Хархорум нийслэл байгуулагдсаны 800 жилийн ой болно
- 2019-04-19
- Үнэн
- 0
Ирэх 2020 онд Хархорум нийслэлийг барьж байгуулах тухай Чингис хаан 1220 онд зарлиг буулгаж, хот байгуулж эхэлсний 800 жилийн ой тохионо. Энэ бол ховор тохиох түүхэн тэмдэглэлт тоолол мөн. Энэ чухаг түүхэн ойг төр засгаас шийдвэр гарган улс даяараа тэмдэглэн өнгөрүүлэх нь өнөөдөр түүх болоод цаг үе, улс төрийн чухал ач холбогдолтой. Учир нь бидний өвөг дээдсийн байгуулсан агуу их түүхийг өөрийн болгож хүртэх гэсэн, улайм цайм булаан эрхшээх гэсэн бусдын ичгүүргүй оролдлого хэрээс хэтэрч байгаа энэ цаг үед тэднийг гарцаагүй гартааж, буцалтгүй буруулах хариуг нь хангалттай өгөх хэрэгтэй болж байна. Тийм учраас энэ түүхэн ойг ёс төртэй, өргөн дэлгэр тэмдэглэж, өнгөрсөн түүх цадигаа дэлхийн сонорт дахин нэг хүргэн дуулгах таатай завшаан тэр болно оо.
1235 оноос Орхон голын зүүн хөвөөнд хот байгуулж Хахорум гэж нэрлэв хэмээн сурвалжид бичсэн буй. Энэ тухай 2003 онд Монгол-Германы археологичдын хамтарсан малтлагын дүнд олдсон хөшөөний бичээст юу гэж өгүүлснийг нэмж үзье: “Тайзу Чингис хаан ширээнд заларсан 15 дахь он буюу гэнчэнь жил/1220 он/ тэрээр Хэлин/Хархорум/-ийг нийслэл/орд өргөө/-ээ болгохоор тогтов. Тайзүн/Өгэдэй хаан/ хааны ивээлд бүх хүн амьтан энх тунх, өнөр өтгөн байлаа. Хаан бээр /тэнд/ анх удаа нэгэн ордныг барьж байгуулав. Тийн бас нэгэн буддын шашны сүмийг барилаа...” гэжээ. Хөшөөний хятад бичээсийг тайлсан эрдэмтдийн орчуулгад: “Чингис хагаан их ор-а сагугсан арван тавдугаар онгин луу жил-дур Хорум-а сагуху балгасун орошилугсун ажугуу...”. хэмээж байна.
Плано Карпини, Рубрук нарын замын тэмдэглэлд Хархорум хотын байдлыг бусдаас илүү оновчтой бөгөөд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Хотыг барихад газар газрын уран барилгачид оролцсон бөгөөд Лю Мин гэдэг хятад уран барилгачин ерөнхийлөн удирдаж бариулжээ. Монгол талаас Чингис хааны отгон дүү Отчигин ноён их үүрэгтэй оролцсон гэдэг. Хархорум хот бол Их Монгол улсын засаг захиргаа, худалдаа, соёлын төв болж байсан юм. Тухайн эрин үедээ дорно дахинд хамгийн их хөл хөгжөөнтэй, олон улсын харилцааны зангилаа хот байв. Хотын дотор үзэсгэлэнтэй гоёмсог орд харш, сүм хийд, барилга байшин олон байсны хамгийн том нь саяхныг хүртэл Өгэдэй хааны Түмэн Амгалант харш гэгдэж байсан Буддын шашны түм сүм Цогт их асар болой.
Хархорумын ойролцоо зарим нь нэг өдөрчийн газарт Өгэдэй хааны бариулсан хэд хэдэн явуул орд байсны хоёр нь жижигхэн гоёмсог хот байжээ. Үүний нэг нь Хархорумын өмнөдөд, нэг өдөрчийн газрын зайд байх гэр ордтой Суурин хот болой. Суурин хотыг 1237 онд персийн дархчуудаар бариулсан. Нөгөө нэг нь Хөшөө нуурын дэргэд 1238 онд байгуулсан Тосох хот юм. Энэ нь бас жижгэвтэр мөртөө гоёмсог хот байсан агаад тэнд 1000 хүний суудалтай сувдан хана, алтан дээвэртэй “Угтах ордон” (зочид угтах) байсан гэдэг.
