Д.Дамба-Очир: Байдлыг улам дордуулахгүйн тулд "Капитал"-ын дампуурлыг зарласан
- 2019-04-10
- Үнэн
- 4
Капитал банкны дампуурлыг Монголбанкнаас албан ёсоор зарлаад хоёр хонож байна. Банк юуны учир дампуурав, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах, цаашлаад 30 орчим жил үйл ажиллагаа явуулсан банк дампуурсанд хэн хариуцлага хүлээх вэ гэх олон асуулт гараад байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой энэ талаар ярилцлаа.
-Капитал банкны дампуурлыг зарлачихлаа. Ер нь энэ банк санхүүгийн хүндрэлд хэзээнээс орж эхэлсэн юм бэ. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ талаар мэдээлэлтэй байсан байх?
-Олон улсын аудитын компаниар дотоодын банкуудад 2016 онд шалгалт хийлгэсэн. Шалгалтын дүнтэй холбоотойгоор ил болж байгаа асуудал. Шалгалтаар хэд хэдэн банк хөрөнгийн дутагдалд орсныг илрүүлсэн л дээ. Мэдээж үүний дагуу зохих шаардлага тавьсан. Банкууд ч хөрөнгөө нэмэгдүүлэхээс авахуулаад барьцаа болон эргэлтийн хөрөнгөө сайжруулах талд идэвхтэй ажилласан. Тухайн үед 2-3 банк асуудалтай байсны нэг нь Капитал. Энэ банкинд бид зохих ёсны шаардлагаа тавьсаар ирсэн. 2018 онд буюу өнгөрсөн жил УИХ-аас Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг баталсан. Үүний хүрээнд хэд хэдэн том болон зарим жижиг банкийг хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатайг зөвлөж байсан. Хэрвээ заасан хугацаанд хөрөнгөө нэмэгдүүлэхгүй бол төр хурааж авна. Эсвэл хэн нэгэнд дамжуулах юмуу бүр дампуурлыг нь зарлана гэдгийг сануулж байлаа. Энэ дагуу банкууд хуулийн дагуу хөрөнгөө хэр хэмжээгээрээ нэмэгдүүлсэн.
-Капитал банк хуулийн дагуу хөрөнгөө нэмэгдүүлэхгүй яваад байсан гэсэн үг үү?
-Огт нэмэгдүүлээгүй биш тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Гэсэн ч банк хоорондын болон хувь хүн, байгууллага хоорондын гүйлгээ саатаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, банк эргэлтийн хөрөнгөгүй болчихсон гэсэн үг. Бид шат дараатай арга хэмжээ авч ирсэн. Сүүлийн жил гаруйн хугацаанд идэвхтэй ярьж, хэлсэн. “Мөнгө олж ир, дотоод активаа сайжруул, болохгүй бол дүрмийн сандаа өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагч олж банкаа өөд нь татаж ав” гэж сануулсаар байсан. ОУВС-гаас ч энэ талаар сануулсан. Эцэст нь Монголбанк арга хэмжээ авч, Хяналтын зөвлөл нь хуралдаад эрх хүлээн авагч томилох буюу дампуурлыг нь зарлалаа. Монголбанкны тухай хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулснаар хоёр шатлалаар шийдвэр гаргадаг болсон. Үүний хүрээнд Капитал банкинд хагас жилийн өмнө төлөөлөгч томилсон. Монголбанкнаас гаргасан төлөөлөгч гүйлгээг хянадаг буюу хяналтын зарчмаар ажиллаж байсан гэсэн үг.
-Банк дампуурахад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэх вэ гэдэг хамгийн чухал. Хохиролгүй үлдээх тухайд ямар шийдвэр гаргах бол?
-Мэдээж хамгийн түрүүнд хадгаламж эзэмшигчдийг ярих учиртай. Эхний ээлжид 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн мөнгийг даатгалаас шууд гаргаж өгнө. Хадгаламжийн даатгал гэж байдаг. Үүнд Капитал банк 43 орчим тэрбум төгрөгийг хуримтлуулсан юм билээ. Тиймээс 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс санаа зовох зүйлгүй.
-Харин 20-иос дээш сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийг яах вэ?
