Т.Доржханд: Бид 6.3 тэрбум ам.долларын валютын нөөцийг "ууршуулсан" гашуун түүхийг давтаж болохгүй
- 2018-10-24
- Эдийн засаг
- 0
ОУВС-ийн эдийн засагч асан Т.Доржхандтай ярилцлаа.
-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд инфляцийг найман хувь орчимд тогтворжуулах, дунд хугацаанд зургаан хувь руу бууруулах зорилт дэвшүүлээд байна. Инфляцийг тогтворжуулах гэдэг үгийг Монголбанк сүүлийн хоёр жилд онцолж байгаа. Тогтворжуулснаараа эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье.
-Санхүүгийн секторын онцлог гэж бий. Санхүүгийн сектор огцом хурдтай, өсөлттэй байснаараа улс орон хөгждөг гэсэн ойлголт байхгүй. Ямар нөхцөлийг шаарддаг вэ гэхээр санхүүгийн сектор тогтвортой л байх ёстой. Үүнтэй уялдаад аливаа нэг гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн өсгөх арга хэмжээг төлөвлөхөд маш ойгомжтой, тийм нөхцлийг бүрдүүлэх ёстой. Санхүүгийн сектор эрүүл, тогтвортой байх ёстой. Нэг жил, таван жилийн дараах орчин тогтвортой байх юм бол аль болох урт, дунд хугацааны хөрөнгө оруулалтууд тухайн улсыг чиглэдэг. Энэ нь эргээд ажлын байрыг бий болгож, эдийн засгийн тэлдэг давуу. талтай. Байшингаар ярих юм бол өндөр, сайхан байшинг Монголбанк бариад байх шаардлага байхгүй, сууриа л сайн цутгах хэрэгтэй. Үүнтэй уялдуулаад бодлогын хүрээнд аливаа улсуудын төв банк инфляцийг онилдог уламжлалт бодлогоор олон жил явж ирсэн. Үүнийг хийж хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Бидний үүх түүхэнд гурван оронтой инфляци ямар их үр дагаврыг учруулж байсныг улс орноороо мэдэрч байсан. Инфляцийг аль болох нам дор түвшинд, тогтвортой барина гэдэг бол чухал үзүүлэлт. Гэтэл бүр их дор түвшинд барьсан Япон зэрэг улсуудын хувьд эсрэгээрээ эдийн засаг нь тэлж өгөхгүй, хэрэглээ нь хумигдаад, үр дүнд нь дефляцийн асуудалд орчихдог. Хэрэглээгээ дэмжихийн тулд Засгийн газар нь бодлогын арга хэмжээнүүдийг байнга хийж байдаг. Энэ утгаараа зохистой түвшин гэдэг ойлголт гарч ирнэ. Тэгэхээр, Монгол Улсын хувьд 5-6 хувийн түвшинд дунд хугацаандаа инфляцийг барина гэдэг бол тооны хувьд зохимжтой тоо гэж харж байна. Тэгэхээр бид өнөөдөр дүгнэлт хиймээр байгаа юм. Яагаад хоёр, гурван жилийн өмнөх хоёр хувийн инфляцитай байсан дүр зураг маань өнөөдөр найман хувь руу ороод ирэв гэж.
Яагаад энэ оны эхэнд нам дор байсан инфляци оны сүүл рүү өсчихөв гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Миний ажиглаж байгаагаар банкуудын зээл олголтын түвшин өмнех онтой харьцуулахад 20-30 хувийн өссөн байна. Яагаад ингэв Засгийн газар өмнө нь их хэмжээний үнэт цаасыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх байдлаар гаргадаг байсан. Гаргасан эх үүсвэрээ цалин, тэтгэвэр, тэтгэмжид хувиарладаг байсан. Маш өндөр хүүтэйгээр банкуудад дэмжлэг байдлаар өгдөг байсан.
Үр дүнд нь банкууд өөрсдийн зээлийн шугамыг хувийн секторт гаргахгүй өндер үр ашигтай, ямар нэгэн эрсдэл байхгүй, үйл ажиллагааны зардалгүй Засгийн газрын үнэт цаасыг аваад хувийн сектороо хатааж эхэлсэн. Энэ Засгийн газрын зөв бодлого нь юу байсан вэ гэхээр, төсвийн сахилга батыг сахих замаар аль болох төсвийн тодотгол хийхгүй, нөгөө талдаа төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд өндөр хүүтэй урт хугацааны санхүүжилтийг дотоод зах зээл дээрээс татахгүй байх бодлогыг баримталлаа. Үр дүнд нь банкууд өөрийн эх үүсвэрийг хувийн секторт гаргаж байна.
