Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

Ам.долларын ханш 2018.08.18-ны өдөр 2467 төгрөг байсан бол ердөө сарын дараа буюу 2018.09.18-ны өдөр 2500 төгрөг болж, нэг сарын хугацаанд 33 төгрөгөөр өссөн юм. Улмаар 2018.09.18-ны өдрөөс хойшхи долоо хоногийн хугацаанд 44 төгрөгийн өсөлт үзүүлээд байна.

Төв банкны зүгээс ам.долларын өсөлтийг улирлын шинжтэй, богино хугацааны үзэгдэл гэж тайлбарлаж буй. Ам.долларын өсөлт хүчтэй эрчимжиж эхэлсэн долоо хоногийн хугацаанд Монголбанк хоёр удаагийн интервенц, нийт 52 сая ам.долларын нийлүүлэлт хийжээ. Харин банкуудаас ирсэн хүсэлтийн нийт хэмжээ 169 сая ам.доллар байгаа юм.

Монголбанкнаас “Ам.долларын ханш цаашид буурахгүй үргэлжлэн өссөн тохиолдолд Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит бусаар хуралдаж, бодлогын арга хэмжээ авах шийдвэр гаргах боломжтой. Гэвч одоогоор интервенц хийх замаар өсөлтийг ажиглах байдалтай байна. Учир нь ханшийн өөрчлөлт нь улирлын чанартай, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан шинжтэй байгаа юм” гэсэн тайлбар өгч байна.

Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл”-ийг өргөн барих үеэрээ төгрөгийн ханш ам.долларын эсрэг он гарснаас хойш 3.9 хувиар суларсан нь бусад улсуудтай харьцуулахад тогтвортой үзүүлэлт гэж тодотгов.

Тэрбээр “Аргинтены Төв банк бодлогын хүүгээ 60 хувь болголоо. Туркийн Төв банк бодлогын хүүгээ 24 хувь болгон нэмэгдүүлсэн. Дэлхий дахинд үүсээд байгаа санхүүгийн нөхцөл байдлаас үүдэж, улс орнууд бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Харин Монголбанк бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдсэн” гэж мэдэгдсэн юм.

Энд анхаарууштай нь, улс төрийн нөхцөл байдал нь АНУ-ын зуултад буй, Ерөнхийлөгчийн засаглалтай, эдийн засаг нь экстрем шинж рүү орсон Турк Улс, нөгөө талд төсөв санхүү нь бүр болохоо байж, ОУВС-д хандах ээлжит оролдлогоо хийх замаар 50 сая биллион авсан Аргентинтай улсынхаа эдийн засаг болоод Төв банкны үйл ажиллагааг харьцуулах нь хэр зөв вэ гэдэг асуулт гарч ирж байна. Одоо Аргентинд инфляци 34 хувь, Турк 18 хувь байгаа аж.

Гэтэл манай улсын инфляци 6.8 хувь, төсвийн орлого 890 тэрбум төгрөгөөр давсан, улс төрийн сонгуульгүй, бүтээн байгуулалт өрнөөгүй, зах зээл рүү мөнгөн урсгал хийгээгүй үе таарч байна. Нөхцөл байдал ийм эрс тэс өөр байхад Төв банк “Гадаад хүчин зүйлээс шалтгаалж, ам.доллар өсч байна” гэх үгээр хаацайлж, бодлогын арга хэмжээ авахгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ам.долларын ханш 500 гаруй төгрөгөөр өсчээ. Бүр 2016 оны арваннэгдүгээр сард ам.долларын ханш 2720 төгрөгтэй тэнцсэн гашуун туршлага ч бидэнд бий. Улмаар Монголбанкны ерөнхийлөгч “Монгол Улсын валютын цэвэр нөөц 400 сая доллар болсон” гэж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүү гүн хямралд орлоо” хэмээн мэдэгдсэнээс үүдэж, зээлжих зэрэглэл хоёр шатлалаар доошилж, ханшийн өсөлтийг хөөрөгдсөн “тэнэгрэл”-ийн түүх ч бий.

Одоо энэ мэт алдаагаа дахин давтаж хэрхэвч болохгүй. Дайны нөхцөл байдалтай, дөнгөж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж буй Турк, Аргентин зэрэг улсуудтай өөрсдийгөө харьцуулж, бурууг бусдаас хайж байхын оронд Төв банк яг бодитой бодлогын арга хэмжээ авах ёстой билээ.

 

Э.Энхзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)