Ү.Амарбат: Засгийн газрын шийдвэрийг хянадаг хуулийн давхардлыг арилгах хэрэгтэй

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар маргааш хэлэлцэнэ. Уг хуульд Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байх өөрчлөлт оруулж ирсэнтэй холбогдуулан хуульч Ү.АМАРБАТТАЙ ярилцлаа.

-Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэнэ. Өнгөрсөн онд энэ хуулийн өөрчлөлт нэлээд дуулиан дагуулснаар анх оруулж ирсэн хувилбарын хүрээг хумьсан. Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахааргүй болгох өөрчлөлтийг та хувьдаа хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульчлах замаар нэг стандартад оруулж, хүний эрхийг хамгаалъя. Энэ стандартын дагуу гаргаагүй шийдвэрийг Захиргааны шүүхээс хүчингүй болгох замаар захиргааны байгууллагуудын дур зоргоор авирлах, хүний эрхийг зөрчих байдлыг таслан зогсооё гэдэг санаа аль 2006 оноос эхлэлтэй юм. Судалгааны дүгнэлтийн дагуу Засгийн газраас тогтоол гаргаад захиргааны үйл ажиллагааг хуульчлан зохицуулах шаардлагатай гэж үзсэн. Ингэж явсаар манай улс 2015 онд Захиргааны ерөнхий хуультай болсон. Ийм хуультай болсноор захиргааны байгууллага тодорхой алхмаар шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэрт хамааралтай этгээдэд шийдвэрийг сонсгодог буюу заавал оролцуулдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргасны дараа биш гаргах гэж буй шийдвэрт болзошгүй эрхийн зөрчил байгаа эсэхийг хянах тогтолцоог бий болгосон. Энэ бол маш сайн тогтолцор. Харин энэ тогтолцоонд байгаа зарим удаашралтай юмуу эсвэл төрийн байгууллага заавал хийх ёстой ажиллагааны дагуу тодорхой асуудалд шийдвэр гаргахад удаашрах нөхцөлийг бий болгочихсон.

Хамгийн том жишээ нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад маш тодорхой харагдсан. Тодруулбал, УИХ-аас тогтоол гаргаад “Эрдэнэт’’-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан процесс нь алдаатай байна, төрийн мөнгө оролцсон учраас 49 хувийг улсад буцааж ав. Ингэхдээ 49 хувийг Монголд худалдаж авчирсан ’ “Монголын зэс” корпорацынхантай УИХ-ыг хэлэлцээр хий гэсэн. УИХ-аас гаргасан энэ тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс хянаад “Хууль зөрчөөгүй” гэж үзсэн.

-Тэгэхээр Засгийн газар тогтоол биелүүлэхдээ “Монголын зэс” корпорацтай хэлэлцээр хийх байсан гэсэн үг үү? 

-Тийм. 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпорацынхан бидэнтэй хэлэлцээр хийлгүйгээр “Эрдэнэт”-ийг төрийн мэдлийнх болгочихлоо гээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Үүний дагуу Захиргааны хэргийн шүүхээс “Монголын зэс”-тэй хэлэлцээр хийгээгүй нь зөрчил болжээ гэсэн шийдвэр л гаргасан. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй шүүгч энэ хэрэгт ажилласан байна гэж дүгнээд байдаг. Тийм ч учраас шүүхийг лоббидсон гэх хардлага ч гарсан.

-Гэхдээ Засгийн газар УИХ-ын тогтоолыг л хэрэгжүүлсэн биз дээ?

-УИХ-аас гаргасан бүх шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу ингэж л ажилладаг. Гэтэл Засгийн газар УИХ-ын тогтоол дахь агуулгыг зөрчиж шийдвэр гаргасныг шүүх хүчингүй болгосон л асуудал шүү дээ. Үүнээс үүдээд л Захиргааны шүүхийнхэн Засгийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгоод ажил явуулахгүй байна гээд байгаа юм.

 

-"Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор л Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөх гээд байгаа шүү дээ. Таны харж байгаагаар энэ нь үнэхээр хууль өөрчлөх хэмжээний шийдвэр мөн юмуу? 

