Д.Тогтохсүрэн: Засгийн газар 554 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт хуримтлал болгосон

Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт 2019 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл хийх юм.

Түүнээс гадна дээрх хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцүүлж эхлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Та төсвийн төсөлтэй танилцав уу. Ер боловсруулалт хэр болсон байна вэ?

-Өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын даргад  ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Уг төсөлтэй сайтар танилцсан. Миний харснаар энэ удаагийн төсөв өмнөх жилүүдийн төсвөөс 4-5 зүйлээр давуу болжээ гэж дүгнэнэ. Эхний ээлжид төсвийн алдагдлыг эрс багасгасан байна. Энэ бол мэдээж сайн үзүүлэлт. Алдагдлыг ДНБ-ий 5.4 хувьтай тэнцүү байхаар оруулж ирсэн байна билээ.

Өнгөрсөн онд гэхэд л бид ДНБ-ий найман хувиар тооцож баталсан юм шүү дээ. 3.6 хувийн зөрүүг тийм их биш гэж харж болох ч мөнгөн дүнгээр тооцоод үзэхээр түрүү жил 2.5 орчим их наядын алдагдалтай байсныг 1.9 болгож бууруулсан  нь эерэг үр дүн. Улсын төсвийг батлахдаа  анхаарах ёстой гол зүйл нь энэ юм. Аль болох л алдагдал багатай, болж өгвөл огт алдагдалгүй төсөв баталж байвал цаашдаа Монгол Улсын хөгжилд хэрэгтэй. Айл гэрээр бодоод үзсэн ч ялгаагүй, хасах төсөвтэй байвал  түүнийг дагаад маш олон сөрөг үр дагавар гарч ирнэ биз. Тиймээс  энэ бол 2019 оны төсвийн авууштай тал. Цаашилбал, энэ удаагийн төсөвт хуримтлал үүсгэнийг би хувьдаа сайшааж байгаа. Тодруулбал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу бид уул уурайгаас олж буй орлогын тодорхой хэсгийг ирээдүйн өв сан руу оруулж байна гэсэн үг. Түүнийгээ аливаа хүндрэлийн үед гаргаж хэрэглэж байх учиртай юм. Үүнд зориулж 554 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт хуримтлал болгосон байна. Энэ бол Засгийн газар анх удаа хуримтлал үүсгэхээр болсон сайн хувилбар гэж  харсан.

-Орон нутгийн төсөв хөрөнгөтэй холбоотой хэсгийг харсан уу. Энэ тухайд чамлалттай зүйл ажиглагдав уу?

-Энэ удаагийн төсөвт харин орон нутгийн төсвийг нэлээд сайн нэмэгдүүлж өгсөн байна лээ. Үүнийг би хувьдаа 2019 оны төсвийн төслийн сайн талын нэг гэж хэлнэ.  Орон нутгийн төсвийг нийтдээ 189 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.  Өөрөөр хэлбэл, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг хангахад  чамгүй ач холбогдол өгсөн нь харагдаж байгаа юм. Нэг  аймагт дунджаар 8-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан байна. 

Орон нутаг төдийгүй, орон нутгийн хөгжлийн сангийн төсөв нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн амьдралд нэмэр тус болж байх учиртай. Түүнчлэн орон нутгаас олж буй ашигт малтмалын орлогыг орон нутагт нь өгдөг байхаар болсон байна. Энэ нь цаашдаа орон нутгийнханд тун эерэг хандлага болж таарна. Энэ бүгдээс үзэхэд ирэх оны төсвийн төслийг боломжийн хэмжээнд боловсруулжээ гэж дүгнэнэ.

-Сөрөг хүчний зүгээс эдийн засгаа солонгоруулах тухайд юу ч хийхгүй байна. 2019 оны төсвийн төслийг зөвхөн уул уурхайн орлогод түшиглэж боловсруулсан байна гэж шүүмжлээд байна л даа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Мэдээж манай улсын эдийн засгийн голлох салбар бол яалт ч үгүй уул уурхай шүү дээ. Бид тэндээс гол орлогоо төвлөрүүлдэг. Гэхдээ цаашдаа татварын шинэ орчинг бүрдүүлээд ирвэл хүрээг нь нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. Улсын төсвийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг манай намын бүлгээс Д.Оюунхорол гишүүнээр ахлуулан гаргасан. Миний хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Тиймээс  ойрын хэд хоног зөвхөн төсөв дээр сууна, нэлээд нягт ажиллах бодолтой байна. 2019 оны  улсын төсвийг сайжруулах чиглэлд ажиллана. Байнгын хороодоор хэлэлцүүлэг өрнөөд эхлэхээр  зарим өөрчлөлтийг хийж таарах болов уу гэж бодож байна.  

-Эдийн засгийг солонгоруулах боломж манай улсад хэр байна вэ. Ер нь уул уурхайгаа түшиглэж өдий хүрлээ шүү дээ?

-Манай улсын хувьд уул уурхайгаас гадна нефть байж болно. Дээрээс нь хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, эдийн  засгаа тэлэх, солонгоруулах боломж бий.  Гэхдээ ирэх жилийн төсөвт хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт хангалттай бус байсан. Миний бодлоор заавал жижиг дунд үйлдвэрийн зээлийг хэдхэн компанинд өгөөд байх нь чухал биш. Зээлийн  хүүг бууруулах, олдоц, хэмжээг нь нэмэгдүүлэх тухайд анхаарах шаардлагатай  санагдаад байдаг юм.

