Үхрээ хогоор хооллодог Монголын эмгэнэл

Өдөржин хог эргүүлдсэн үхрийнхээ сүүг ууж, махыг нь идсээр байна. Үхэр гэдэг сонин идэштэй ховдог амьтан. Эргэн тойронд нь ногоон өвс халиурч байхад идэхгүй хэрнээ айлын гадна мартаад орхисон саванг яах ийхийн зуургүй үмхээд авна.

Тэгээд амнаасаа хөөс сахруулан хивээд зогсож байхыг нь олон ч удаа харж байлаа. Зуслангийн айлуудын хувьд ховрын бараанд тооцогддог нүүр гарын савангаа үхэрт идүүлэх нь дээхнэ үед бас л овоо гарз хохиролд тооцогддог байв. Үхрийн энэ “сонин” зан өнөө цагт улам “архагшиж”, илүү муухай зүйлд дурлах болжээ. Өөрөөр хэлбэл, энд тэндэхийн хогийн цэг тэдний очих дуртай газар болоод буйг манай сонин хөндөн бичиж, албаны хүмүүст анхлан анхааруулсан билээ. Улаанчулуунтын хогийн цэг дээр үхэр сүрэг хоёр, гурван зуугаараа идээшилж, тэндээс бэлтгэсэн мах, сүүг нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэж байгаа тухай цуврал нийтлэл бэлтгэн хүргэсний дараа хотын Засаг дарга захирамж гаргаж, хотын суурьшлын бүсэд мал бэлчээхийг хориглож байв. Ингэснээр хог иддэг үхэрний уршиг нийслэлчүүдийн хувьд бага ч атугай шийдэгдсэн гэж болно.

Гэхдээ тайвшрахад эрт аж. Учир нь хөдөө, орон нутгийн үхэр сүрэг хогийн цэгийн байнгын зочин хэвээр байна. Хэд хоногийн өмнө ажлын шугамаар Сэлэнгийн хэд хэдэн сумаар явлаа. Сумын төвүүдийн хогийн цэг дээр үхэр бэлчээрлэж буй дүр зураг хаа сайгүй. Хэнтийд ч байдал ялгаагүй гэдгийг тэндхийн хүмүүс хэлж байна. Ер нь зөвхөн Сэлэнгэ, Хэнтий гэлтгүй Төв, Өвөрхангай, Дундговь, Архангай гээд нийслэлтэй ойрхон олон аймгийн нутагт үхэр сүрэг хогийн цэг дээр бэлчиж буй тохиолдолтой таарах болно. Нутгийнхан ч “байдаг л зүйл” гэсэн шиг үүнтэй эвлэрчихэж. Хамгийн харамсалтай нь өдөржин хог эргүүлдсэн үхрээ бид орой нь сааж, сүүг нь ууж, нядлаад махыг нь идсээр байгаа юм. Бусдын хаясан муу муухай бүхнээр хооллосон үхэрнээс ямар сүү, ямар мах гарахыг төсөөлөөд үзээрэй.

“Хог идсэн үхрийн сүү лав шим тэжээл гээд байх юмгүй харин ч хортой байж мэднэ. Гэвч үүнийг шинжилж судлахгүй байгаа болохоор их сүүн дотроо холилдоод л нийлүүлэгдэж байгаа шүү дээ. Уг нь сум бүрт мал эмнэлгийн тасаг гэж бий. Тэр нөхдүүд үүнийг анхаарах үүрэгтэй юм. Дээхнэ үед Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Б.Дорж гэж эрдэмтэн судалж шинжлээд, хог иддэг үнээний сүү нянгийн бохирдол ихтэй байгааг тогтоосон байдаг. Үхрийг хог дээр бэлчээхгүйн төлөө энэ хүн дуугарч, хэл ам хийдэг байлаа. Харин одоо үүнийг судалж шинжилж байгаа хүн алга шив дээ” хэмээн Монголын малзүйч үржүүлэгчдийн холбооны захирал, гавьяат малзүйч Д.Самданжамц хэлсэн юм.

Үнэхээр түүний хэлснээр хог идсэн үхрийн мах, сүүнд ямар өөрчлөлт гардаг талаар өдгөө бид шинжилж тогтоогоогүй л явна. Улаанчулуутын хогийн цэг дээрх үхрийн асуудал ид дэгдэж байх үед тэнд идээшилдэг үнээний сүүг МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд хариу нь янз бүр гарч байсан удаатай. Эхлээд уг сүүг уухад аюулгүй гэсэн хариу гарсан бол дараа нь сүүний дээж өөрчлөлттэй гарсан гэх бүрхэг мэдээллийг албаныхан өгч байв. Эндээс харахад бид ходоодонд орж буй хоол хүнсээ аюулгүй эсэхийг шинжилж огт чадахгүй байна. Техник технологи асар өндөр хөгжсөн өнөө цагт ууж буй сүүгээ ч шинжилж чадахгүй байна гэдэг тун харамсалтай.