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор янз бүрийн гаргалгаа хийсэн байж болно. Харин үүнтэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэр бүрийг Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй, дур зоргын болгохоор хууль өөрчилж болохгүй гэж хуульчид бид санал, санаачилга гаргасан юм. Хууль баталсан УИХ нь биш хууль батлахад огт оролцоогүй буюу хэрэглэдэг хуульчид нь хамгаалсан дүр зурагтай л байна. Гэхдээ сүүлд хүрээг нь хумьсан нь зөв болсон. Хүрээг нь хумьснаар Засгийн газрын нийт шийдвэрийн 20 орчим хувийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй болно гэсэн үг. Энэ бол харьцангуй боломжийн хувилбар буюу томоохон бүлэглэл юмуу бизнесийн лоббигоор төрөөс шийдвэр гаргуулчихдаг байдлын эсрэг байж болох сайн талтай. Гэхдээ манай төр, засгийнхан эхлээд дандаа л сайн сайхныг бодож шийдвэр гаргадаг. Гэтэл энэ нь эргээд муу муухайг хэрэгжүүлэх хэрэгсэл болчихдог. Тэгэхээр энэ хуулийн төслийг хожим буруузүйлд ашиглахыг үгүйсгэхгүй. Бүр тодруулбал, хүний эрх зөрчсөн юмуу шүүхээр хянуулахад унаж болзошгүй шийдвэр болгонд УИХ-аас чиглэл өгсөн гэж хэлээд хамгаалаад байх талтай. Хуулийг анх Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар оруулж ирсэн. Энэ бол маш аюултай шийдвэр байсан.

УИХ-аас “Үүнийг хий” гээд хэлчихэд л Засгийн газар ямар ч шийдвэр гаргаж болно гэсэн үг шүү дээ. Ингэж гаргасан шийдвэр нь хүний эрх зөрчсөн байсан ч Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар оруулж ирсэн. Энэ чигээр нь баталсан бол маш том ухралт болох байлаа.

 

Энэ өөрчлөлтийг баталсан бол хуульчид Засгийн газар болон аливаа төрийн байгууллагын шийвэрийг хүчингүй болгуулахын тулд эхлээд УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулах ёстой болно. Үүний тулд заавал Цэцэд очсон байх ёстой. Ингээд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй холбоотой бүх маргааныг Цэц хянах нөхцөл үүсэх байсан. Цэц шийдэх хүртэл хүний эрхийг зөрчсөөр байх байлаа шүү дээ. Энэ бүхнийг засахын тулд Захиргааны ерөнхий хууль руу орж болохгүй. Гагцхүү тухайн институцын хөгжил, тэнд байгаа ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн арилгахад анхаарах ёстой байдлаар Засгийн газар өөртөө эрх олж авах нь аюултай. Бага багаар өөртөө эрх хуримтлуулсаар тогтолцоо сүүлдээ дарангуйлалд шилжихгүй гэх баталгаагүй.

-Захиргааны шүүх хүний эрхийг хамгаалахын тулд уу эсвэл Засгийн газрын шийдвэрийг хянахын тулд байгаа юм уу?

-Захиргааны ерөнхий хуулийн дагуу ямар ч тохиолдолд төрийн байгууллагууд хүний эрхэд нийцсэн, иргэний зүй ёсны эрхийг зөрчөөгүй шийдвэр гаргадаг байхын тулд л Захиргааны ерөнхий хууль оршиж байгаа юм шүү дээ. Энэ хуулийн дагуу яваагүй бүх зүйлийг Захиргааны шүүх хянаж байгаа нь тухайн хүн өөртөө эрдээд, дарга гэдэг итгэл үнэмшлээрээ хүний эрх зөрчсөн шийдвэр гаргалаа гэж бодоход энэ бүхнийг хөндлөнгөөс хянадаг шүүх байх ёстой гэдэг үүднээс л Захиргааны шүүхийг байгуулсан. Энэ бүхний заагт л ардчилал оршин тогтнодог. Гэтэл энэ гол зангилааны “шүд’’-ийг сугалаад хэлбэр төдий болгочихож болохгүй.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан нь буруу гэх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс гаргасан гэж тайлбарлаад байгаа. Энэ тохиолдолд Засгийн газрын зөв юм биш үү?

