Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд гуравдугаарт оржээ
- 2019-04-11
- Үнэн
- 0
Бидний өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудал олон бий. Замын түгжрэлээс эхлээд банкны зээл, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, цалингийн хэмжээ, өрхийн дундаж орлого, гэр бүлийн маргаан, ажлын байрны дарамт, гэмт хэрэг, хүүхдийн өнчрөл, амиа хорлолт зэрэг нь нийгмийн стресс бухимдлыг бий болгосоор байна. 30 хүний бараг 90 хувь нь уур бухимдалтай байна гэсэн тооцоо ч гарсан байх юм.
Үүнээс салахын тулд иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг өөрийн улсдаа тохирсон бодлоготой болчихвол иргэдийн итгэл сэргэж, нийгэм эрүүлжинэ гэдгийг “Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал, сэтгэл судлаачдын үүрэг оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр сэтгэл судлаачид хэлж байлаа. Үүнээс гадна сэтгэл санааны тогтворгүй байдал бүх зүйлийн үндэс гэж үздэг байна. Аз жаргалын индексээрээ дээгүүр ордог Норвеги Улсын иргэд ажилтай, орлоготой, нийгмийн бүх л асуудал нь шийдэгдсэн байдаг учраас амар тайван, сэтгэл санаа нь тэнцвэртэй байдаг байна. Тиймээс төрийн бодлого нийгмийн сэтгэл зүй рүү хандах нь чухал гэдгийг сэтгэл зүйчид хэлж байгаа юм. Статистик мэдээгээр манай улсын амиа хорлолт хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд гуравдугаарт байрт орсон гэдгийг Сэтгэл судлалын дээд сургуулийн захирал Ч.Базар хэллээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт амиа хорлолт хамгийн өндөр хувьтай байгаа бөгөөд ажилгүйдэл, ядуурал гол буруутан нь болдог гэдгийг тэрбээр онцолсон юм.
ҮЛГЭР СОНСОЖ ӨССӨН ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ХЯМРАЛД ОРДОГГҮЙ
Сэтгэл судлаачдын хамгийн их санаа зовж байгаа асуудал нь хүүхдийн сэтгэл зүй болжээ. Энэ талаар сэтгэл судлаач Г.Нансалмаа “Хүүхдэд ээлтэй орчин Монгол Улсад бүрдээгүй гэдэг судалгааны дүн гарсан. Эрдэмтэн судлаачид хүүхдэд ээлтэй орчныг гэр бүлийн материаллаг байдал, сэтгэл зүйн таатай байдал гэж ангилдаг. Харамсалтай нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ материаллаг байдалд илүү анхаараад, сэтгэл зүйд анхаарал хандуулдаггүй нь судалгаагаар тогтоогдсон. Тодруулбал, эхнэр, нөхөр хоёрын таарамжгүй байдал, үл ойлголцол нь хүүхдийн оюун санаа болон тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Хүүхэддээ цаг гаргаж, ойлголцох нь учир дутагдалтай байна. Хүүхдэд хүчээр үзэл бодлоо тулгадаг, тоглохгүй байх, сэтгэл санааг нь сонсохгүй байх зэрэг үзүүлэлт өндөр хувьтай гарсан. Тэр зөрчлүүд нь цаашлаад сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх, хулгай хийх, гэмт хэрэгт өртөх янз бүрийн сөрөг нөлөөг бий болгоход үндэс суурь нь болдог” гэсэн юм. Тиймээс хүүхэддээ багаас нь үлгэр ярьж өгөх нь хамгийн зөв арга гэдгийг судлаачид хэлж байна. Үлгэр уншиж, түүнийгээ ярилцах нь хүүхдийг өөртөө итгэх итгэлтэй, зөв хүн болж хөгжихөд нь асар том нөлөө үзүүлдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон байна.
Иргэд сэтгэл судлаачдад ихэвчлэн ямар асуудлаар ханддаг талаар сэтгэл судлаач Б.Мөнх-Өлзийгөөс тодруулахад “Иргэд сэтгэлзүйч дээр гэр бүл, хорт зуршил, хүүхдийн асуудлаар ихэвчлэн хандана. Өсвөр насны хямрал дийлэнх хувийг эзэлдэг. Энэ талаар эцэг, эхчүүдэд юу гэж зөвлөдөг вэ гэхээр өсвөр насныханы сэтгэл зүйн онцлогийг нь мэдэж, 2-3 жилийн хүнд цаг үеийг хамт даван туулах ёстой гэдгийг хэлдэг. Тэрнээс гадна амиа хорлох сэдэлтэй ч юм уу, эсвэл амьдралдаа удаан хугацаагаар стрессийн байдалд орсон хүмүүс мэр сэр байдаг.Нийгмийн асуудлыг төрөөс бодлогоор дэмжиж өгвөл бас нэг гарц шийдэл болно. Дээрээс нь сэтгэл зүйн дархлаа талаасаа боловсролын шатны байгууллагуудаар дамжуулан бүхий л хэлбэрээр нөлөөлж болно. Сэтгэл зүйн тогтвортой байдал нь улсын эдийн засаг, нийгэмд чухал нөлөө үзүүлнэ. Байгууллага хамт олны сэтгэл зүйн уур амьсгал эерэг байвал ажлын бүтээмжид шууд нөлөө үзүүлдэгтэй адил” гэсэн юм. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон сэтгэл судлаачдын ихэнх нь нийгмийн сэтгэл зүйн асуудлыг судлах, судалгаан дээр үндэслэсэн төрийн бодлого, төлөвлөлтийн асуудал дутагдалтай байгааг онцолж байлаа.
Сэтгэгдэл (0)