Н.Баяртсайхан: Сорилтын үед эдийн засгийн тэнцвэр чухал

Төв банк жил бүр УИХ-ын намрын чуулганы эхэнд ирэх ондоо баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг өргөн барьдаг. Өнгөрч буй нэг жилийн хугацааны мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн цаашдын төлөв болон 2019 онд авч явуулах үйл ажиллагааны  талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодруулан ярилцлаа.

-Дэлхийн томоохон улс гүрэн хоорондох худалдааны зөрчил маргаан, дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн уналт, нефтийн үнийн өсөлт гээд гадаад орчинд нөхцөл байдал сөрөг хандлагаар хурдтай өөрчлөгдөж байна. Яг нэг жилийн өмнө Та сэргэлт ажиглагдаж буй таатай цаг үед “Цаашдын өсөлт хөгжлийн суурь болох бодлогын реформуудаа хийх цаг” гэж мэдэгдэж байсан. Бид одоо сорилтод хэр бэлэн болсон бэ?

-Монголбанк энэ нэг жилийн хугацаанд санхүүгийнхээ тогтолцооны дархлааг сайжруулах реформуудыг хийх, валютынхаа нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит эдийн засгийн сэргэлтийг дэмжих, тогтвортой байдлыг хангахад бодлогоо чиглүүлсэн. Үр дүнд нь олон эерэг өөрчлөлт гарч байгаа хэдий ч, одоо нөхцөл байдал биднийг илүү хурдтай бөгөөд шургуу ажиллахыг шаардаж байна. Ер нь аливаа реформ хууль эрх зүйн орчин, дүрэм журмын шинэчлэлээс эхэлдэг. Иймд бид Төв банкны тухай хуулийн шинэчлэлээс эхэлсэн. Шинэ хуулиар Монголбанкны хараат бус байдлыг баталгаажуулж, засаглал, шийдвэр гаргах тогтолцоог сайжруулснаар илүү хариуцлагатай ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй болсон. Түүнчлэн Банкны тухай хуулийг дагалдах 30 орчим журам шинэчлэгдэж байна. Арилжааны банкуудад олон улсын стандартаар активын чанарын иж бүрэн үнэлгээ хийж дууссанаар санхүүгийн тогтолцоо илүү дархлаатай байх суурь нь бэхжиж байна гэж ойлгож болно. Одоо банкууд эрсдэлийн сангаа нэмэн байгуулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа тул эдийн засагт доргилт, чичиргээ үүслээ ч эрсдэл даах чадвар нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд дээшилсэн. Түүнчлэн, харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд хямралын үеийн төрийн оролцоог илүү тодорхой болгож УИХ-аас “Банкны салбарын тогтвортой байдлын тухай” хууль батлан гаргалаа. Одоо “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулж байна. Санхүүгийн салбар эрүүл, найдвартай байсан цагт хувийн хэвшлийн санхүүжилтийн нөхцөл бололцоо сайн, Монголын эдийн засаг илүү бат бэх, тулгарах сорилтод бэлэн байна гэсэн үг. Иргэд, компани, аж ахуйн нэгжүүд ч бас дор бүрнээ санхүүгийн сайн менежменттэй байж эрсдэлд бэлтгэлтэй байх нь чухал.

-Хэдийгээр эдийн засгийн гадаад орчинд “цаг агаар” муудах шинжүүд илэрч байгаа ч Монголын эдийн засаг 6.4%-ийн өсөлттэй явна. Эдийн засаг маань түүхий эдийн үнийн уналтыг дагаад огцом унах эрсдэл бий юу?

