Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөг төсөвлөсөн

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гарагт өргөн барилаа. Дараа нь ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийж, зарим онцлох зүйлийг танилцууллаа. Өнгөрсөн баасан гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ жилийн төсвийг цаг хугацаанд нь өргөн мэдүүлсэн бөгөөд анх удаа иргэдийн төсвийг Засгийн газар боловсруулсан гэж Сангийн сайд мэдээллийн эхэнд онцлов. Ирэх оны төсөвт Монгол Улсын тэнцвэржүүлсэн орлогыг 9.7, зардлыг 11.6 их наяд төгрөгөөр төсөвлөж оруулжээ. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.2 хувь байхаар тооцсон байна.

Тэнцвэржүүлсэн орлогод Тогтворжуулалтын сан, "Ирээдүйн өв сан"-гийн орлогыг оруулан тооцвол Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 11.1 их наяд хүрсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлж байгааг Сангийн сайд тодотгож байлаа. 2019 оны төсвийг боловсруулахдаа Монгол Улсын эдийн засаг буюу ДНБ- ий өсөлтийг найман хувьтай байхаар тооцжээ. 2018 оны дөрөвдүгээр сард Татварын багц хуулийг боловсруулан шинэчилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Татварын багц хуулийг хэрэгжүүлснээр эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа аж. Тухайлбал, жилийн 1.5 тэрбумаас доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн төлдөг орлогын албан татвар нэг хувь болж, жилд татварын дөрвөн тайлан гаргаж өгдөг байсныг 1-4 болгоно. Хоёрдугаарт, Монголын газрын баялгийг экспортолж байгаа бүх боомтод хяналтыг сайжруулах, рентгентэй болох, камержуулах нэгдсэн системийг улс орон даяар нэвтрүүлж, нэгдсэн нэг газраас хянадаг тогтолцоог бүрдүүлэхээр төсөвт суулгасан байна. Ингэснээр Монголоос гарч байгаа баялаг хяналттай, үүнээс авах татварыг алдагдалгүй байхаар тооцож оруулсныг дуулгалаа. Үүнээс гадна Монгол Улсын импортолдог нефтийн бүтээгдэхүүнд лабораторын хяналт хийх үүднээс ирэх оноос дөрвөн боомтод шатахууны чанарыг шалгаж тогтоодог хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг авахаар төсөвт суулгажээ. Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар өргөн мэдүүлсэн. Үүний 1.3 их наядыг гадаадын зээл тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тусгажээ. Үлдсэнийг нь дотоодын нөөц бололцоо, санхүү мөнгөн хөрөнгийн бодлогыг оновчтой авч хэрэгжүүлснээр гадна буюу дотоодоос арилжааны зээл авахгүйгээр санхүүжүүлнэ гэж үзэж байгаа аж.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар байгуулагдсанаас хойш өндөр хүүтэй арилжааны зээл аваагүй. Арилжааны банкуудад байршиж байсан Засгийн газрын бүх хөрөнгө болон зээлээр хэрэгжүүлж байгаа төслийн мөнгийг татаж Төрийн санд төвлөрүүлсэн. Үүний үр дүнд ирэх онд Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-д эзлэх хувь нь 55 болно гэж тооцож байна. Засгийн газрын өр 2016 оны төгсгөлөөр ДНБ-ий 82-83 хувьтай байсныг ирэх онд 55 хувь болгох нь Засгийн газар ажиллах хугацаандаа өрийг 25-28 хувиар буулгаж байгаа хэрэг юм. Өрийг буулгаснаар хүүнээс 285 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадсан” гэв. Мөн “Ирээдүйн өв сан”, Хөгжлийн сангаас нэг их наядын өр уламжилж авсан. “Ирээдүйн өв сан”-гийн өрийг дарж барагдуулахаас гадна анх удаа 553 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгож байгааг тэрбээр хэллээ.