“Өгэдэй хаан Хархорумын умардад холгүй орших Шар ордондоо зусч, намарт Хөх нуурын (Хөх ус) дэргэд намарждаг байлаа” гэж эх сурвалжид тэмдэглэсэн бий. Өгэдэй хаанд Хархорумын Түмэн Амгалант харш, Суурин орд, Тосох хотын Угтах орд, умардын Шар орд, Хөшөө нуурын орд, Онгийн орд зэрэг 6 орд хот байсан. Их хаан жилийн дөрвөн улирлыг тэдгээр ордуудад ээлжлэн өнгөрөөдөг байжээ. Хархорум нь Чингисийн дараах хаад, ялангуяа Өгэдэй, Мөнхийн үед улам хөгжин өргөжиж, Монголын их гүрний засаг захиргаа, худалдаа соёлын том төв, Ази-Европыг холбосон чухал зангилаа цэг болсон байна. Өгэдэй хааны үед хотын бэхлэлт, хэрэм, үзэсгэлэнтэй сайхан орд харш баригджээ. Хааны ордон харвасан сумын тусах газрын чинээ урт бөгөөд нэлээд өндөр суурин дээр барьсан байлаа.
Монголын их гүрний засаг захиргаа, худалдаа соёлын том төв, Ази-Европыг холбосончухал зангилаа цэг болсон байна. Өгэдэй хааны үед хотын бэхлэлт, хэрэм,үзэсгэлэнтэй сайхан орд харш баригджээ. Хааны ордон харвасан сумын тусах газрынчинээ урт бөгөөд нэлээд өндөр суурин дээр барьсан байлаа.
1948-1949 онуудад Монгол, Зөвлөлтийн хамтран явуулсан археологийн хайгуулын ажлын дүнгээс үзэхэд хааны ордон хотын баруун өмнөд хэсэгт байжээ. Тэнд шавар хэрмийн дотроос 6 барилгын үлдэгдэл, гэрэлт хөшөө, пайлууран мэлхий хэлбэрт чулуун суурь олдсон. Ордны гол барилга нь өндөр суурин дээр барьсан 64 багана бүхий их танхим байсан. Танхимын шалыг ногоон паалантай хавтгай тоосго дэвсэж хийжээ. Ордны бүх барилгыг ногоон, улаан өнгийн тоосгоор өнгөлж, янз бүрийн хөрөг дүрсээр чимэглэсэн байлугаа. Эдгээр чимэглэлийн дотроос ХII-ХIII зууны үеийн уйгур хийц маяг, уламжлалын бүтээлүүдийн үлдэгдэл (жишээ нь: Бодисатвагийн шавар толгой зэрэг) их сонирхолтой. Хааны ордонд Францын дархан Вильгельм Бушье мөнгөөр урлан босгосон хиймэл мод хотын үзэсгэлэнт зүйлсийн нэг нь болж байсан нь гарцаагүй.
Хархорумд буддын болон христос, лалын шашны 12 сүм байсны дотор буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Дээр дурдсан Эрдэнэ Зуугийн чулууны бичээсийн хятад, монгол эхээс үзэхэд, Өгэдэй хаан ордон, сүм бариулж, барилгын бусад ажлыг бүрэн дуусгуулж амжаагүйг Мөнх хаан залгамжлан авч 1256 онд “Их бурхны суварга” буюу “Хуран бүрхэх агуу өндөр цамхаг” байгуулжээ. Энэ сүм таван давхар, өндөр нь гурван зуун тохой, доороо дөрвөн этгээдэд долоон зуун тохой хийд байгуулаад тэд дотроо бурхан нугуудыг номын ёсоор зэргээр оршуулсан ажгуу. Уг сүмийг 1311 ба 1342-1346 онд хоёр удаа сэлбэн засаж улам гоё сайхан болгосон тухай уг бичээст дурдсан байна.
Хархорумын барилгын соёлд уйгур аймгийн хот балгасын хуучин уламжлалын нөлөө их байсан боловч, байлдан дагуулсан харь орнуудын соёл, уран барилгын нөлөө зонхилж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Хархорумыг барьж байгуулах үйлсэд байлдан эзэлсэн улс орнууд, ялангуяа Дундад Азийн орнуудаас олзлон авчирсан олон барилгачид, урчуул дархчуул идэвхтэй оролцсон байдаг. Мөнх хааны ордны дэргэд уйгур, англи, франц, орос, хятад зэрэг төрөл бүрийн үндэстний хүмүүс ажиллаж байжээ. Хааны ордны дэргэдэх мөнгөн мод зэрэг бусад гоёл чимэглэлийг урласан францын уран дархан Вильгельм Бушьегээс хэдэн жилийн өмнө Гүюг хааны ордонд оросын Кузьма нэрт алт мөнгөний дархан ажиллаж байв. Энэ орос дархан хааны ширээ, тамга зэргийг урласан гэдэг.