-Өсөлт хэрхэн бий болсон үйл явцыг зөв тайлбарлаваас илүү тодорхой ойлгогдоно. 2016 онд эдийн засаг царцанги гэж хэлж болох байдалд орж, зээлийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт, үнийн өсөлт бүгд сөрөг хандлагатай байснаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын орох урсгал бараг хаагдаж, өрхийн болон аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдсанаар татварын орлого буурч байсныг хүмүүс мартаагүй санаж байгаа. Харин 2017 онд уул уурхайн салбар сэргэж экспортын орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэхийн зэрэгцээ өмнөх онд 26 сая ам.доллар байсан ГШХО 1.4 тэрбум ам.долларт хүрч өсөн, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр 700 гаруй сая ам. долларын санхүүжилт орж ирсэн. Үнэ ханш ч тогтворжиж, эдийн засагт итгэл сэргэж, мөнгөний бодлогыг эдийн засгийг дэмжихэд чиглүүлсний үр дүнд банкны салбарын зээл олголт нэмэгдэн, 2017 онд 1.2 их наяд төгрөгөөр буюу 10% өссөн. Эдгээр санхүүжилт эдийн засагт шингэснээр өсөлт эрчимжиж, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр зэрэг зарим салбар эдийн засаг зогсонги байсан өмнөх оны бага сууриас 15-20% эрчимтэй өсч эхэлсэн. Гэхдээ агшилттай салбарууд ч бас байв.

Тэгвэл 2018 оны хувьд өсөлт тогтворжин, тархалт нь ч жигдэрч барилгынхаас бусад салбар өсөлттэй боллоо. Экспорт, ГШХО үргэлжлэн нэмэгдэж, банкны салбарын эх үүсвэр өсөхийн зэрэгцээ эдийн засагт итгэл дээшилсний үр дүнд зээл олголт ч нэмэгдсэнээр мөнгөний нийлүүлэлт 20 орчим хувь өслөө. Хэдийгээр өмнөх зун ган болж, залгаад зуд нүүрлэснээс үүдэлтэйгээр ХАА-н салбарын өсөлт саарсан боловч, Оюу толгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдсэн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт эерэг болсон. Боловсруулах болон худалдаа, тээврийн салбарын хувьд экспорт болон ГШХО-ын идэвхжилийн дам нөлөө, банкны зээлийн өсөлтөөр тэтгэгдэж байна. Бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, салбаруудын өсөлт жигдэрч байгаа нь татварын орлого, тэр дундаа ААНОАТ-ын орлого 30 орчим хувиар өссөнөөс харагдана. Иймд экспортын бүтээгдэхүүний үнэ зарим талаар унаж байгаа хэдий ч, 2019 онд уул уурхайн бус салбарт өсөлт хадгалагдах дүр зурагтай байна. Харин 2020 оноос цааш бизнесээ төлөвлөхдөө гадаад орчны нөлөөг сайтар тооцож үзэх хэрэгтэй байгаа юм.

-Монголбанк энэ онд эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, урт хугацаанд тогтвортой байх орчныг бүрдүүлэх зорилт тавьж ажилласан. Эдийн засгийн хэтийн төлөв, тулгарч буй сорилтыг хэрхэн төсөөлж байгаа вэ, ийм үед ямар бодлого баримтлахыг чухалд үзэж байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, эдийн засгийн нэг гол хөдөлгүүр доголдох байдал мэдрэгдэвч эдийн засгийн сэргэлт инерциэ тодорхой хугацаанд хадгалагдах тул тормоз гишгэсэн мэт огцом зогсохгүйг онцлох нь зүйтэй. Эдийн засгийг дэмжих бусад хөдөлгүүр болсон ГШХО болон банкны салбарын зээл нь өсөлтийг санхүүжүүлсээр байх болно. Тухайлбал, энэ онд 50% нэмэгдэж 1.1 тэрбум ам.долларт хүрсэн Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 онд ч энэ түвшиндээ хадгалагдах батлагдсан хуваарьтай. Мөн сүүлийн 2 жилийн бодлогын реформ, эдийн засгийн сэргэлт нь Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах нөлөөтэй байсан бөгөөд Оюу толгойгоос гадна 400 гаруй сая ам.долларын ГШХО 2018 оны эхний 8 сард орж ирсэн байна. Цаашид ч зээлжих зэрэглэлээ дээшлүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх нь мэдээж чухал. Банкны салбарын хувьд, эрсдэлийн сангуудаа байгуулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажил жигдэрснээр зээлийн тасалдал үүсгэхгүй. Засгийн газрын төсвийн төсөлд тусгасан цалингийн өсөлт, хөрөнгө оруулалтын зардлуудын өсөлт нь эдийн засгийг дэмжих нөлөөтэй гэж үзэж байна. Мөн ханшийн өөрчлөлтөөс гадна хэрэглээний зээл болон валютын зээлийн талаар явуулж буй макро зохистой бодлого нь эдийн засгийн дотоод болон гадаад тэнцлийг алдагдуулахгүй байхад түлхэц үзүүлнэ.

