийтлэг ажиглагдаж ирсэн. Мөнгөний бодлого нь эдийн засагт банкны салбараар дамжин нөлөөлдөг. Энэ салбарын санхүүгийн зуучлал сул байх нь мөнгөний бодлогын нөлөөг ч сулруулдаг. Иймд банкны салбарын тогтвортой байдлыг хангах, хүчирхэгжүүлэх шинэчлэлийн бодлогыг ‘Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр’-ийн хүрээнд Монголбанк хэрэгжүүлж байна.
Сүүлийн жил хагасын хугацаанд ирээдүйд илүү эрүүл, дархлаа сайтай санхүүгийн зуучлалын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн ажил өрнөж байна. Тухайлбал, олон улсын стандартаар Активын чанарын үнэлгээ хийж, салбарын гол хуулиуд шинэчлэгдэн, эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх шилжилт ид өрнөж байна. Монголбанкны зүгээс банкуудын бизнесийн үйл ажиллагаа нь олон улсад мөрддөг сайн жишгийн дагуу явагдахаас гадна, харилцагч хадгаламж эзэмшигчид найдвартай хамгаалалттай байхад анхаарч байна. Энэ хүрээнд банкуудад хийдэг хяналт шалгалтын стандарт, одоо мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байна. Түүнчлэн “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль” батлагдсан нь системийн ач холбогдолтой банкууд бизнесээ ёс зүйн өндөр хариуцлагатай хийх хөшүүрэг болохоос гадна, хүндрэл үүссэн тохиолдолд төрийн үүрэг оролцоог тодорхой болгосон тул харилцагч, хадгаламж эзэмшигч нарыг хамгаалсан зохицуулалт болсон юм. Бид цаашид ч банкны хяналт шалгалтын тогтолцоо, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Банкуудад илүү ёс зүйтэй, илүү хариуцлагатай бизнесийн зарчмыг мөрдүүлэх, харилцагчийг хамгаалахад чиглэсэн ‘Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль’-ийн төслийг боловсруулж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хуралд 10 дугаар сарын 1-ний дотор өргөн барьдаг. Ирэх онд Монголбанкнаас баримтлан явуулах мөнгөний бодлого ямар дүр зурагтай байгаа бол?
-Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцэн баталснаар Улсын Их Хуралд өргөн барьдаг болж байгаа. Мөнгөний бодлогын хорооны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Монголбанкнаас бэлтгээд байгаа төслөөр 2019 оны мөнгөний бодлого нь эдийн засгийн болон санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг хөтлөхөд чиглэнэ. Миний дээр дурдсан эдийн засгийн чиг хандлагыг харгалзсан, сорилтуудыг амжилттай даван туулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдэд голлон төвлөрч байгаа. Тухайлбал, инфляцийг зорилтот түвшинд тогтворжуулах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт түвшинг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдээс гадна санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах, олон улсад мөрдөж байгаа нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг ажлыг хийнэ.
Одоо хийж байгаа санхүүгийн салбарын реформ, санхүүгийн салбартай холбоотой ажлуудаа ч холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хийнэ. Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлагдсан ‘Зээлийн хүүг бууруулах стратеги’, ‘Чанаргүй зээлийг бууруулах стратеги’-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгох, Монгол Улсын харилцан үнэлгээний үзүүлэлтийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэл болон төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох ажлыг үргэлжлүүлнэ. Ойрын хугацаанд Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Активын удирдлагын тухай хууль болон Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.
Эдгээрээс гадна энэ жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тогтвортой санхүүжилтийн олон улсад мөрдөж буй нийтлэг зарчмуудыг банкны салбарт нэвтрүүлэх болон санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн онцлох ажлууд шинээр тусч байгаа.
Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд уншигчдад хандаж Та юу хэлэх вэ?
-Эдийн засагт сэргэлт гарч байна. Инфляци бидний 8 хувийн зорилтот түвшний орчим байна. Эдийн засгийн сэргэлт ажлын байр, цалин хөлсний өсөлтөөр иргэдийн амьжиргаанд нөлөөлж эхэлж байна. Гэхдээ бидэнд эдийн засгийн дархлааг сайжруулах, өсөлтийг тогтвортой хадгалах, хүртээмжтэй болгох үүднээс хийх ажил их байна. Монголбанкны хамт олон бид гадаад, дотоод эдийн засагт гарч буй өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байна. Бид өсөлтийг үргэлжлүүлэн дэмжих, инфляцийг тогтворжуулах болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Бидний бодлого, арга хэмжээний үр дүн айл өрх бүрийн амьжиргаанд ойрын хугацаанд тод мэдрэгдэнэ гэдэгт итгэл төгс байна.
Бидний асуултад дэлгэрэнгүй хариулж, мэдээлэл өгсөн Танд баярлалаа.
Сэтгэгдэл (0)