-Үүнийг дагаад инфляци тодорхой хэмжээгээр өсч байна гэж үү?
-Үр дүнд нь хэрэглээгээ дагаад инфляци өсч байна. Зах зээлийн бүтцийг авч үзэхэд хэрэглээнд зарцуулсан зээлийн хувь хэмжээ өндөр байна. Нэг талаасаа хэрэглээгээ дэмжээд ирэхээр эрэлтийн инфляци бий болж байна. Нөгөө талдаа, ханшид нөлөөлж байна. Аливаа улс бараа, тоног төхөөрмж, үйлдвэрлэлийн шинж чанартай бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй болохоор урд хөршөөс импортолдог. Зээл авсан иргэн Дорж гэдэг хүн урагшаа Эрээн хотод очиж тоног төхөөрөмж авдаг. Энэ нь эргээд төлбөрийн тэнцэл дээр ачаалал үүсгэж байна. Эргээд ам.долларын гадаад валютын эрэлтийг бий болгож үнийг өсгөж байна. Импортыг нэмэгдүүлснээр ханшид нөлөөлж байна. Огцом зээлийн өсөлт инфляци болон ханшийн дарамтыг нэмэгдүүллээ гэж харж байна.
-Ийм нөхцөлд Төв банк ямар байдлаар ажиллах нь ёстой вэ. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр хэрэглээний зээлд өр орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалтыг тогтоох, мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрүүд гаргасан. Энэ шийдвэрүүд нь бодлогын оновчтой шийдэл байдлаар тусч чадаж байгаа болов уу?
-Дэлхийн маш олон Төв банкууд бодлогын олон янзын арга хэмжээнүүдийг авч байна. Долоо хоногийн өмнө ОУВС-ийн жилийн уулзалтад оролцоод ирлээ. Өмнөх хурлуудаас онцлог нь юу вэ гэхээр хоёр дахин их хүн оролцсон. Маш их ач холбогдол өгч байна. Төв банкны удирдлагууд, Сангийн яам болон зарим улсын төрийн тэргүүнүүд нь оролцож байна. Яагаад ингэв гэсэн, ирэх жил маш сонин жил болох нь. Дэлхий ертөнц дээр сонин үзэгдлүүд бий болж байна, тогтвортой биш, тодорхой бус байдал нэмэгдэж байна. Тухайлбал, газрын тосны үнийн өсөлт, хоёр том эдийн засгийн хооронд худалдааны зөрчил, дэлхийн хамгийн том эдийн засгийн мөнгөний бодлогын хүүгийн өсөлт зэрэг байна. 2015 оноос хойш өслөө. Цаашид ч өсгөнө гэдгээ зарласан. Оны сүүлд 2.5 хувь, ирэх жил дунджаар гурван хувьтай болно гэсэн хүлээлт үүссэн. Үр дүнд нь хөгжиж байгаа эдийн засгаас хөрөнгө татагдаж, хөгжилтэй орны эдийн засаг руу хөрөнгө явж байна. Үүний тусгал долоо хоногийн өмнө Хөгжлийн банкны гаргасан 500 сая ам.долларын бондын хүү 7.5 хувиар , тогтлоо. Энэ орчинд амжилттай боломжийн хүү боловч өмнөх бондуудаас хуүгийн түвшин өссөн байгаа. Тодорхой бус байдлууд үусээд байна. Энэ нь хоёр байдлаар дарамт үзүүлээд байна гэж Төв банкны нэлээд олон удирдлагууд хэлэлцүүлэг хийж, бодит байдлаа ярьж байна. Сорилтууд бол байна. Энэ сорилтуудыг давахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байна. Зарим улсад ханшаар дамжуулан үнийн өсөлт бий болж байна. Хөгжсөн орнуудад эдийн засгийн халалт бий болж, ажлын байр тодорхой түвшинд нэмэгдсэн, өрийн дотогшлох урсгал явж байгаа учир бодлогын хүүгээ өсгөж байна. Гэтэл эсрэгээрээ хөгжиж байгаа орнуудад хөрөнгийн асуудал үүсэх, хөрөнгийн гадагшлах урсгал явагдаж, төлбөрийн баланс дээр нь ачаалал ирэх, маш олон улсын валютууд америк долларын эсрэг суларсан байна. Тухайн улсын валютын сулрал нь эргээд инфляцид нөлөөлж байна. Ийм байхад бид юу хийх вэ гэж дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлж байна.