Иймд бидний сүүлийн тооцооллоор эдийн засгийн өсөлт 2019 онд 5.0%-8.5% орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна. Гэхдээ түүхий эдийн зах зээл тодорхой бус байгаа энэ нөхцөлд өндөр өсөлт гэхээсээ илүүтэйгээр эдийн засаг тэнцвэртэй байж, аливаа гэнэтийн шок чичиргээнд автахгүй байх нь чухал. Ингэснээр тогтвортой өсөлт бий болох, өсөлт ард иргэдийн амьдралд хүртээмжтэй байх нөхцөл бүрдэнэ. Мөнгөний бодлогын хувьд бодлогын хүүний зээл болон хүүнд нөлөөлөх суваг хүчтэй хэвээр байгаа. Үүн дээр нэмээд макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлж эхэлснээр бодлогын нөлөөллийг дээшлүүлэхийн зэрэгцээ эрсдэлийг хязгаарлах боломжийг нэмэгдүүлж байна. Энэ үед өсөлтийг санхүүжүүлэх нэг гол суваг болох банкны салбарын зээлийг эдийн засгийг тэнцвэртэй байлгахад чиглүүлнэ. Тухайлбал, хэт хурдтай өсч байгаа хэрэглээний зээлийг тогтвортой бөгөөд эрсдэл хуримтлуулахгүй түвшинд хязгаарлан барих, санхүүгийн нөөцийг бизнес эрхлэгч ААН-ууд руу чиглүүлэх бодлогыг баримтална. Энэ нь өрхийн өрийг хэт өндөр түвшинд хүргэхгүй байх, ирээдүйд өсөлт бий болгох бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжих, банкны балансыг илүү эрүүл байлгах, хэрэглээг зохистой байлгах зэрэг давхар олон эерэг нөлөөтэй бөгөөд эдийн засаг тэнцвэртэй байхад чухал юм.

-Эдийн засаг 6% өсч байгаа хэдий ч бараа үйлчилгээний үнэ өссөөр байна. Шатахууны үнэ өсөхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа нөхцөлд инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж чадах уу?

-Инфляци өнгөрсөн оны 2-р хагасаас өсч, сүүлийн байдлаар /2018.08 сар/ улсын хэмжээнд 6%, Улаанбаатарт 6.4% байна. Дефляциас гарч, инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байгаа нь нэг талаас эдийн засаг сэргэж, зогсонги байдлаасаа гарсны илэрхийлэл юм. Харин зарим сард үнийг өдөөж байгаа хүчин зүйлс нь ихэвчлэн цаг агаарын нөлөө, татварын өөрчлөлт, нефтийн үнэ зэрэг нийлүүлэлтийн гаралтай тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх шаардлага бага байв. Төв банкны 8%-ийн инфляцийн зорилт маань бодлогын хүүг бууруулж 10% хүргэж бодит эдийн засгийг дэмжих бололцоог олгосон. Цаашид төрийн албан хаагчын цалин нэмэгдэх боловч ирэх оноос макро зохистой бодлогоор хэрэглээний зээлийн хурдтай өсөлтөд хязгаарлалт тавиад эхлэх тул инфляцид үзүүлэх эрэлт талын дарамт тэнцвэржих болно. Эдийн засагт сэргэлт бий болоод тийм ч урт хугацаа өнгөрөөгүй тул халалтын шинж тэмдэг бага, эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг шингээх орон зай бий бөгөөд Төв банк дунд хугацаанд инфляцийн зорилтот түвшнийг хангахад чиглэсэн бодлого баримтална.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогынхоо хүүг нэмэгдүүлж, ам.долларын ханш чангарах хандлага үргэлжилж, хөгжиж буй орнуудын валютын ханш сулрах хандлага ажиглагдаж байна. Энэ үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгах ямар арга хэмжээ авах вэ?  

