“Эрдэнэс Монгол” компани юу бүтээв
- 2019-04-04
- Үнэн
- 0
Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр бодит ажил хэрэг болоход тулах багана нь болсон “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд үр бүтээлтэй ажиллаж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнэ цэнийг бүтээжээ. Үнэ цэнийг илэрхийлэх зүйлс нь Оюутолгой болон Тавантолгой. Улс төр, нийгэм-эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарсан Монгол Улсын хамгийн том зэс, алтны болон коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг иргэн бүрт тэгш шударгаар хүртээх хариуцлагатай үүргийг “Эрдэнэс Монгол” компани хүлээсэн юм. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн орнуудын жишгээр байгуулагдсан “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсыг олон жил нуруун дээрээ үүрч яваа Эрдэнэт үйлдвэрээс хойших уул уурхайн хамгийн том дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож, өдгөө монголчууд үр шимийг нь шууд болон шууд бус байдлаар хүртэж байна. Монгол Улсын хөгжлийг нэг шат ахиулсан Оюутолгой болон Тавантолгой төслийг амжилттай эхлүүлэхэд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэсэн үүрэг чамгүй их байв.
2008 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, улмаар 2010 онд тус ордын Зүүн цанхийн талбайд анхны хөрс хуулалтыг хийж, төслийг эхлүүлэв. Үүний дараа буюу 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын нийт ард түмэнд эзэмшүүлэх ажлыг гардан зохион байгуулж, өдгөө олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх хүртэлх бүхий л бэлтгэл ажлыг “Эрдэнэс Монгол” компани нугалсан юм.
Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэх Тавантолгойн орд нь энэ зууны Монгол Улсын хөгжлийг тодорхойлоход чухал нөлөөтэй төсөл юм. Дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгчийн дэргэд орших энэхүү орд газрыг өгөөжтэй ашиглаж, үсрэнгүй хөгжлийн үндэс болгож чадах суурийг “Эрдэнэс Монгол” компани тавив.
Үүний хажуугаар дэлхийн хэмжээний уурхай болох “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын хувь буюу 34 хувийг эзэмшиж, “Эрдэнэс Оюутолгой” компанийг байгуулан ажиллаж байна. Өдгөө энэ төсөлд ашигт малтмалын өмчлөгч, хууль эрх зүйн орчны зохицуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн гурван үүрэгтэйгээр оролцож байна. 2013 онд Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, улмаар анхны зэсийн баяжмалыг экспортод гаргасан бол 2015 оноос дэлхийд дээгүүрт бичигдэх далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Эдгээр төслийн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг энд дурдах нь илүүц биз. Учир нь, монголчууд дээрх хоёр томоохон бүтээн байгуулалтын үр шимийг хүртээд эхэлсэн.
Товчхондоо, “Эрдэнэс Монгол” компани Засгийн газрын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын иргэн бүр Засгийн газраар дамжуулан компанийн хувьцаа эзэмшигч юм. Үүнээс гадна 2012 онд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг гурван сая иргэнд эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Монгол” компанид хоёр байдлаар хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд “Эрдэнэс Монгол” компани иргэн бүрийн компани юм. Энэхүү давуу эрхийн хувьцаагар дамжуулан иргэн бүр Монгол Улсын стратегийн орд газрын эдийн засгийн эргэлтээс олох ашгаас ноогдол ашиг хүртэнэ. Тэгвэл дээрх давуу эрхийн хувьцааг хүн амын өсөлттэй уялдуулан (Үндэсний статистикийн хорооноос гаргасан Хүн амын 2015-2045 оны хэтийн шинэчилсэн тооцоонд дурдснаар 2045 онд Монгол Улсын хүн 5,010,310-д хүрэх юм) таван сая болгох тогтоолын төслийг Эрдэнэс Монголчууд боловсруулж салбар салбарын яамны санал дэмжлэгийг авч бэлэн болгоод байна. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.
Үүнээс гадна
“Эрдэнэс Монгол” нь төвийн эрчим хүчний хэрэглээний 90 орчим хувийг тасралтгүй тогтвортой хангаж ирсэн хүрэн нүүрсний орд болох Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг юм.
Мөн Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын авто замыг эзэмшиж, найдвартай, баталгаат үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Уул уурхайн хөрөнгө оруулалтаар хөөсөрч, жилд дунджаар есөн хувиар тэлж байсан Монголын эдийн засгийн өсөлт 2012 оны эцсээр уналтад орсныг уншигч та санаж байгаа байх. Энэ цаг үеэс уул уурхай, эрдэс баялгийн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах талаар хүчтэй яригдаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих ёстойг бодлого тодорхойлогчид хэлэх болсон. Тэгвэл Монголын уул уурхайн хамгийн том компани болох “Эрдэнэс Монгол” дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хэрэглээг металлургийн коксоор, боловсруулах үйлдвэрүүдийг ган болон ширмэн бэлдцээр хангах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн эцсийн бүтээгдэхүүн болох ган цувимал үйлдвэрлэх зориулалттай “Эрдэнэс Стийл” ХХК компанийн удирдлагын менежментийг хариуцан ажиллаж байна. Тэгвэл энэхүү төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл өнгөрсөн сарын сүүлчээр баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг цогцолбор жилд 500 мян.тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Төсөл хэрэгжсэнээр 900 гаруй мян.тн коксжих нүүрс, 523.5 мян.тн төмрийн хүдэр, баяжмалын дотоодын хэрэглээг бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгана. Мөн 1500 орчим шинэ ажлын байр бий болж, жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарсан.
