С.Жавхлан: Монгол төрийг төвшитгөх хуулийн төсөл боловсруулсан

УИХ-ын гишүүн С.Жавхлан хуулийн хоёр төсөл санаачлан боловсруулжээ. Тэрбээр гишүүн болсноосоо хойш анх удаа бие даан хуулийн төсөл боловсруулсан нь энэ бөгөөд бэлэн болсон төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа талаар түүнтэй ярилцлаа.

-Та хоёр ч хуулийн төсөл санаачилсан гэсэн. Ямар агуулгатай төсөл боловсруулав, одоо ямар шатандаа явж байна вэ?

-Сонгуулийн тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хоёр хууль санаачилсан. Өнгөрсөн хугацаанд шалдар булдар хууль өргөн барих эсвэл хэн нэгнийг томилох, албан тушаалтныг солих зорилготой хуулийн төсөл өргөн барихыг зорилго болгосонгүй. Харин нийгмийн онцгой сэдэв болоод байгаа Монгол Улсын иргэд, олон түмэнд нэн шаардлагатай асуудлаар хууль санаачилсан. Энэ хуулийн хүрээнд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн оффшор бүсэд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр данстай байх, мөнгө хөрөнгө байршуулах, хөрөнгө өмчлөх, болон хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулаагүй байх. Архи, тамхи, согтууруулах ундааны зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжтэй ямар нэгэн хамааралгүй, ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй байх шаардлага тавьж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигч хүн өмнө нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль өгөх, авах зэрэг хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй байхаар төсөлд тусгасан. Мөн аливаа сонгуульд нэр дэвших үед эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэгдээгүй, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх учиртай. Товчхондоо, хууль, мөнгө төгрөг, санхүү, хулгайн гэмт хэргийн сэдэлтэй зүйлд орооцолдсон хүн нэр дэвших боломжгүй болно гэсэн үг. Дээр дурдсан асуудалд нэр холбогдсон одоогийн УИХ-ын гишүүдийг ч дахиж нэр дэвшүүлэхгүй байх үндсэн агуулгатай хуулийн төсөл боловсруулсан юм.

-УИХ-ын тухай хуультай хэрхэн холбогдож байгаа юм бэ?

-УИХ-ын тухай хуульд 6.9.2, 6.13 дахь заалтыг дор дурдсан агуулгаар өөрчилсүгэй гэж оруулсан. Гишүүнд холбогдуулан эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргасан байтал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан. Мөн гишүүнд эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гишүүний бүрэн эрх халдашгүй байдлаараа саад учруулахгүйгээ илэрхийлж, шалгуулахаар хүсэлт гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан. 6.13-д гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын гишүүний халдашгүй байдпын Дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Одоо гишүүдийг түдгэлзүүлье гээд оруулаад ирэхээр нууцаар санал хураадаг. Эд нар чинь үүний ард нуугдаад үлдчихээд байна шүү дээ. Харин ил санал хураавал ичих болно. Тиймээс энэ заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн.

-УИХ-ын гишүүд хуулиараа жил бүр ХОМ-ээ гаргадаг. Үүний хүрээнд таны хуулийн төсөлд тусгасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хээл хахууль авсан эсэх зэргийг хянадаг. Тэгэхээр давхардал болохгүй юу?

 

-АТГ хяналаа гээд эдгээр зүйлд орооцолдсон хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг шийдвэр гаргаж чадахгүй. Тэгэхээр л хуульчлаад өгье гэж байгаа юм. Өнөөдөр шунал, цэвдэг муухай сэтгэлтэй, атаач жөтөөч, дээрээс нь өс зангидсан, төрийн өндөр сэнтийд ирж өөрийн хамаг шуналыг гүйцэлдүүлдэг, асар хомхой сэтгэлтэй хүмүүсийг л Монголын төрд битгий шургалаасай гэж хүсч байгаа юм. Тэгэхээр миний санаачилж буй хуулийн хүрээнд ийм хүмүүсийг төрд гаргахыг хаах юм.

-Эдгээр хуулийн төслийг хэдий хугацаанд бэлтгэв. Холбогдох судалгаа, мэдээллийг нэлээд судалсан байх. Таны санаачилсан хуулийн хүрээнд хаалтад орох хүн хэр олон байгаа бол?

-Энэ бол миний бие дааж санаачилсан анхны хууль. Тийм учраас маш урт хугацаанд судалж байж бэлтгэсэн.

 

 

Үндсэндээ УИХ-ын гишүүн болсноос хойш судлаад байсан зүйл маань одоо ил гарч байгаа нь энэ. Хууль гэж юу юм. Өнөөдөр нийгэмд байгаа амьдралын зохилдлогоог л хууль гэж байгаа юм. Нэг талд хүнийг гомдоож болохгүй, нөгөө талд нь хохироож болохгүй. Бидний амьдрах зарчмын уялдааг л зөв болгож байгаа зүйлийг хууль гэдэг.