-Ханшийн өөрчлөлт нь инфляцид ч, санхүүгийн тогтвортой байдалд ч чухал нөлөөтэй тул огцом савлагаа үүсгэхгүй байх тал дээр Төв банк анхаарч ажилладаг. Харин сүүлийн 2 улиралд ажиглагдсан ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулралтыг төлбөрийн тэнцэл буюу эдийн засгийн суурь хүчин зүйлстэйгээ нийцтэй хөдөлж байна гэж үзэж байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай үед ханшийг тогтмол байлгахыг зорин хүчээр барих гэж оролдох нь алсдаа илүү сөрөг үр дагавартай. 2018 оны хувьд Чингис, Димсам бондын гадаад төлбөр хийгдсэн, мөн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор импорт 40 гаруй хувийн өсөлттэй явж ирлээ. Импортыг задалж үзвэл олон жил үйл ажиллагаа нь царцанги байсан ААН-ууд хөдөлж, техникийн шинэчлэл хийж эхэлж буй нь илт мэдрэгдэж байна. Цаашдаа валютын орлого, өсөлтийг бий болгох тоног төхөөрөмж, бүтээн байгуулалтад ашиглах материалууд нь ГШХО-оор санхүүжиж байгаа учир санаа зовоохгүй байгаа. Харин эдийн засаг сэргэхийн хэрээр хэрэглээний импорт 30%-ийн хурдтай нэмэгдэж байгааг интервенци хийж дэмжих нь алсдаа ханш огцом савлах эрсдэлийг хуримтлуулах тул одооноос тогтворжуулах нь зүйтэй.

 Ханш уян хатан тогтох нь шокоос хамгаалж, экспортын өрсөлдөх чадварыг дэмжиж, хэрэглээг зах зээл өөрөө үнээр зохицуулж буй нэг хэлбэр шүү дээ. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал оршиж буй энэ цаг үед бид валютынхаа байгаа нөөцийг гамнах учиртай. Гэхдээ үүнийг “Төв банк юу ч хийхгүй ажиглаад сууж байна” гэж ойлгож болохгүй. Өмнө хэлсэнчлэн бодлогын хүүний мөнгөний нийлүүлэлтэд үзүүлэх нөлөө сайжирснаас гадна, Монголбанк макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх мандаттай болсон тул ханшийг огцом савлуулахгүй байлгах бололцоо дээшилсэн. Гэхдээ энэ нь шууд илрэн харагдах зүйл биш.

 Төгрөг болон валютын эх үүсвэрийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг ялгаатай тогтоосон, валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгож өсгөсөн, хэрэглээний зээл дээр 30 сарын хугацаа болоод 70%-ийн өр орлогын хязгаарлалт хийсэн зэрэг арга хэмжээ нь цаашид ханшийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй. Эдгээр шийдвэр нь иргэд, импортын бизнес эрхлэгчид болон банкуудад шууд хүлээж авахад амаргүй тул 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэхээр тодорхой хугацаа өгсөн. Гэхдээ ханшийн огцом дарамт үүсвэл нийт эдийн засагтаа сөргөөр нөлөөлөх тул энэ бол уухаас аргагүй гашуун эм юм.

-Ирэх онд Монголбанкны хэрэгжүүлэх бодлого санхүүгийн тогтолцооны дархлааг бэхжүүлэх, цаашид эдийн засгийг тэнцвэртэй байлгахад чиглэнэ гэж ойлголоо. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт өөр ямар онцлог зүйл байна вэ?

