Зүүнбаян руу төмөр зам тавихдаа байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг бодолцох шаардлагатай

 

Засгийн газраас Таван толгой - Зүүнбаянгийн хөндлөн чиглэлийн төмөр зам байгуулах шийдвэр гаргасан нь Монгол орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах бүтээлч шийдвэр болжээ.

 

Энэ төмөр замаар Таван толгойн нүүрсээ энэ бүс нутгийн аж үйлдвэрийн ирээдүйн цогцолбор болох Сайншандад авчирч коксжуулах, улмаар Дарханы райноос тээвэрлэн ирэх төмрийн хүдэр ба энэ бүс нутагт арвин нөөцтэй хайлуур жоншыг олборлон  металлургийн иж бүрэн цогцолбор байгуулах боломжийг бүрдүүлнэ.

 

Түүнчлэн Оюу толгой, Цагаан суврагын ордуудын зэсийн баяжмалыг хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Сайншандын нефть боловсруулах үйлдвэрийг түшиглэн нефть - химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, боловсруулсан бүтээгдхүүнүүдээ гадаад зах зээлд экспорлох зам тээвэр дэд бүтцийн төвлөрсөн зангилгаатай болох боломжийг хангана гэж харж дэмжиж байна. Энэ нутагт байгуулах төмөр замын шугамын бүтээн байгуулалтад зайлшгүй тооцон мөрдөх байгалийн эрсдэлт нэг хүчин зүйл бий гэдгийг сануулан хэлэх нь илүүц болохгүй биз ээ. Энэ бол жил бүрийн хаврын улиралд энэ нутагт гардаг шар шороон түйрэн буюу элсэн шуургын эрсдэл болно. Одоогийн босоо чиглэлийн төмөр замын шугамын чиглэл элсэн шуурга үүсэх салхины чиглэлтэй 20 - 30 градусаас илүүгүй өнцгөөр харьцдаг боловч томоохон  хүндрэлүүд гарч байсныг говь нутгийн төмөр замчид болон төмөр замын байгууллагыг олон жил удирдаж байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар Р.Раш зэрэг хүмүүс сайн мэднэ. Шинэ төмөр зам байгуулах энэ бүс нутаг бол элсэн шуурга ба элсний нүүдэл үүсэх хамгийн эрсдэл өндөртэй газар бөгөөд шинэ төмөр замын чиглэл зонхилох салхины чиглэлтэй бараг 90 градус огтлолцож байгаа нь эрсдэлийн зэргийг улам нэмэгдүүлнэ. Говийн бүс нутагт байгуулах хөндлөн чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтдаа элсэн шуурга ба элсний нүүдлийн сөрөг хүчин зүйлийг сайтар тооцоолон авч үзвээс зохилтой.

 

                      Ахмад төмөр замчин Л.Лхагва

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)