-Ямар ч байсан төлбөрийг бүрэн барагдуулах учиртай. Дээр хэлсэнчлэн эхний ээлжид 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг буцааж олгоно. Дараагаар нь 20-иос дээш сая төгрөгийн хадгаламжийг гаргана. Гуравдугаарт, төрийн мөнгийг барагдуулна. Капитал банкинд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гээд төрийн 400-гаад тэрбум төгрөг бий. Эдгээрийг гаргаж авах талаар арга хэмжээ авах байх. Үүний дараа буюу дөрөвдүгээрт томоохон аж ахуйн нэгжийн өрийг барагдуулна. Шат дараатайгаар л төлнө гэсэн үг. Энэ бүгд нийлээд хэчнээн төгрөг болохыг нарийн хэлж мэдэхгүй байна. Энэ талаарх тоо баримтыг өнөөдөр /өчигдөр/ гаргаж өгөх учиртай. Мэдээж бүхэл бүтэн банк учраас дотоод актив гэж бий. Зээлдэгчдээс юмуу барьцаа хөрөнгөөс авахуулаад банкны эзэмшлийн газар, байшинг хүртэл зарж борлуулах замаар шаардлагатай мөнгийг гаргаж авах учиртай. Үүний дараагаар аж ахуйн нэгж болон бусад хүний төлбөр, зээлийг барагдуулах хэрэг гарна. Түүнчлэн Капитал банкнаас зээл авсан хэд хэдэн газар байгаа юм билээ. Тэдгээрийн зээлийг буцааж төлүүлэх замаар шаардлагатай хөрөнгийг босгон өр төлбөрийг барагдуулж дуусах байх. Гэхдээ банкны хадгаламж эзэмшигчдийн 90 орчим хувь нь жижиг буюу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай байдаг. Тиймээс их хэмжээний хадгаламжтай цөөхөн хүн бий гэж бодож байна. Тиймээс үймээн бужигнаан бага байгаа болов уу.
-Капитал банкны томоохон хадгаламж эзэмшигчийн нэг нь Г.Алтан. Энэ хүн мэдээлэлтэй байснаас 70 орчим тэрбумын хадгаламжаа татаад хорь хорин саяар тараан төрөөс буцааж авах зорилгоор ийм алхам хийсэн гэх юм.
-Г.Алтан гэдэг хүн энэ банкны бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ, 80-ад тэрбумын хадгаламжтай. Харин энэ мөнгөө хорь, хориор хувааж татсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан банкны зээлийг сайн, муугаар нь ялгаж эхэлсэн. Эрх хүлээн авагч эхнээс нь барагдуулаад эхэлсэн байх.
-Банк дампуурсанд эзэд буруутай байж таарна. Харин хяналт тавих үүрэгтэй төр хариуцлага хүлээх үү?
-Мэдээж банкны эзэд хариуцлагаа хүлээх ёстой. Монголбанкны зүгээс шаардлагатай хяналтаа тавьсаар ирсэн. Эдийн засгийн байнгын хорооноос ч энэ талаар байнга ярьсаар өдийг хүрсэн. Бид шат дараатай арга хэмжээ авсаар энэ хүрсэн. Хуулийн дагуу банк санхүүгийнхээ системийн дагуу төрөөс шаардлагаа тавихаас өөрөөр дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй шүү дээ.
-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг өнгөрсөн жил УИХ-аас баталсан. Энэ үед Капитал банк санхүүгийн хүндрэлд орчихсон байжээ. Тухайн үед арилжааны банкуудад төрөөс мөнгө гаргаж өгөх нь гэсэн хардлага их гарсан?
-2012-2016онд Н.Золжаргалын үед Төвбанкнаас арилжааны банкуудад мөнгө олгож байсан юм билээ. Тиймээс ийм хардлага үүсч, УИХ-аас Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг баталж, арилжааны банкуудын хариуцлагыг нэмэгдүүлсэн юм. Тухайн үед 4-5 банк хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай
байсан. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банк хамгийн их буюу 240 гаруй тэрбумыг оруулах ёстой байснаа оруулсан. Голомт банк 170 гаруй тэрбумыг оруулсан. Мөн Хаан, Хас ч оруулах шаардлагатай хөрөнгөө оруулсан. Жижиг банкууд ч шаардлагатай хөрөнгөө оруулсан. Капитал банкны хувьд нэмж оруулах шаардлагатай хэмжээнд хүрээгүй ч тодорхой хэмжээний хөрөнгө олж ирэх нь ирсэн. Гэхдээ их хэмжээний өглөгтэй байтал банкинд үлдэх эргэлтийн хөрөнгө байхгүй болчихсон учраас аргагүйн эрхэнд Төвбанкнаас дампуурлыг нь зарлаж байгаа юм. Дотно, гаднын хөрөнгө оруулагч олж ирнэ гэж явсаар чадсангүй.