-Төв банкны тухай хуулиар Монголбанкинд ногдуулсан үндсэн зорилтын хүрээнд бид инфляцийг 8%-ийн зорилтот түвшинд хадгалж, санхүүгийнхээ тогтолцоог илүү хүчирхэг болгоход чиглэсэн арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх нь бидний үндсэн зорилго. Үүнээс гадна, техник технологийн дэвшил хурдацтай өрнөж, байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудлууд ч дэлхий даяар яригдаж буй энэ үед зохицуулагч байгууллагын хувьд зах зээлийн шинэ талбарыг дэмжиж хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Иймд энэ удаагийн бодлогын баримт бичигт “Тогтвортой санхүүжилт” болон “Финтек” зэрэг сэдвийг хөндсөн зорилт тусгагдсанаараа шинэлэг болж байна. Бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг оны эхэнд байгуулж, энэ сэдвээр олон улсын туршлагыг судлах, дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй энтрепренёр, хөндлөнгийн мэргэжилтнүүдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсох уулзалт, хурлуудыг хийсэн. Бодлого боловсруулагч хаалттай, хайрцаглагдсан байж болохгүй бөгөөд Монгол орны төлөө зүрх сэтгэл нь цохилж буй мэдлэг туршлагатай хөндлөнгийн мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох учиртай. Мэдлэг мэргэжилтэй хүмүүс ч өөрсдийн дуу хоолой, мэргэжлийн бодит дүгнэлтээ нийгэмд хүргэх үүрэгтэй. Энэхүү бололцоог бид нээж өгч, бодлогодоо ч тусгаж байна. Үүнээс гадна Монголбанкнаас зохион байгуулдаг онол практикийн хурлуудад оролцох, “Мөнгө санхүү баялаг” сэтгүүлд судалгааны ажлаа нийтлүүлэх, эсвэл олон нийтэд чиглэсэн “Монголбанкны мэдээлэл” товхимолд ч ярилцлага нийтлэл хэлбэрээр санаа бодлоо хуваалцах боломжтой. Монголын нийгэмд санхүү эдийн засгийн мэдлэг боловсрол дутмаг байгаа асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн эрдэмтэн судлаач, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн хувь нэмэр чухал юм. Төв банк бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнгээс гадна олон нийтийн санхүү эдийн засгийн  мэдлэгт хувь нэмэр оруулах нь нийгмийн хариуцлагатай байдлын илрэл гэж үзэж байгаа. Иймд “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-өө үргэлжлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна.

-Монголбанк хэвлэл мэдээлэл болон олон нийтэд илүү нээлттэй болсон нь мэдрэгддэг. 2019 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичигт олон нийттэй харилцах сувгаа хөгжүүлэх талаар ямар заалт тусгасан бэ?

-Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үндэс нь өөрөө нээлттэй ил тод, хариуцлагатай байх бодлого юм. Бидний боловсруулж, хэрэгжүүлж буй бодлого ил тод байснаар эдийн засгийн мэргэжилтэн, судлаач, олон нийтийн зүгээс илүү хяналттай байна гэсэн үг. Хяналттай үед шийдвэр гаргалт ч илүү рациональ байна. Энэхүү эргэх холбоо нь эцсийн дүндээ сайн бодлого шийдвэр болж хэрэгжсэнээр нийтийн эрх ашигт, нийгмийн сайн сайханд чухал тусгал нөлөөтэй. Иймд олон нийттэй харилцах нээлттэй сувгаа улам сайжруулахад Монголбанк онцгой анхаарч байна, энэ талаар зохион байгуулж хэвшсэн ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Инфляцийн тайлан, мөнгөний бодлогын мэдэгдэл зэрэг стандарт хэрэгслүүдээ сайжруулахаас гадна, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй олон нийтэд мөнгөний бодлогыг ойлгомжтой тайлбарлах контентууд болон сувгийг хөгжүүлэх ажил хийх болно. Зөвхөн эдийн засагчид, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдээс гадна ажил амьдралд нь мөнгөний бодлого нөлөөлдөг иргэд олон нийт, аж ахуйн нэгж компаниуд ч эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлогын зорилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Монголчууд ажил амьдралдаа хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргахад суурь нь болох мэдлэг, мэдээллийг Төв банк хуваалцахыг зорьж байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг хэрэглэгч, бизнес эрхлэгч, санхүүгийн байгууллага, хууль тогтоогч бүгд өөр өөрийн өнцгөөр харилцан адилгүй хардаг. Уг нь нэг л эдийн засгийн орчинд аж төрж байгаа улс тул та бид бүгд нэг зүг чигт харж, нөхцөл байдлыг бодитой үнэлж цэгнэж, тулгарч болох сорилтыг хамтран даван туулж, эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилд хүрч чадна.

Тодорхой тайлбар өгсөн Танд баярлалаа!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)