P.Ганжуур: Эрчим хүчний дотоод эх үүсвэрийг өргөтгөн сайжруулахаас өөр сонголт алга
- 2019-04-03
- Үнэн
- 4
Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Р.ГАНЖУУРТАЙ ярилцлаа.
-Таны амьдралын 40-өөд жил манай улсын эрчим хүчний салбартай холбоотой. Тиймээс тухайн салбарыг гарын арван хуруу шигээ мэдэх хүн гэж хэлж болох байх. Яг өнөөдрийн байдлаар манай улсын цахилгаан, дулааны хангамж ямар түвшинд байна вэ?
-Өнөөдөр манай улс эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 20 хувийг гаднаас авч байгаа нь тийм ч таатай үзүүлэлт биш. Уг нь аливаа улс орны эрчим хүчний нөөц нь нийт хэрэглээнийхээ 20 хувиас багагүй байх ёстой гэсэн концепц байдаг юм. Үүнээс гадна бэлэн байдал гэж нэг чухал үзүүлэлт бий. Өнгөрсөн оны есдүгээр сард гэнэтийн аваар болж, нийслэл болон төвийн зургаан аймгийг 5-6 цаг эрчим хүчний хангамжгүй болголоо. Хэрэв энэ осол өвөл болсон бол нийслэл тэр чигээрээ хөлдөнө, банк санхүү, үзвэр үйлчилгээ, шугам сүлжээ нам зогсоно. Ийм байдал шөнө тохиолдсон бол яах вэ. Нөгөө талаар эрчим хүчний сүлжээнд болж буй иймэрхүү осол аваарын давтамж цаг хугацааны хувьд ойртож байгааг анхаарахгүй байх арга алга. Яг ийм маягийн аваар 2009 онд гарч, дараа нь долоон жилийн хойно, тэгээд өнгөрсөн онд гарсан байх жишээтэй. Бас баруун бүсийн аймгуудад шугам тасарч, өнгөрсөн өвөл хөлдөх аюулд ойртсон. Аз болоход Дөргөний цахилгаан станцаас хангалт хийж, хэвийн үйл ажиллагаатай байж чадлаа. Дээр нь эрчим хүчний салбар 2018 онд 20 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэх үзүүлэлтээс харахад манай салбарын байдал хангалтгүй байна гэж боддог.
-Энэ салбарт олон ажил ажилласан хүний хувьд, бусад улс орны туршлагаас харахад эрчим хүчний хангамжийг яаж тогтвортой байлгах вэ. Энэ нь гагцхүү та бүхний ажил биш байх л даа. Тухайлбал, төр засгийн түвшинд хэрхэн анхаарах, хөрөнгө мөнгийг хуваарилах гэх мэтчилэн олон л асуудал байдаг биз. Бас хэрэглэгчид гэж том хүч байх болов уу?
-Та маш зөв асуудлыг хөндөж байна. Зөвхөн Монголд төдийгүй гадаадын бусад олон улсын туршлага, практикаас харахад гурван том хүчин зүйл байдаг. Юуны өмнө Эрчим хүчний сайдаар толгойлуулсан салбарын удирдлагын баг. Хоёрдугаарт, төр засгийн шийдвэр гаргах түвшнийхэн энэ салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг сайтар ойлгож, хөрөнгө мөнгийг харамгүй хуваарилж, хөрөнгө оруулалтыг хийж байх учиртай юм байна. Гуравдугаарт, хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгжүүд цахилгаан дулаан, эрчим хүчний хэрэгцээг маш сайн мэддэг, дэмждэг байх ёстой юм шиг санагддаг. Олон улсын жишиг, ойлголт, дэмжлэг туслалцаа ч тийм байна. Монгол ухаанаар бол эрчим хүчний салбарын тулгын гурван чулуу нь энэ юм. Би ингэж л ойлгодог хүн.
-Таны хэлсэнчлэн тулгын гурван чулууны гол тулгуур нь салбарын яам байх болов уу. Бодлогыг зохицуулах үүрэгтэй яам ямархуу ажиллаж байгаа юм бол?