-Төсвийг зарлага болон сайд нарын төсөвтэй та танилцав уу. Олонх сайдын төсвийг багасгасан ч заримынх нь өндөр байна гэх юм?

-Сайд нарын хөрөнгө оруулалтыг үндсэнд нь  нэлээд багасгасан байна. Харин цалинг бололцооны хэмжээнд нэмсэн харагдсан. Нийт 20 орчим хувиар нэмэгдүүлэхээр оруулсан, тэтгэврийг 8-10 хувь байхаар тооцсон байна. Явцын дунд  хөрөнгө мөнгөний бололцоо гарвал дахин нэмэгдүүлэх талаар бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан.

-Намрын чуулган нээлтээ хийлээ. Төрийн өндөрлөгүүд нээлтэд хэлсэн үгэндээ ээлжит бус чуулганы талаар  дурдаж байсан.  Чуулган завсарласан  өдрүүдэд ээлжит бус чуулган хуралдах эсэх хүлээлт ч байлаа. Та үүнд ямар байр суурьтай байв?

-Нэгдүгээрт, ээлжит бус чуулганыг  УИХ-ын дарга зарлах учиртай. Энэ бол өөрийнх нь бүрэн эрх. Бүрэн эрхийн асуудалд би зөв эсэх тухайд тайлбар хийхгүй. УИХ-ын Тамгын газар гээд бүхэл бүтэн аппарат ажиллаж  байна шүү дээ. Хэрвээ хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн Цэцэд асуудал очиж таарна. Тийм процесс өрнөөгүй учраас би хувьдаа энэ тухайд хууль зөрчсөн үйлдэл болоогүй болов уу гэж харж байгаа.

-УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн зүгээс чуулганы нээлтийн үеэр “Засаглалын реформ хийх цаг болсон” гэдгийг онцолсон. Та хувьдаа үүнтэй санал нийлэх үү. Засаглалаа өөрчилнө гэдэг нь  Үндсэн хуультай холбоотойгоор яригдаж таарах байх л даа?

-УИХ-ын дарга М.Энхболд  болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ нэг санааг маш тодорхой  хэлсэн шүү дээ. Мэдээж   засаглалын реформ гэдэг нь Үндсэн хуулийн  өөрчлөлт юм. Миний хувьд ч тэдэнтэй санал нэгдэнэ. УИХ-ын гишүүн болсноос хойш буюу хоёр жил гаруйн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэгт орж ажиллалаа.

Энэ хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсныг хангалттай харж байна. Ер нь бид цаашдаа Үндсэн хуулиа өөрчилж байж засаглалын, төдийгүй хариуцлагын, сэтгэлгээний ядуурлаас гарах  юм. Энэ мэтээр Үндсэн хуулийг өөрчлөх нь маш олон талын ач холбогдолтой.

-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхэн төсөл дээр ажиллаад  ерөнхийдөө дууссан гэсэн. Ерөнхийлөгч, ҮАБЗ, Монголбанк зэрэг зургаан газраас санал авахаар хүргүүлсэн?

-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхэн хоёр жил гаруйн хугацаанд хэрхэн өөрчлөх, ямар заалт оруулах тухайд олон талын оролцоотой ажилласан. Ингээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эхний байдлаар өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын гишүүдэд  тарааж танилцуулсан. Ингэхэд  УИХ-ын гишүүдийн 67  нь дэмжиж гарын үсэг зурсан. Үүний дараагаар  зургаан газраас санал авахаар эхний байдлаар боловсруулсан төслөө хүргүүлсэн. Үүнд
Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ, Монголбанк, ШЕЗ, ХЭҮК-оос  хуулийн дагуу санал авах ёстой.  Тэд 30 хоногт багтаан Үндсэн  хуульд оруулах саналаа ирүүлэх учиртай. Одоогийн байдлаар дээрх газруудын зарим нь Үндсэн хуульд оруулах саналаа ирүүлсэн. Бүгдээс нь санал авсны дараагаар төсөлд тусгах эсэхийг эргэж хэлэлцээд УИХ-д  өргөн барих болов уу.

-Тэгэхээр Үндсэн хуулийг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэж ойлгож болох уу?

-Ямартай ч эхний ээлжид 2019 оны улсын төсвөө хэлэлцэж дуусгана. Хуулийн хугацаатай учраас ирэх сарын 1 гэхэд төсвийн хэлэлцүүлгийг өндөрлүүлж таарна. Харин үүний дараагаар Үндсэн хуулийг хэлэлцэх эсэхээ шийдэх байх. Өөрөөр хэлбэл, хэрвээ Үндсэн хуулийг хэлэлцэхээр болбол өөр асуудал хэлэлцэхгүй байх учиртай. Тэгэхээр одоогоор хэлэлцэх асуудлын дараалал баталсан байгаа шүү дээ. Төсвийн дараагаар хэлэлцэх асуудлаа болино гэсэн үг л дээ.
Олон нийт тусгай чуулган гэж нэрлээд байдаг л даа. Тийм биш юм. Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн л бол өөр асуудал дундуур нь оруулахгүй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвөө баталчихвал бусад асуудал нь хуулийн хугацаагүй учраас хойшлуулах боломжтой гэж ойлгож болно.

 

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.9.88.162)

    2018-10-05

    өр тавиад хуримтлал бий болгоод байгааг мунхаг би ойлгохгүй юм ,эрхэм гишүүн ээ