-Капитал банк гэнэтхэн ийм байдалд орчихоогүй. 4-5 жилийн өмнөөс дотоод хөрөнгийн дутагдалд орсон, эрсдэлтэй нөхцөл үүссэн. Гэтэл Төвбанк “Асуудалгүй, үйл ажиллагаа нь хэвийн” гэж хамгаалж ирснээр хадгаламж эзэмшигчид хохирлоо гэх шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?
-Банк дампуурах нь гэж иргэдэд зарлаж болохгүй биз дээ. Зарлачихвал бүх хүн мөнгөө татаад жинхэнэ утгаараа дампууруулна. Банкны салбар ийм эмзэг учраас энэ талаарх мэдээллийг нээлттэй цацах боломжгүй байдаг. Тэр бүү хэл, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа банкийг ч буруу ташаа мэдээллээр санаатайгаар дампууруулж болно. “Энэ банк дампуурах гэж байна, мөнгөө татаарай’’ гэж зарлаад бүх хүн хадгаламжаа татахад ямар ч банкийг татаж унагадаг. Тийм учраас банкны салбарт ийм байдлаар хандаж болохгүй.
-УИХ-аас Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль баталснаар хэд хэдэн банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Гэтэл ОУВС-гийнхан хамгийн сүүлд ирж ажиллахдаа “Арилжааны банкууд чинь ямар эх үүсвэрээр дотоод активаа нэмэгдүүлчихэв” гэдгийг шалгах үүрэг өгсөн юм билээ. Үүний хүрээнд Монголбанкнаас ажлын хэсэг гарсан. Энэ тухайд танд ямар мэдээлэл байна вэ?
-Капитал банкны хувьд дээрх хуулийн дагуу хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар аваад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хооронд шаардлагатай арга хэмжээг авч чадаагүй өдийг хүрсэн учраас дампуурахад хүрсэн. ОУВС-гийн зүгээс Капитал банкинд дөрөвдүгээр сарын 1 гэхэд арга хэмжээ авахыг шаардсан учраас аргагүйн эрхэнд дампуурлыг нь зарласан гэж ойлгож болно. Бусад банкны хувьд хуулийн шаардлагын дагуу хөрөнгөө нэмэгдүүлснийг би дээр дурдсан. Гэтэл ОУВС-гийн зүгээс “Банкууд үүргээ биелүүлээд хуулийн дагуу хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Харин ямар эх үүсвэрээр хөрөнгө татсан бэ” гэдгийг шалгах хэрэгтэй гээд байгаа юм. Үүнийг би хувьдаа нэг их сайшаагаагүй. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэж шахчихаад дараа нь “Эх үүсвэр нь цэвэр үү, бохир уу” гэж өөлөөд байж болохгүй. Гэхдээ Монголбанкны зүгээс арилжааны банкууд өөрийн хөрөнгөө ямар замаар нэмэгдүүлснийг шалгаж байгаа байх. Миний харж байгаагаар, банкууд элдэв буруу гарын мөнгө оруулж ирэхгүй байх. Банкны эзэд ч буруу гарын мөнгөөр дотоод хөрөнгөө нэмэгдүүлэхийг хүсэхгүй байлгүй дээ.
-Нэг банк дампуурчихлаа, бусад нь яах бол гэх эргэлзээ нийгэмд үүсчихлээ. “Дахин нэг банкны дампуурлыг удалгүй зарлана” гэх яриа ч чих дэлсэх болсон. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ тухайд бодит мэдээллийг өгнө үү?
