Эдийн засаг 6,4 хувийн өсөлт зааж, улсын төсөв 349.2 тэрбумын ашигтай гарав
- 2018-11-16
- Эдийн засаг
- 0
Манай улсын эдийн засгийн өсөлт эхний 9 сард 6,4 хувийн өсөлт үзүүлээд байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээнд дурджээ. Энэ бол өмнө таамаглаж байснаас давсан үзүүлэлт юм. Энэ өсөлтийг ирэх 2019 онд хэвээр хадгалагдана гэж тооцож байгаа бөгөөд бүр 8 хувьд хүрч магадгүй гэсэн таамаглал байгаа юм.
Эдийн засаг өснө гэдэг сайн хэрэг. Харин ямар учир шалтгаанаар энэ өсөлтөө хангаж байна вэ гэдэг нь огт өөр асуудал. Уул уурхай гэсэн ганцхан тулгуурт эдийн засагтай манайх шиг оронд иймэрхүү өсөлт үндсэндээ эрдэс түүхий эдийн үний өсөлт болон эрэлт нэмэгдснээр илэрхийлэгддэг болохоор учир шалтгааны ийм хамаарлыг анхаарч үзэх хэрэгтэй болно.
2018 он гарсаар Монголы эдийн засагт боловсруулах ямар үйлдвэр шинээр ашиглалтад оров, ямар шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэв гэхээр тоймтой хариулт үл олдоно. Тэгэхээр энэ өсөлт үндсэндээ уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнийн өсөлтөөр тодорхойлогдож байгаа юм. Гэхдээ чамлахаас чанга атга гэж үг бий. Ямартай ч өсөлт гэдэг бол сайн мэдээ.
ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын шинжээч Д.Баасан "Эдийн засаг энэ оны эхний есдүгээр сард 6.4 хувиар өссөн. ДНБ, 2018 оны эхний есдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.8 их наяд төгрөгөөр өссөн байна” гэжээ.
Харин энэхүү өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 349.2 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 305.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг тэрбээр тодотгосон юм.
ДНБ 2018 оны эхний есдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 23.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн гэсэн мэдээлэл байна. ДНБ гэдэг бол Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээ гэсэн үг. Эндээс харвал харин үйлдвэрлэл чамгүй өсөлттэй байгаа юм байна гэж ойлгогдохоор байна.
Өөр нэг сайн мэдээ гэвэл төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Өөрөөр хэлбэл 2017 оны эхний 10 сард 669.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан улсын төсөв энэ оны эхний 10 сард алдагдалгүй, харин ч 341.9 тэрбум төгрөгийн ашигтай ашигтай байна гэсэн үг.
Төсвийн орлого ингэж нэмэгдэхэд татварын нийт орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Татварын орлого нэмэгдэж байгаагийн цаана үйлдвэрлэл үйлчилгээний салбар сэргэж, экспорт нэмэгдэж буй ерөнхий төрх харагдаж байгаа юм.
Ирэх жил Монголыг бурхан ивээж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтвортой боломжийн түвшинд байвал МАН-ын сонгуулийн өмнөх жилийн төсвийн 11,2 их наядын орлогыг бүрдүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй байх болно.
М.Нэргүй
Сэтгэгдэл (0)