Үхэр байнга хог идэхээр ходоод нь хоол боловсруулж чадахаа больдог

“Социализмын үед ч үхэр хог идлээ гэх асуудал гардаг байлаа. Хог идсэн үхрийн ходоод нь ялзарчихдаг юм билээ. Заримдаа үхэр хадаастай юм идсэнээс болж өрц нь цоороод үхэх тохиолдол ч гарч байсан. Үхэр голдуу хоолны хаягдал, хүнсний бүтээгдэхүүн, цаас иддэг. Мөн заримдаа гялгар уут ч иднэ. Болзолт рефлекс гэдэг шиг нэг удаа хог идсэн үхэр дахиж идэх гээд байдаг талтай. Гэхдээ дээр үед хогийн цэгээ тойруулаад хашаа татах зэргээр арга хэмжээ авдаг байсан. Мөн малчид ч энэ асуудалд их анхаардаг байсан. Харин одоо мал хувьд очсоноор бүх зүйл замбараагүй болжээ. Өглөө дураар нь тавиад явуулчихна. Өдөржин хэдэн үхэр нь хог дээр бэлчиж байгаад ирэхээр нь орой жаахан хивэг өгсөн болоод л сааж байна шүү дээ” хэмээн Д.Самданжамц нэмж өгүүлсэн юм.

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ гэсэн үг бий. Үнэнийг хэлэхэд хот, хөдөөгүй үхэр сүрэг хог идсэн хэвээр байгаа нь бидний л арчаагүйгийнх. Одоо болтол хогоо ил задгай хаядаг манайх шиг улс хэр олон бол. Тэгээд өнөө хогийн цэг дээрээ хүн, малгүй найрладаг арчаагүй дүр зургийг Монголоос л харж болох байх. Хүн, малын халдварт өвчин огт буурахгүй байгаагийн нэг учир нь энэ ч байж мэднэ. Хэдэн үхрээ хог руу тууж орхичихоод орой сүүг нь саагаад ууж байгаа хүмүүс яаж ч эрүүл байх билээ. Тэгээд болоогүй, хэрэгцээнээс илүү гарсан сүүгээ зардгийг хүн бүр мэднэ.

Хог иддэг үнээний сүү нянгийн бохирдол ихтэй байдгийг тогтоосон

Үхэр байнга хог идэхээр ходоод нь хоол боловсруулж чадахаа больдог юм билээ. Тиймээс ердөө 3-4 жил амьдраад л үхэх нь элбэг. Эзэд нь хүртэл үүнийг мэддэг болохоор шүдлэн, хязаалан насан дээр нь нядлаад зарчихдаг. Мал эмнэлгийн хяналт, малын гарал үүслийн гэрчилгээ гээч зүйл хөсөр хаягдсан одоогийн нөхцөлд хүмүүс худалдан авч буй махаа эрүүл эсэхийг нь мэдэх ямар ч боломжгүй. Ингээд элдэв нян, бохироор хооллож, ямар уутаар гэдсээ дүүргэдэг байсан үхрийн мах захын лангуун дээр тавигдан танай гэрт очсоор байгаа юм. Үүнд хяналт тавьдаг хувь хүн, албан байгууллага ч гэж алга.

Энэ асуудлыг шийдэхэд дан ганц сум, орон нутгийн удирдлагуудын гарыг хараад нэмэргүй. Тусгайлсан хогийн цэг байгуулахаар төлөвлөж байгаа ч одоогоор хөрөнгө мөнгө дутагдалтай байгааг зарим сумын Засаг дарга учирлаж байв. Мөн хогийн цэгээ тойруулаад хашаа хатгасан ч хэдхэн хоногийн дараа эвдэрчихсэн байдаг гэх зовлон их. Тиймээс энэ асуудлыг улс анхааралдаа авч, салбар хариуцсан ХХААХҮЯ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө дорвитой ажил хийх цаг болжээ. Ядаж л хогийн цэг дээр идээшилдэг үхрийн мах, сүүнд ямар өөрчлөлт гардгийг даруй судалж тогтоомоор байна. Өөрсдөө шинжилж чаддаггүй юм бол өндөр хүчин чадалтай гаднын лаборатори руу дээжийг нь явуул даа. Үүний дараа бид хүнсэндээ ямар сүү, мах хэрэглээд байгаа нь тодорхой болох нь гарцаагүй. Энэ цагт асуудлыг дахин сөхөж, олон нийтэд анхааруулбал үр дүнд хүрэх учиртай. Харин одоо бол хог идсэн үхрийн мах аюултай байж таарна гэж хар таамгаар бичихээс өөр арга алга.

Энэ талаар академич Я.Ганболд “Хогийн цэг дээр төрөл бүрийн химийн хортой хаягдлууд бий. Тэгэхээр малын биед тодорхой хэмжээнд хуримтлагдаж, гадагшилж таарна. Гэхдээ нотолгоо баримтгүйгээр мах сүү нь ийм байна гэж хэлэх боломжгүй. Тэгэхээр сүү, махыг нь шинжилгээнд өгөх зайлшгүй шаардлагатай. Миний бодлоор хар тугалга илрэх өндөр эрсдэлтэй” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Анх хог иддэг үхрийн талаар хөндөн бичсэнээс хойш жил гаруй өнгөрчээ. Манай нийтлэлийн мөрөөр мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргасан нь хотын өмнөх удирдлагын том гавьяа байв. Харин өөрсдийн идэж, ууж байгаа мах, сүүгээ шинжлэх ажил хэний ч анхаарлыг таталгүй орхигдон үлдсэн. Уг нь жил хагасын хугацаанд ямар л бол ямар шинжилгээ хийж, хог иддэг үхрийн мах, сүүг хүнсэнд хэрэглэж болох эсэх эргэлзээг тайлж амжмаар хугацаа. Сэтгэл дутаад байна уу, эсвэл жижиг асуудал гээд тоохгүй байна уу. Эрх мэдэлтнүүд нүдэн балай, чихэн дүлий суух хооронд хүмүүс үхрээ дагаж хордсоор байна. Монголчуудын хавдраар нас бардаг нь улам ихсэж буй нь үүнтэй холбоотой ч байж магад.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)