-Энэ тухайд буруу тайлбарлаад байгаа юм. УИХ-аас “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж ав гэдэг шийдвэр гаргаснаар Засгийн газар авсан. Гэтэл буцааж авсан шийдвэрийг нь Захиргааны шүүх хүчингүй болгоод байна гэж тайлбарлаад байгаа юм. Ийм шийдвэр гаргаад байгаа шүүгч нь Худалдаа хөгжлийн банктай холбоотой учраас ингэж шийдээд байна гэж нийтэд ойлгуулсан. Үнэхээр ингэсэн юм болов уу гэж үзэхээр өөр байгаа юм. Захиргааны хэргийн шүүхийн дүгнэлтийг үзэхээр Засгийн газар “Эрдэнэт”- ийн 49 хувийг буцааж авсан нь буруу гээгүй. Харин Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлэх явцдаа тогтоол дотор заасан “Тухайн компанитай хэлэлцээр хий” гэсэн заалтыг зөрчсөн байна л гэж дүгнэсэн. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн “Мэдэгдэн сонсгох” зарчмыг баримтлаагүй буюу хуулийн энэ заалтыг хэрэглээгүй байна л гэж үзсэн.

-Хууль өөрчлөх үндэслэлийн нэгийг тэртэй тэргүй Засгийн газрын бүх шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц хянах заалттай учраас Захиргааны хэргийн шүүх хэрэгтэй эсэх талаар яриад эхэлсэн. Үүнээс үзэхэд хуулийн давхардлын талаар ярих ёстой юм биш үү?

Шүүх эрх мэдлийн хүрээнд хамгийн гол асуудал нь шүүхийн харьяалал байдаг. Өөрөөр хэлбэл, аль хэргийг хэн шийдэх юм бэ. Энэ тухайд хамгийн маргаантай нь Засгийн газрын шийдвэрийг хэн хянах вэ гэдэг асуулт гарч ирээд байдаг. Цэц бол Засгийн газраас гаргаж буй бүх шийдвэрийг би буюу Үндсэн хуулийн Цэц хянах ёстой гэж үздэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд бичсэнээр нийтэд чиглэсэн акт гаргадаг субьект буюу үүнд нь Засгийн газар багтаад төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахаар заачихсан. Тэгэхээр Үндсэн хуульд “Засгийн газрын шийдвэрийг Цэц хянана” гээд биччихсэн атлаа Захиргааны ерөнхий хуульд Захиргааны хэргийн шүүх ч хянаж болохоор заачихсан. Гэтэл энэ хоёр хуулийг УИХ л гаргасан шүү дээ. Өөрөөр хэлбэл, одоо Захиргааны хуулийг буруутгаад байгаа хүмүүс дээрх хоёр хуулийн хоёуланг батлан гаргахад гар бие оролцсон. Эргээд энэ хуулийг засах боломж нь УИХ-д байгаа Хэрвээ үнэхээр Цэцийн шийдэх асуудалд Захиргааны хэргийн шүүх оролцоод байна гэж үзэж байгаа бол хуулиа нэг мөр болгох хэрэгтэй. Хуулийн давхардлыг УИХ өөрөө арилгах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийг одоо Захиргааны хэргийн шүүх ч , Үндсэн хуулийн Цэц ч хянаж болохоор байгаа нь үнэн.

-Таныхаар аль нь хянадаг байвал зөв юм бэ?

 

-Ер нь Үндсэн хуулиа харах ёстой. “Засгийн газрын шийвэрийг Үндсэн хуулийн Цэц хянана” гээд Үндсэн хуульд заачихсан байдаг. Тэгэхээр нэгэнт Үндсэн хуульд ингээд заачихсан учраас Захиргааны хэргийн шүүх Цэцийн шийдэх асуудал руу давхар ороод байх үндэслэл дүр зураг харагдахгүй байгаа юм.