Хархорумыг малтахад олдсон олдворуудаас үзэхэд энэ хот гар үйлдвэр, уран дархны том төв байсан нь илэрхий байдаг. Ер нь Монголд эрт дээр цагаас үүсэн хөгжсөн гар урлал Их Монгол улсын үед гар үйлдвэр улам хөгжжээ. Хархорумаар төвлөсөн гар үйлдвэрийн хэд хэдэн том суурин байсан. Хубилай хаан Монголын нийслэлийг Хятад руу нүүлгэсний дараа Хархорумд байсан олон тооны гар үйлдвэрийн газар Хаанбалгас, Шанду хотуудад шилжсэн юм. Гэвч Хархорумд архи, зэвсэг үйлдвэрлэх, нэхмэл сүлжмэл, ваар сав, төмөр, модон эдлэл хийх нэлээд тооны гар үйлдвэр ажилласаар байжээ.
Хархорумд алдартай монгол уран дархан, сийлбэрчин олон хүмүүс амьдарч байжээ. Жишээлбэл, Хятадын Ханжоу хотын хаданд сийлсэн бурхны хөргийг урласан Төгстөмөр, нум сум чадамгай урладаг байсан Тангад нарыг нэрлэж болно. Өдгөө ч гайхалтай уран нарийн хийцээрээ үзсэн хүний харааг булаан гайхамшигт үзмэр болон оршсоор байдаг Ханжоугийн сийлбэр бурхныг үүнийг тэрлэгч бээр хоёр ч удаа очиж үзсэн болой. “Юань улсын судар”-т нумч дархан Тангад үе улиран Хархорумд сууж байсан бөгөөд бусад хуяг зэвсгийн дархчууд бас байсан гэж өгүүлснээс үзвэл Хархорумд цэрэг зэвсгийн үйлдвэр зонхилж байсан бололтой.
Нийслэл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, хятадын дао хэмээх бомбын шашин, буддын шашны төлөөлөгчид олон тоогоор оршин сууж, монголчуудын дунд өөрсдийн шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхийлэн зүтгэж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой байдаг. Хархорумд янз бүрийн улс үндэстний 12 хийд, лалын шашны 2 сүм, хотын захад христос шашны сүм болон буддын сүм хийд ажиллаж байсан тухай В.Рубрук бичсэн бий. Эдгээр шашныг номлогчид нь Монголын хаадыг өөр өөрийн шашиндаа оруулж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. В.Рубрукийн бичсэнээр, тэд Мөнх хааны хойноос баланд шавсан батгана шиг хошууран шашиндаа ятган оруулахыг элдвээр чармайдаг байсан авай.
Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж хоорондоо чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, бомбо, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Мөнх хааны ордонд болсон маргаанд христос шашныг хамгаалан оролцож ном хаялцсан В.Рубрук ийм нэгэн жишээний тухай өөрийн номд тодорхой бичсэн байдаг бол хятадын бомбын шашин ба буддын шашны хоорондох ширүүн тэмцлийг Мөнх хаан биечлэн оролцож шийдвэрлэсэн тухай түүх бичлэг бий. Хэд хэдэн удаагийн тийм ном хаялцаанд бомбын шашны лам нар буддын шашны лам нарт ялагдсан юм. Монголын язгууртан ангийн төлөөлөгчид нь байлдан дагуулсан улс орнуудынхаа соёл, шашны нөлөөнд гүнзгий автагдан христос, лал болон буддын шашинд орох явдал ихэсч байв. Тэдний дунд эртний бөө мөргөлийн нэр нөлөө эрс буурч ирэхийн хамтаар ихээхэн эрх мэдэлтэй болсон Монголын язгууртнуудын ашиг сонирхолд энэхүү эрт балрын шүтлэг нийцэхээ больж байсан цаг билээ.
Монголын нийслэл Хархорумд бурхны сүмүүд ажиллаж байсан ба тэнд голдуу уйгур лам нар хурал ном үйлддэг байжээ. Хархорумд байсан нэгэн бурхны сүмийн тухай В.Рубрук тодорхой бичсэн байдаг. Энэ сүмд Рубрукийг ороход нь уйгур лам уншлага уншиж байжээ. Хархорумд байсан уйгур лам нарын гадаад байдал төрх, хувцас хунарын тухай алдарт жуулчин тэрбээр тун зөв тодорхой бичсэн нь ихээхэн үнэ цэнтэй билээ. Монголын их гүрний анхны хаад Хархорумд төвлөрч байхдаа бурхны шашныг зарим талаар тэтгэж байсан тухай мэдээ бий.