Нэгдүгээрт, чухал асуудлуудыг улс төрийн түвшинд нь шийдэх хэрэгтэй. Ялангуяа, эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа асуудлуудыг дипломат аргаар шийдвэрлэх зүйтэй гэсэн ерөнхий дүгнэлт хэлж болно.
Хоёрдугаарт, хоёр том орны зөрчил цаашид үргэлжлээд байх юм бол өөрсдөд нь үр дүнгүй, мөн энэ хоёр зах зээлээс хамаардаг улс орнуудын эдийн засагт ч хохиролтой байна. Үүнийг маш яаралтай эцэслэх хэрэгтэй гэсэн байр суурь байна.
Гуравдугаарт, эдийн засаг нь хэт халаад байгаа АНУ-ын Төв банкны хувьд илүү гадагшаа чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Зөвхөн Америкт л ажлын байр, хөрөнгө татах урсгалыг бий болгоно гээд байх юм бол энэ дэлхий дээр донсолгоо үүсгэж байна. Дээрх гурван том асуудал дээр ийм байр суурьтай байна. Төв банкны банкируудын хувьд нэгдсэн ойлголтод хүрсэн зүйл нь уламжлалт бодлого маань явахгүй байна. Уламжлалт бодлого гэдэг бол инфляцийг онилох. Инфляцийг онилдог бодлогоос дутуугүй ач холбогдолтой бодлогыг бид авч хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй гэж үзсэн. Энэ бол ханш гэж байгаа. Хорин жилийн өмнөх дэлхий, 20 жилийн дараах дэлхий өөр болчихоод байна. Илүү их өөр хоорондоо холбогдчихсон, хөрөнгийн урсгал нь чөлөөтэй хурдтай шилждэг болчихсон, ийм онцлогтой дэлхий болсон байна. Ийм байгаа учраас бие биендээ нөлөөлөх ханшийн нөлөө байна. Бид ханшийг тогтвортой байлгах аливаа арга хэмжээг авах нь зүйтэй. Үүн дээр банкирууд санал нэгдэж байгаа.
-Монголбанкны зүгээс эдийн засгийн тодорхойгүй орчинд валютын нөөцөө аль болох нэмэгдүүлж, болгоомжтой хөдлөх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байгаа. Таны түрүүн ярьсан олон улсын нөхцөл байдалтай уялдуулаад үзэхэд энэ хоёр бодлогын алийг нь авч явах ёстой вэ?
-Ханшийг аль болох тогтвортой байлгах бодлогыг барих хэрэгтэй. Гэхдээ нөөцөө хадгалах зарчмаар. Гадаад валютын нөөц гэдэг бол аливаа улсад шокийг зөөлрүүлдэг зүйл.
Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хямрал тохиолдоход хамгийн их нөөцөө сайн бүрдүүлсэн, хамгааалтаа үүсгэж чадсан улс эрүүл сарууп, хохирол багатайгаар хямралыг даван туулдаг. Бидний хувьд нөөцийг аль болох ихэсгэх бодлого барих нь зүйтэй.
Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал дээр аваад үзэхэд нэг талаасаа их хэмжээний зээл гаргаад байна. Банкууд нь 20 их наяд төгрөгийн зээл, банк бус санхүүгийн байгууллага нь 1.1 их наяд буюу 22 их наядын зээл зах зээл дээр эргэлдэж байна. Нөгөө талд нь улсын төсөв байна. Улсын төсөв ирэх жил 2.2 их наядаар өссөн. Энэ нь тэлэлт явагдаад байна. Бодит секторт банкууд нь мөнгөө хийдэг, төсөвт арга хэмжээнүүдийг Засгийн газар нь хийгээд ирэхээр зах зээл дээр их хэмжээний төгрөг бий болно. Эргээд төлбөрийн баланс дээрээ дарамт учруулж, их хэмжээний доллар нэхнэ.
Долларын интервенц хийгээчээ гэдэг шаардлагыг Монголбанк болон Засгийн газарт тавина. Үр дүнд нь 2014,2015 оны жишээ дахиад давтагдах гээд байна.
Тэр үед бид 4.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан, Үүн дээр нэмэх нь Хятадын Ардын банкны 2.3 тэрбум ам.долларын своп хэлцэл гээд үндсэндээ 6.3 тэрбум ам.долларыг "ууршуулчихсан". Үр дүнд нь ханшаа хоёр дахин алдаад 1200-1300 байсан бол хоёр, гурван жилийн дотор 2500 болгосон. Үндсэндээ 2016 онд улс орны хэмжээнд дефолт зарлах хэмжээний нөхцөл бүрдсэн байсан.
