Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорт нэр дэвшигчид тодорлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт зарлиг гаргаж,  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өчигдөр Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, дараагийн Ерөнхий шүүгч болох хүний нэрийг  тодруулав. Энэ сунгаанд эхлээд дөрвөн хүн нэр дэвшсэн байна.  Харин хоёр нь санал хураалтын өмнө нэрээ татсан. Үүнээс гол өрсөлдөөн шүүгч Х.Батсүрэн, Д.Ганзориг нарын дунд болов. Х.Батсүрэнг Ерөнхий  шүүгч асан Ц.Зориг бүрэн эрхийнхээ  хүрээнд нэр дэвшүүлсэн бол шүүгч Д.Ганзориг танхимаас нэр дэвшжээ. Ийнхүү санал хураалтад 23 шүүгч оролцож, нэг хүний  саналын илүүгээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Ганзориг Ерөнхий шүүгчид нэр дэвшихээр боллоо.

Д.Ганзориг нь Өвөрхангай аймагт төрсөн. 1984-1994 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр сургууль, 1994-1998 онд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 1999-2004 онд СХД-ийн Шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар СХД-ийн шүүхийн шүүгчээр томилогджээ. Улмаар  2013 оноос Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.  Шүүгч нарын дунд харьцангуй залуу үеийн  төлөөлөлд тооцогддог.  Өчигдөр болсон хуралдааны үеэр ч сүүлд томилогдсон шүүгчдийн фракциас дэмжлэг авсан гэхэд болно.  Түүнчлэн  Д.Ганзориг нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан зэрэг олны анхаарал татаж, шүүгчдийн нэр хүндийг унагааж буй томоохон хэргүүдэд “оролцоо”-гүй гэдэг нь түүнд нэг давуу тал боллоо. Ийнхүү өчигдөр шүүгчдийн бүрэлдэхүүн Улсын Дээд шүүхийн  Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг дэмжлээ. Одоо түүнийг Ерөнхийлөгч батламжлах учиртай.

Мөн үүнтэй зэрэгцэн Ерөнхий прокурорын томилгоо олны  анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, материалыг нь АТГ-т хүргүүлжээ. Б.Жаргалсайхан нь 1988-1990 онд Өвөрхангай аймгийн  прокурорын газарт хяналтын прокурор, 1990-1996 Тээврийн прокурорын газарт прокурор, 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт хэлтсийн дарга, 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Б.Жаргалсайханг МИАТ-ийн хэргээр ял авч байсан  Ч.Хоролсүрэнгийн үеэл гэж ярьдаг.

Ийнхүү Ерөнхийлөгч нэр дэвшигчдийг батламжилснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын хаврын чуулган ирэх баасан гаригт нээлтээ хийх бөгөөд хамгийн эхэнд томилгооны асуудлыг хэлэлцэхээр яригдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)