Шинээр гаргах хувьцааг бүртгэж, “МИК актив 18” ХХК-д зөвшөөрөл олголоо
- 2018-12-17
- Эдийн засаг
- 0
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” ХХК-ийн гаргаж буй нэг бүр нь 20 /хорь/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 /хоёр зуун сая/ ширхэг энгийн хувьцаа бүртгэлээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон гаргаж “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50,000,000 /тавин сая/ ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 /хоёр зуу/ төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрлөө. Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 /нэг зуу/ хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор тогтов.
Мөн хуралдаанаар, “МИК актив арван найм” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 950,068 /есөн зуун тавин мянга жаран найм/ ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгэлээ.
Түүнчлэн, “Баян-Алдар” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, ХААБ-ийн арилжааны зуучлагч “Мэту ХААБ”, “Ханбүргэд Хэнтий ХААБ”, “Алтаншагай импекс ХААБ”, “Бадархундага оргил ХААБ”, “Сантланс ХААБ”, “Баярплант ХААБ” ХХК-уудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Холбогдох хууль, журмын дагуу “Монум”, “Дeнeжный магнит” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгаж, “Гачууртфинанс”, “Оюу зоос”, “Гүүд лайф”, “ТДМ” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Сэтгэгдэл (0)