-УИХ-аас 2015 онд тогтоол гаргаж, “Эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого”-ыг тодорхойлсон. Тэр үед П.Ганхүү сайдаар ажиллаж байлаа. Дээрх бодлогын баримт бичгийг боловсруулахад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан маш их үүрэг гүйцэтгэснийг хэлэх хэрэгтэй. Мөн одоогийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулахад ихээхэн санаачилга, хувь нэмэртэй ажилласан. Иймэрхүү байдлаар салбарын бодлогын баримт бичгүүдийг баталсан ч гол нь хөрөнгө санхүү шүү дээ. Одоо улс орны мөнгөний бодлого, хуцаарилалтыг хийдэг, баталдаг эрх мэдэл бүхий хүмүүс нь үүнд анхаармаар байна. Тухайлбал, би энэ салбарт олон жил ажилласан, улс орны дулаан цахилгаан, эрчим хүчний хангамжид санаа зовж явдаг хүний хувьд бусад улс орны төр засгийн бодлогыг харж судалж байдаг юм. АНУ нүүрсний хэрэглээг эрс багасгахын тулд сэргээгдэх эрчим хүчний салбарт маш их хөрөнгө зарцуулж байна. Үүнийг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама эхэлж, Дональд Трамп үргэлжлүүлж байгаа. Хятадын дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч В.Путин ч үүнийг анхаарч, хөрөнгө мөнгө ихээр төсөвлөж байна.
Манай улсын хувьд 1990 оноос хойш бидний ярьдгаар төрийн гурван өндөрлөгт 26 хүн ажилласан байдаг юм. Тэдний дотроос одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулах талаар санал санаачилга гаргаж, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгосыг хамруулах талаар хүсэлтээ илэрхийлсэн нь Монгол Улсын эрчим хүчний салбарыг олон улстай холбох талаарх анхны бодит яриа болсон.
Өмнө нь Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” гэдэг хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлснээр Монголын бүх сум эрчим хүчинд холбогдсон юм шүү дээ. Тэгэхээр төр, засгийн түвшинд эрх мэдэл бүхий хүмүүс энэ салбарт илүү анхаарал тавих ёстой гэж хэлээд байгаа маань ийм учиртай.
-Тулгын гурван чулууны нэг нь мэдээж хэрэглэгч гэж та хэлсэн. Үүнд томоохон компаниас эхлээд ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж, айл өрхүүд ч хамаарах нь тодорхой. Тэд эрчим хүчний салбарын хөгжилд ямар үүрэгтэй юм бэ?
-Ахуйн хэрэглэгчээс эхлээд манай ажахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн ухамсар сайнгүй байх шиг. Өнөөдөр нэг кВт эрчим хүчийг 155 төгрөгөөр үйлдвэрлэж, 10 төгрөгийн алдагдалтайгаар хэрэглэгчдэд нийлүүлж байна. Ийм алдагдалтай үйлдвэрлэл, наймаа гэж Монголоос өөр газар байхгүй. Гэтэл манайхан нөгөө л социализмын үеийн сэтгэлгээгээр цахилгааны үнэ өндөр байгаа мэтээр ханддаг. Үнийг нэмж, алдагдлаа нөхөх талаар ярих нь байтугай бодохын ч хэрэггүй, ийм байдалтай байгаа юм.
-Цаашдаа дотоодын эр- чим хүчний үнэ тарифыг багасгах, ядаж алдагдалгүй ажилладаг болохын тулд яах ёстой юм бэ?
-Манай улс нүүрсний асар их нөөцтэй улсын хувьд түүнийгээ эрчим хүчний дутагдалтай өмнөд хөршид экспортолж болмоор байна. Энэ талаар Хятадын дарга Ху Жинтаотай тухайн үеийн Эрчим хүчний сайд Т.Очирхүү нар яриа хэлцэл хийж, Чойр, Нялгын нүүрсний уурхайг түшиглүүлэн 10 мВт-ын цахилгаан станцыг гурван үе шаттай барих талаар ярилцаж тохироод Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж байсан юм. 2009- 2010 онд шиг санаж байна. Энэ хэлэлцээр хэрэгжсэн бол манай ДНБ 20 хувиар даруй өсөх байсан. Харамсалтай нь, энэ яриа хэлцэл цаасан дээрээ л үлдсэн.
Одоо сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж байна. Зүүн хойд Азийн супер сүлжээг анх Япон, Солонгосын эрчим хүчний мэргэжилтэн судлаачид гаргаж ирсэн байдаг юм. Тэдний судалж тогтоосноор манай улсын нар, салхины эх үүсвэртэй эрчим хүчний хүчин чадал жилийн 13 мянган тираватт. цаг гэж үздэг. Гэтэл Японы жилийн хэрэгцээ ердөө 1000 тираватт.цаг байдаг юм байна. Үүнтэй харьцуулбал манай улсын жилийн нийт хэрэглээ зургаахан тираватт.цаг гээд бод л доо /Энэ нь 6.0 тэрбум кВт/цаг гэсэн үг/. Тэгэхээр бидэнд ямар их нөөц байна вэ.