Монгол хүмүүс дефолт гэдгийг тойроод гарсан болохоор мэдэхгүй байх шиг байна. Аргентин дефолт зарлаж байсан. Үүний дараа юу болж байсан бэ гэхээр тухайн улсын үнэ цэнэтэй бүх хөрөнгүүдийг царцааж, өөрийн болгох процесс явсан. Жирийн хүний хувьд картаа бариад АТМ дээр очиж мөнгө авах гэтэл мөнгө гарч ирэхгүй байх жишээний. Тэгэхээр улсын болоод хувь хүний үнэ цэнэтэй бүх хөрөнгө нь тухайн өрөндөө царцаад, гацчихдаг. Аливаа улсын хувьд үүнийг хүсээд байх зүйл биш. Дефолтод орох хэмжээний ийм л муу түүх бидэнд бий. ОУВС-гийн хөтөлбөр орж ирсэн. Энэ бол богино хугацааны хөтөлбөр байдаг. Энэ удаад бид гүнзгий хямарсан байсан учир дунд хугацааны бүтцийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Миний бие тухайн үед ОУВС-нд ажиллаж байсан. Бусад улсуудын хүндрэлтэй байдал ямар байдаг вэ, ямар тохиолдолд ямар хөтөлбөрийг ОУВС-гаас үзүүлэх нь зүйтэй вэ гэдэг дээр маш их ажиллаж байсан. Хямралын түвшин гайгүй үед Stand by хөтөлбөрийг оруулж ирэх нь зүйтэй гэж байсан. Түүнээс өмнө PLL гэж ярьдаг хөтөлбөр бас байдаг. Маш олон хувилбарууд бий. Харамсалтай нь манай улс хямрал нь гүнзгийрээд бүтцийн шинж чанартай болсон, сайхүүгийн сектор нь маш муу, төсөв нь сахилга батгүй, дээрээс нь төлбөрөө гүйдэт төлөх чадваргүй болсон байсан тул энэ хөтөлбөрийг оруулж ирсэн. Тэгэхээр валютын нөөц гэдэг маш чухал зүйл. Төлбөрийн баланс алдагдалгүй байвал сайн. Алдагдалтай байх юм бол эргээд л эдийн засагт богино хугацаанд дарамт авчирдаг аюуптай зүйл. Тийм болохоор ханшийн бодлого дээр анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн үед Засгийн газрын түвшинд хийгдэж байгаа зарим нэг мэдэгдлээс харахад бензин шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор өмнөх Засгийн газар шиг үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв байж гэх хандлага байна. Ийм бодлого хэрэгжүүлэх шаардлага байна уу?
-Аливаа нэг бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх байдлаар хэзээ хүртэл явах вэ эсвэл ард түмэндээ мөнгө тараадаг халамжийн бодлого, зохицуулах гэж оролдсон байдлаас болоод эдийн засаг улам л гүнзгий намагт шигдээд байна. Тэгэхээр бид 1990 оноос зах зээлийн эдийн засаг гэдэг системийг хүлээж аваад, энэ системээрээ цаашдаа хөгжлийн асуудлаа шийдээд явна гэж байгаа бол тууштай байх. Өргөн хэрэглээний бараанд гол хувь эзэмшдэг мах, цахилгаан,бензин шатахууны үнийг төрөөс барьдаг, үр дүнд нь тухайн салбар нь хөгждөггүй, хөрөнгө оруулалт хийгддэггүй, байнгын өртэй байдаг. Нөгөө талдаа шатахууны компаниудад маш бага ханшаар ам.доллар өгдөг, тэрийг буцаагаад зарах тохиолдол байсан. Зохисгүй үзүүлэлтүүд ард нь байдаг зүйлсээсээ татгалзах хэрэгтэй. Зарчмаар нь явуулах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс компаниудад мөнгө өгдөг, нөөцөлдөг энэ байдлыг тодорхой түвшинд хязгаарлах. Санаа нь, компаниуд нөөцөлдөг байх ёстой. Урт хугацааны стратеги аваад явах хэрэгтэй. Нөгөө талдаа Улаанбаатар хотын түгжрэл гээд нийгмийн асуудал байна. Гэтэл, хичнээн зам тавиад энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Эдийн засгийн хөшүүргийг нь ажиллуулахаас өөр арга байхгүй. Цахилгаан машин руу гаа орно.Энэ бол зөв байна. Энэ нь Улаанбаатар хотын агаарт хэрэгтэй. Утаа хаясан олон жил машин унадаг, тэр нь эргээд газрын тосны компаниудад ашиг өгдөг. Алийн болгон ингэж явах юм бэ.
Э.МИШЭЭЛ
Сэтгэгдэл (0)