Хамгийн гол нь Захиргааны ерөнхий хуулийг батлахдаа Захиргааны шүүх нь Засгийн газрын шийдвэрийг хянаж болох зохицуулалт хийсэн нь УИХ-ын алдаа болж харагдаад байгаа юм Энэ бүхнийг нэг тийш болгох эрх нь УИХ-д байсаар атал үүнийгээ ашиглахгүй атлаа өөр хууль руу дайрах замаар асуудлыг хэлэлцэх гээд байгааг л хуульчид буруутгаад байгаа юм.

-Захиргааны ерөнхий хуультай болж, шүүх байгуулах хамгийн гол шаардлага нь юу байв. Өнөөдөр энэ шүүхийн эрх хэмжээг хумих талаар яриад байгаа нь өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй мэт ойлголт төрүүлээд байна л даа?

-Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүх байгуулсан хамгийн гол зорилго нь жирийн иргэн, жирийн компанийг төрийн албан тушаалтны дур зоргоос хамгаалах зорилготой юм. Энэ хуулийг гаргахаас өмнө төрийн бүх байгууллага гаргах шийдвэрээ янз бүрээр журамласан байсан. Зарим нь 30 хоногт шийдвэр гаргадаг байсан бол зарим нь гурав хоногт ч гаргадаг байсан. Мөн төрийн байгууллагууд хүний эрхийг яаж ч зөрчсөн нэгдсэн стандарт, шалгуургүйгээр шийдвэр гаргадаг байсан. Ялангуяа аймаг, нийслэлээс шийдвэр гаргахдаа өөрсдийнхөө дур зоргоор асуудалд ханддаг. Ийм үед Захиргааны ерөнхий хуультай болж, шүүх байгуулснаар төрийн байгууллагууд нэг ижил стандартаар шийдвэр гаргадаг болсон. Ингэхдээ гаргаж болох шийдвэрийн агуулга ямар байхыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, хүний эрх зөрчсөн дур зоргын байдалтай шийдвэр гаргаж болохгүй, өөртөө үйлчилж болохгүй гэж заасан. Хоёрдугаарт, шийдвэр гаргах процессыг зааж өгсөн. Тодруулбал, төрийн байгууллагууд аливаа шийдвэр гаргахдаа нөгөө талыг заавал сонсох ёстой, шийдвэрийнхээ талаар мэдээлдэг байх ёстой. Шаардлагатай бол шийдвэр гаргахаас өмнө иргэдээс асуух ёстой. Тухайн шийдвэр нь иргэдэд давтан үйлчлэх бол Хууль зүйн яаманд заавал бүртгүүл. Харин Хууль зүйн яам энэ шийдвэр бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах ёстой гэх мэтээр хязгаар тогтоож өгсөн. Үүний зэрэгцээ дээрх хуулийн заалтыг зөрчөөд байвал Захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдээлэл гаргаад тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах буюу эрхээ хамгаалуулж болно гэж үзээд хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх үндсэндээ иргэний эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Нөгөө талаар Захиргааны хэргийн шүүхтэй болсноор маш олон мянган төрийн албан хаагч улс төрийн томилгооноос болж ажлаас халагдах явдал багассан. Ингэснээр нэг нөхөр төрийн албанд очоод хэнийг ч хамаагүй халдаг, дур зоргын байдлыг хязгаарласан гээд давуу тал олон бий.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголынх болгосон нь маш том худалдан авалт, том наймаа байсан. Энэ талаар ярьсан хүмүүс аль нэг талынх юм шигээр олон нийт ойлгодог болчихсон. Жишээлбэл, таны ярианаас 49 хувийн тал гэж хардахаар байна л даа?

-Хүссэн хүсээгүй тухайн шийдвэр хууль зөрчсөн бол "Буруу байна” гэдгийг хуульчид бид хэлэх л ёстой юм. Харин ингэж хэлж байгаагийн цаана аль ч талыг хамгаалж болно.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)