-Капитал бол жижиг банк учраас төдийлөн том доргилт үүсэхгүй. Тиймээс тал бүрээс нь ярьж байж энэ шийдвэрийг гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусад банкны үйл ажиллагаа хэвийн, дотоод активын чанар сайн байгаа учраас иргэд тайван байж болно. Өнөөдрийнх шиг банкны дампуурлыг зарлахгүйн тулд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, бие даасан хууль хүртэл баталсан юм шүү дээ. Томоохон банкууд хуулийн хүрээнд дотоод хөрөнгөө нэмэгдүүлээд эрсдэлгүй болсон. Хэрвээ санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон банкууд өнөөдөр дампуурахдаа хүрвэл асуудал буруугаар эргэнэ. Тэнд асар их хэмжээний хадгаламж, эргэлт өрнөж байгааг мартаж болохгүй. Эдийн засаг дахь эргэлтийн нийт хөрөнгийн 92 хувь нь банкаар дамждаг учраас онцгой анхаарах шаардлагатай байдаг. Бид Эдийн засгийн байнгын хороонд энэ талаар тусгайлан ярилцаж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Монголбанкны тухай хуулийг шинэчилсэн бол Арилжааны банкны тухай хуулийг ч цэгцэлсэн. Эдийн засаг өнөөдөр өсөлттэй байгаа нь банкуудтай шууд холбоотой. Хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжаа олигтой хөгжихгүй байгаа тул арилжааны банкууддаа сайтар анхаарах шаардлагатай байдаг.
-Капитал дампуурсан нь улс төрийн зорилготой алхам гэх хардлага ч гараад эхэлсэн байна. Улс төрийн өнцгөөс асуудалд хандаад бүхэл бүтэн банкны дампуурлыг зарлаж болох уу?
-Банкны системийг эрүүл байлгах учиртайг би ойлгомжтой тайлбарласан гэж бодож байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд ч, Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ч нэг банкны дампуурлыг зарлах нь тийм амар зүйл биш, үүнийг хэн ч хүсэхгүй. Улс төрийн өнцгөөс хандсан бол харин ч энэ банкны дампуурлыг зарлахгүй яваад байж болох байсан. Маш хүнд нөхцөлд ийм шийдвэр гаргалаа. Хаврын ороо бусгаа үед нийгэмд доргилт үүсэх хэмжээний энэ мэт шийдвэрийг аль болох гаргахгүй байх учиртай юм. Эдийн засаг нь харьцангуй өсөлттэй байгаа үед нийгэмд төдийгүй эдийн засагт банкны дампуурал мэтийн дохио өгөх нь буруу шүү дээ. Гэсэн ч цаашид нөхцөл байдлыг бүр дордуулахгүйн тулд дампуурлыг нь аргагүйн эрхэнд зарласныг ойлгох хэрэгтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (4)
Zochin (122.201.21.31)
БАНК ДАМПУУРСАНЫГ МОНГОЛ БАНК ЗАРЛАДАГ БИЗ ДЭЭ.ЯАХААРАА ЖДҮЧИН ДАМБА-ОЧИР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР ЗАРЛАЖ БАЙДАГ БАЙНА.БАЙНГЫН ХОРООН ДАРГА ГЭЖ БАЙГААМ БАЙХДАА. ЖДҮГЭЭС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЧИХӨӨД БАНК САНХҮҮ ЯРИЖ ЯВ ДАА.ДАМБА-ОЧИРОО.
Zochin (66.181.187.241)
Ene nokhor ooroo anod bankhiig dambuuruulaj bsan nokhor shuu dee odoo tegeed zeelee tolokhgui shudarga khun shig yum ayraad suuj bdag ene mongol neg l bishee iim khumuus tord garaad tom tom yum ayraad bna shuu dee arai bishee aydaj khudalaa ayridaggui khulgaich bish khumuus songoj baya ene nokhoriig shorond ni khiigeejee
Zochin (122.201.21.31)
КАПИТАЛ БАНКИЙГ ДАМПУУРАХАД ХҮРГЭСЭН ХҮНИЙ НЭГ НЬ ЭНЭ ЖДҮЧИН ДАМБА-ОЧИР ТА ӨӨРӨӨ БАЙХ ШҮҮ.
Монгол (66.181.181.252)
Их хурал , МАН засагийн газар ,Эрдэнэт гээд бүгд л дампуурсан одоо банкуудын ээлж ирсэн !!!
Хоосон байна
Хоосон байна