Эрдэнэ Зуугийн сууринаас олдсон 1346 онд монгол, хятад хэлээр бичигдсэн хөшөөний бичээст дурдсан ёсоор, Өгэдэй хаан, бурхны шашны нэг том сүмийн суурийг тавьж, улмаар 1256 онд Мөнх хаан уг барилгыг бариулж дуусгажээ. Энэ сүмийг дараа дараагийн хаад ихэд анхаарч хөрөнгө мөнгө гарган 1311 он, 1342-1346 онуудад хоёр удаа сэлбэн засуулж гоёмсог сайхан болгосон юм. Буддын энэ сүмийн дээрх цамхаг суварга нь таван давхар, ЗОО тохой өндөр байсан бөгөөд сүмийн суурийн дөрвөн зүгт нь тус бүр долоон жанбуюу 20 гаруй метр хэмжээтэй өргөө танхимууд байгуулж дотор нь бурхдын сэрэг дүрийг номын ёсоор оршоон байрлуулсан байдаг байсан авай.
1342-1346 онуудад хийсэн засварын дараагаар энэ сүм улам ч гоёмсог болсон нь мөнхүү хөшөөний бичээсээс тодорхой байдаг. Сүмийн суваргыг алтаар бүрсэн нь нүд гялбам үзэсгэлэнтэй болсон гэж бичсэн бий. Сүмийн дотор, гадна, дээр ба доор сийлсэн будсан бүхэн үзэсгэлэнтэй сайхан байжээ. Сүмийн орчин тойронд хэрэм хашаа барьж гурвын зэрэг давхар хаалгатай байсан ажгуу. Хархорумд байсан буддын сүмүүд, бидний өгүүлэн буй сүмийн тухай В.Рубрук аян замын тэмдэглэлдээ тодорхой бичсэн байдаг. Тухайлбал: “Тэд сүмийнхээ орчны гоёмсог сайхан үүдэн хэсгийг ямагт сэргээн засах бөгөөд түүнийгээ бат бэх хана хэрмээр тойруулж дэргэд нь саатан суух том хаалга хийнэ. Энэ хаалган дээрээ урт мод босгоно. Чухам энэ модоор бурхны сүм гэдгийг нь таньдаг. Би сүмд орж, лам нар гадаа хаалганыхаа дэргэд сууж байгааг харсан болой” гэсэн байдаг.
Хубилай-Аригбөхийн тэмцлээр (1260-1261) Хархорум хот шатаж сүйдсэн гэж Зөвлөлтийн эрдэмтэн С.И.Киселев бичсэн байдаг. Гэтэл Төмөр хааны үед буюу XIV зууны эхээр Хархорум хот өчүүхэн ч эвдрэлгүй байсан тухай мэдээ бий. Харин ч 1297 онд Хархорум хот өргөтгөл хийж байжээ.
Тухайлбал, Чингис хааны сууж байсан монгол гэрийг 1ЗЗ1 онд засч сэлбэн, Мөнх хааны байгуулсан ордыг 1351 онд засч, 1346 онд Хархорумын зарим орд харшийг сэргээн засварласан байна. Тогоонтөмөр хааны үед Хархорум хотод буддын сүм хийд нэмж барьжээ. ХIV зууны үед Хархорумд тодорхой тооны буддын сүм хийд байсан” хэмээн Оросын судлаач Н.М.Щепетильников бичсэн байдаг.
ХХ зууны хоёрдугаар хагаст Хархорум хотын туурь орчин үеийн хөгжлийн нөлөөнд ихэд өртсөн юм. Туурийг дайран өнгөрдөг замын уулзвар, хотын баруун хэсэгт барьсан цахилгаан станц, өндөр хүчдэлийн шугам, шон, зүүн хэсэгт байсан сангийн аж ахуй зэрэг нь хотын туурь, газрын хэвлий дэх эд өлгийн өв дурсгалд ихээхэн хохирол учруулж, зүүн талын хэрмийн суурийг үгүй хийсэн юм. Олон удаа археологийн малтлага хийгээд ил гаргасан суваг шуудууг буцааж булаагүйгээс туурийн нуралтыг түргэтгэсэн тал илэрхий. Мөн ойр орчмын иргэд энэхүү суваг шуудуу, хонхор хотгорыг хогийн цэг болгож, хотын тууриас чулуу зөөн оршуулгын зориулалтаар ашигласаар ирсэн нь харамсалтай.
Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Монгол-Японы хамтарсан “Эртний Хархорум хотын туурийг хамгаалах нь” төслийн хүрээнд Хархорум хотын дэвсгэр зургийг шинээр үйлдэж, хотын туурийн гол хэсгийг хашаагаар хамгаалж, тэнд байсан айл, байгууллага, Зарим орчин үеийн барилга байшинг бүсээс гаргаж, элдэв нуранги хог хаягдлыг зайлуулжээ. Үүнээс гадна тусгай хамгаалалтад авч, газар тариалан эрхлэх болон бусад сөрөг нөлөө ихтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Я.Ганбаатар
Сэтгэгдэл (0)