Үүнээс гадна томоохон хотуудын дулааны шинэ эх үүсвэрт тооцогдож буй нүүрсний давхаргын метан хийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэгтэй “Эрдэнэс Метан” компанийн менежментийг удирдан ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайг хэт шүтсэн Монгол Улсын эдийн засгийг бүтцийг өөрчилж, олон тулгуурт хөгжил рүү хөтлөхөөр ажиллаж байгаа нь энэ. Мөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна Монгол Улсын олон улсын харилцаанд эзлэх байр суурийг зузаатгах стратегийн ач холбогдолтой шар нунтаг буюу ураныг дэлхийн стандартын дагуу зах зээлийн харилцаанд “оруулах” үүрэг хүлээсэн “Мон Атом” ХХК-ийн бүх хувьцааг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг юм.
Төрийн зүгээс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг зохион байгуулан явуулж байна.
“Эрдэнэс Монгол” компани Засгийн газраас өгсөн удирдамжийн дагуу Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг зорилтот түвшинд хүргэхийн тулд дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр зорьж буй. Энэ хүрээнд эрчим хүч болон дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй охин компаниудыг ерөнхий удирдлагаар ханган, өөрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Тоо баримт, тооцоо үзүүлэлт нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд оруулсан “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувь нэмрийг бодитоор илэрхийлнэ. Тэгвэл стратегийн орд газрууд дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” нэгдлийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тоон үзүүлэлтүүдийг танилцуулъя. Тодруулбал, тус нэгдэл 2016 онд 682.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол 2017 онд 1.4 их наяд төгрөгийн орлого олж, цэвэр ашгийн хэмжээ 2017 онд 479 тэрбум төгрөгт хүрэв. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2016 онд төсөвт 104.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь улсын төсвийн нийт татварын орлогын 2.1 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 286 тэрбум төгрөгийн татвар төлж, дээрх үзүүлэлт 4.5 хувь болж өссөн юм. Засгийн газраас өнгөрсөн оны наймдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежментийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлсэн юм. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн санхүүгийн баланс буурсан үзүүлэлттэй гарсан.
Харин “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрөгч 2018 онд 75 тэрбум төгрөгийн орлого олж, цэвэр ашгийн хэмжээ 21.6 тэрбум төгрөгт хүрэв. Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжийн хэмжээ 13 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Компанийн орлого нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нүүрс тээврийн тарифын орлого, охин компаниудад менежментийн үйлчилгээ үзүүлснээс олох орлого, Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборлолтын тусгай зөвшөөрлийн талбайн түрээсийн орлого болон бусад орлогоос бүрддэг юм. Харин зардлын дийлэнх хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар үйлчилгээ болон зээлийн хүүгийн төлбөр эзэлдэг байна.
Үйл ажиллагааны зардал хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх гэх мэт олон олон бодлогын шинжтэй шийдвэрийн үр дүнд жил ирэх тусам тус компанийн хэмнэсэн мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа юм. Гэхдээ хэмнэлт нэрийн дор нүүрсний экспортын гол судас болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын засвар үйлчилгээний зардлыг бууруулаагүй бөгөөд зөвхөн компанийн үйл ажиллагаа болон удирдлагын зардлыг их хэмжээгээр бууруулан ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй.
Мөн 2017-2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн 1072 ш хувьцаа, төрийн мэдлийн болон аж ахуйн нэгжийн эзэмшлийн хувьцааны бүртгэлийг цэгцлэх, баталгаажуулах, санхүүгийн тайланд тусгах ажлыг “Эрдэнэс Монгол” компани амжилттай хариуцан хийж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайлан тэнцэлд 11.2 их наяд төгрөгийн хувьцааг тусган бүртгэсэн. Ингэснээр 2011 оноос гацаанд орсон байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон иргэдийн 1072 хувьцаа амь орох, гадаад дотоодын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох үндэс суурь тавигдаж, өдгөө IPO хийх, бонд гаргах боломж бүрдсэн болно.
Эцэст нь хэлэхэд, “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодит суурь болохын сацуу нийгэм-эдийн засгийн тулах цэг нь болж Монгол Улсын иргэн бүр өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцаагаараа дамжуулан эх орныхоо баялгийн эзэн болж эдийн засгийн эргэлтэд орсон стратегийн орд газраас ашиг хүртэх боломжийг бий болгохоор шамдан ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)