-Байгалийн энэ яндашгүй эх үүсвэрийг эрчим хүч болгож ашиглахад маш их хөрөнгө шаардагдах байх. Дамжуулах сүлжээ, нар, салхины эрчим хүчийг хурааж хуримтлуулах нарийн технологи, тоног төхөөрөмж суурилуулах гэхчлэн. Харин өөрийн дотоод эх үүсвэрээ нэмэгдүүлэх талаар юу хийх вэ?
-Олон улсын практикаар дулааны цахилгаан станцын найдвартай ажиллагааг 40 жилээр тооцдог юм. Гэтэл манай III цахилгаан станц 50, Дарханых 55, IV цахилгаан станц 35 жил болж байна. Гэхдээ л тэднийгээ өөд нь татаж ашиглахаас аргагүй байгаа юм. Уг нь шинэ цахилгаан станц байгуулах тухай асуудлыг яриад 20 шахам жил болж байна. Энэ хугацаанд V цахилгаан станцыг барих тендерийг зарлаж, 2012 онд Франц, Солонгос, Япон, Монголын компаниудын хамтарсан консор- циум ялж байсан. Дараа жил нь нийслэлээс газрын асуудлыг шийдэж, 2014 онд концессын гэрээ байгуулсан байдаг. Түүний дараа жил эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж байлаа. Сүүлдээ газрын гүнээс ус оргилоод болохоо байлаа л гэсэн. Одоо сураг нь алдарч байх шиг байна. Тиймээс хуучин станцуудаа өргөтгөж шинэчлэх талаар л ярьж байх шив дээ. Тухайлбал, Оюутолгойг эрчим хүчээр хангах 450 МВт-ын станцыг Тавантолгойд барьж байгуулах, II, III цахилгаан станцыг өргөтгөх гэхчлэн. Хамгийн бодитой нь IV цахилгаан станцын турбинуудын хүчин чадлыг 90 МВт-аар нэмэгдүүлэх төслийг ОХУ-ын хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөөд байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (4)
ender nastan (66.181.186.33)
ERCHIMKHUCHNII salbariin yil ajillagaag meddeg TER ZASAG darga nar alga biolsoor udlaa . ODOO ENE SALBARIIN ENDER NASTNUUD , erdemted , / akademch Batmenhk, doktor Bathkuyg, , busad zaluu dund yeiin erdemtedee / odoo duugaraachee, stuglarch ene salbariig hkegjuulekh urt bogino, hkugatsaanii , 5, 10 jiliin teleblegeeg hkiij ymar ch zasag garsan eerchlekhgyigeer telelblej ajillaachee , Ene salbariin akhmad , erdemted injeneruud ztuglarch baigaa ni ogt hkaragdahkgyi um , ganst ganjuur yugaa medehk be , mash olon salbartai shuu dee ERCHIMHKUCH. EX gyigeer uul uurhkai, bukh uildberee hkegjuuleed uzeerei , ERCHIMKHUCHNII AKHMADIIN hkoroo ene talaar ajillaachee ,
Инженер (202.126.89.229)
Энэ салбарт гялайж гялтайх юм алга.
ХАйдо (202.9.42.72)
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудал ярих нь зөв. Гэвч манай орон жилийн 4 улиралтай тул нар,салхины кадасторыг маш сайн ашиглах ёстой.Өвөлд нары эрчим 2-3 дахин буурч,ашигтай тусгалын цаг эрс багсаж цахилгаан гаргах хэмжээ маш бага болдогоос гадна цахилгаан эрчим хүчний хэрэгцээ эрс өсдөг нь маш нарийн тооцоотойгоор нарны станцуудыг байгуулах ёстойг анхаарах ёстой.Одоо тавигдсан нарны станцуудын ашиглалт зохих технологийн дагуу ашиглаж чадахгүй байгааг анхаарах хэрэгтэй байна.Манай орон ялангуяа хаврын цагт салхи шороо их тул сар болход цэвэрлэгээг хийхгүй бол нарны зайнаас гарах цахилгаан эрчим хүч 20-30% буурдагийг тооцох ёстой,
Zochin (103.26.193.250)
Ene obgon urid ni barag bukh khun meddeg yum ayrisan bna shuu dee odoo ooroor setgekh estoi erchin khuchnii salbariig shuumjlekh mash ikh yum bna aydaj zakhiraluud oron toogoo mash ikh osgej shine mashin abaad zardal buuruulakh yum khiikhgui bna shuu dee uuniig bolikh kheregtei nam damnasan tomilgoog bolikh kheregtei bna daa
Хоосон байна
Хоосон байна