ХСҮТ БОЛОН УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙГ ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ

Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөжээ. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сард 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор нийт 41 тэрбум төгрөг суулгасан байна. Эрүүл мэндийн даатгалын санг Тэтгэврийн даатгалын сангаас салгасан бөгөөд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цахимжуулах, даатгалтай холбоотой мэдээллээ гар утаснаасаа авдаг, төлбөр тооцоогоо хянах боломжуудыг бүрдүүлэх цахим тогтолцоог бий болгож байгаа юм. Түүнчлэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд бие дааж эхлэх шаардлагатай байгаа бөгөөд 2019 оны төсвөөс хоёр эмнэлгийг гаргаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ХСҮТ болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийг төсвөөс биш, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах замаар эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна орон нутгийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлж байгааг Сангийн сайд хэллээ. Ингэснээр орон нутаг өөрөө орлогоо олох боломжуудыг нь нээж байгаа юм. Тухайлбал, хайгуулын лицензийн төлбөрийн 50, агаарын бохирдлын төлбөрийн 50, газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувийг аймгууд өөрсдөө зарцуулах боломжтой болох юм байна. Ингэснээр орон нутгийн бие даасан байдал нэмэгдэнэ гэж үзжээ.

Орон нутгийн хөгжлийн сангаас төсөв дээр 189 тэрбум төгрөг буюу аймаг бүрт 8-10 тэрбум төгрөг нэмж олгохоор төсөвт суулгажээ. Ийнхүү мэдээллийн дараа Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-2019 оны төсөвт орлогын төсөөллийг хэр өөдрөгөөр харж байна вэ. Төсвийн алдагдлыг сайн бууруулж чадсан уу?

-2019 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг бид нэлээд судалсан. ОУВС-гаас дэлхийн эдийн засаг 3.9 хувиар өснө гэж байснаа сая эргэж тооцож үзээд 3.7 хувиар буюу дөрвөн сарын өмнө тооцсоноос 0.2 пунктээр бууруулсан. Үүний хүрээнд бид төсвөө бодож тооцлоо. Зэсийн үнийг 7200 ам.доллараар тооцож байсан бол 6200-гаар тооцож өөрчилсөн. Ирэх оны төсвийн орлого нэлээд чанга болсон ч энэ хэмжээний орлогыг бүрдүүлж чадна гэж тооцож байгаа. Харин алдагдлыг 1.9 их наяд төгрөг байхаар тооцлоо. Үүний 1.3 их наяд нь гадаадын зээл тусламж. Үүнд Дархан, Налайхын автозам, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, аймгийн төвүүдийн дулааны станцын санхүүжилт зэрэг багтаж байгаа. Цаана нь үлдэх 500 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын мөнгөн удирдлагыг оновчтой байлгах замаар арилжааны банкны өндөр хүүтэй зээл авахгүйгээр зохицуулж чадна гэж харж байна.

-Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Яг хэзээнээс эхлээд хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ?

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Үүнээс гадна цалингийн нэгдсэн системийг бий болгож, төрийн албан хаагчдыг цалингийн нэгдсэн системд оруулна. Ингэснээр эрүүл мэнд, боловсрол, төрийн захиргааны байгууллагын бүх албан хаагч хэдэн жил ажилласан, боловсрол, туршлага, цалингийн ямар шатлалаар хэдэн төгрөг авдаг зэргийг нь харж болно. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 80 хувьд олгохоор төсөвт суулгасан. ХНХЯ-наас хүүхдийн мөнгө авахыг хүссэн айл өрхийн тоогоор санхүүжилтийг гаргана.

-Засгийн газраас утааг бууруулах чиглэлд хэчнээн төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бэ?

-Утааг бууруулахад нийт 200 тэрбум орчим төгрөг суулгасан. Үүнээс 45 тэрбумыг нь гэр хороололд цахилгаан дулааны шугам тавих ажилд зориулна. 147 тэрбум төгрөгийг Улаанбаатарын утааг бууруулахад зарцуулна.

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.38.199)

    2018-10-02

    Инфляцийн төвшинтөй уялдуулж цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг нь чулуу хөөлгөж ээлжит хууралт хийж байна л гэж харагдаж байна. Яагаад гэвэл тэд гадаад валютийнн ханшийг өсгөдгөө өсгөчихсөн. Ирэх оноос цааш өсгөх боломж гарахгүй ханшны уналт жаахан гараад тогтвортой болно. Тэр үед инфляц өсөөгүй, тогтвортой байгаа болохоор цалинг нэмэх шаардлагагүй гэж хэлнэ гэж дотроо бодсон хэрэг биш үү?

  • (202.179.31.113)

    2018-10-02

    илүү төсөвлөх ч боломжтой.Доллароо 3500 болгочино.