 

Тэгэхээр бидний амьдралын уялдаа нь Монголын төрд бусармаг хүмүүс ороод хуулиар далайлгаж өөрийнхөө шуналыг гүйцээдэг гишгүүрийн газар болчихоод байна. Монголын төр ариун цагаан сэтгэлтэй, эх орноо цээжин дотроо өрдөж бадраасан залуусын чуулаан байх ёстой. Эвийн хуралдаан энд өрнөх ёстой. Гэтэл өс зангидсан, хэрүүлийн чуулган болж байна. Тэгэхээр үүнийг л цэвэрлэх үүднээс Монголын түмэн олны хүсээд байгаа сэтгэлийн дуудлагыг хуульчлаад оруулж ирж байгаа юм. Энэ хууль нийгэмд ихээхэн ярианы сэдэв болно. Хэрэв УИХ- ын гишүүд үнэхээр үнэн зөвийг хүсч байгаа бол батлахаас аргагүй. Миний хуулийг батлахгүй бол ярьж байгаагаасаа урвалаа л гэсэн үг. Батлах юм бол нийгэмд сайн сайхан зүйлийг үнэхээр хүсч байгаа юм байна гэдэг нь тодорхой болно. Улс орон даяар хуулиа хэлэлцүүлээд, олон түмэнд ярилцлага мэдээлэл маягаар хэлээд явахад өргөн олноос ихээхэн дэмжпэг авна гэдэгт итгэлтэй байна.

 

-Өргөн олны дэмжлэгээс илүү кноп дарж, хууль батлах УИХ-ын гишүүдийн дэмжлэг чухал шүү дээ. Хувь хүмүүсийн амин хувийн эрх ашгийг хөндсөн заалттай болохоор гишүүд дэмжих магадлал харагдахгүй байна л даа?

 

-УИХ-ын гишүүд дэмжвэл сайн. Дэмжихгүй бол бүр сайн. Дэмжихгүй бол би илүү дэлгэрүүлж өргөн олонд ярих болно.

 

Гишүүдийг дэмжтэл нь явна. Одоогоор хуулийн дагуу Засгийн газарт өргөн мэдүүлээд цахим хаягуудаар байршуулж эхэлсэн. Зохих журмынхаа дагуу 30 хоногийн дотор Засгийн газар хариу ирүүлнэ. Үүний дараагаар УИХ-ын даргад өргөн барина. Харин ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүдэд ийм хууль санаачилсан шүү гэдэг байдлаар танилцуулаагүй. Энэ хуулийн талаар би анх удаа ярилцлага өгч байна. Миний хуулийг батлахгүй байсан ч УИХ-ын гишүүд ичнэ. Хуулийг боловсруулахад олон баг ажилласан. Тэгэхээр батлахгүй бол хэлэлцүүлэг болгоод сурталчилгаа хийгээд батлагдтал нь шахна. Батлахгүй байх аргагүй болтол нь явна.

-Ийм хуультай байх ёстой юм байна гэх сэдэл юунаас төрсөн бэ?

-Яавал төрд зөв хүмүүс оруулж ирэх вэ гэдэг бодлын хүрээнд үүссэн урт хугацааны судалгааны ажил гэж ойлгож болно.

-Таны санаачилсан хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж амжих болов уу?

-Засгийн газарт оруулахаар сарын хугацаа хэрэг болдог юм байна. Хаврын чуулганы нээлтийн өдөр Засгийн газарт хүргүүлсэн, хоёр дахь долоо хоног нь өнгөрч байна. Сарын дараа хариу ирлээ гэхэд УИХ-ын даргад өргөн барина. УИХ- ын даргын зөвлөлөөр хэлэлцэнэ гээд бодохоор хаврын чуулганд багтахгүй байж болох юм. Энэ урт хугацааны асуудал. Миний хуулийн төсөл ороод ирэхээр УИХ-ын гишүүд тун эвгүй байдалд орно. Тиймээс тэдний яахыг нь харж л байя.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • БОЛИ (150.129.143.59)

    2019-04-22

    БОЛИ ДОО ЖАВХЛААН ЧИ ЖДҮЧИН ГИШҮҮДИЙГ ХАМГААЛЖ БАЙСНАА МАРТСАН УУ.ЧИ ДУУГАА ДУУЛААД ЯВЖ БАЙВАЛ ХИЙМОРЛОГ БАЙДАГ.ХАРИН НЬ НААД БАЙШИН ШИРЭЭ САНДАЛ ҮНЭХЭЭР ЗОХИХГҮЙ БАЙГАА ШҮҮ.

  • ням (202.179.25.122)

    2019-04-22

    Зөв санаа, бодол түмний сэтгэлийг эзэмждэг, зөв шиидэл бурууг засч чаддаг, бие даагч намчирхадаг, авилгаддаг бид олонх гэж бүхнийг урвуулах хүсэлтэй олонхоос илүү ард түмэндээ ойр байж, болохгүй,бүтэхгүй үйлдэлтэй олонхийн ардаа доромжилсон бүхнийг илчилдэг.Ганц нь зүтгэж олонх нь иддэгийг ардчлалаар хаягласан он жилүүд мэдрүүллээ. Олонхтой ярилцаад ойлголцохгүй юм чинь одоо больё. Хувьсгал хийж тогтолцоогоо өөрчилье.ард түмнээ эдийн засгийн, улс төрийн, сонгуулийн, гэр бүлийн,ашиг сонирхолын,эрүүл мэндийн, боловсролын,зээлийн хүүгийн дарамтнаас гаргах асуудлыг ард нийтээрээ шийдье.

  • иргэн (103.57.95.160)

    2019-04-22

    с.жавхлан гишүүн минь хөөрхий хоосон юмаар хөөцөлдөөд яах нь вэ нөгөө саваагүй нохой саранд хуцна гэдэг үг байна ш дээ. үүний оронд монгол улсад хоёр танхимтай парламент байхаар үндсэн хуулийг өөрчлөх талаар үг нэмж идэвх чармайлт гаргавал нэр хүнд чинь өснө.ойлговуу.

  • С.Ганбаатар (202.179.27.77)

    2019-04-22

    Эргүү мал