Ерөнхийлөгч УИХ-ыг тар гэсэн нь засаглалын хэлбэрийг өөрчлөх санаархлаа цухалзуулж байгаа хэрэг
- 2019-05-31
- Үнэн
- 1
Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн заасан байдаг. Түүнчлэн “Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах, ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилцөлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн эрх, үүргийг нь тодохой заасан байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан чиг, үүргийнхээ хүрээнд ажиллаж чадаж байна уу гэх асуулт зүй ёсоор урган гарч байна.
Учир нь, тэрбээр дээр дурдсанчлан Үндсэн хуульд зааснаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлж, хууль, шүүхийн байгууллагад дэмжлэг үзүүлж ажилласан уу. Харамсалтай нь, түүний бүх алхам яг эсрэгээрээ байгааг хэн хүнгүй харж байна. Хэдхэн жишээгээр үүнийг баталж болно.
Төрийн тэргүүний зүгээс Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь өчигдөр хориг тавилаа. Ингэснээр тэрбээр УИХ-аас баталсан хууль, тогтоомжид тав дахь удаагийн хориг тавьсан нь энэ. Тодруулбал, улсын төсөвт хоёр, Татварын багц хууль болон Засгийн газрын сайдад тус бүр нэг удаа хориг тавьсан. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс ердөө хоёр сар гаруйн дараа УИХ-ыг тараах санал гаргаж байсан бол үүнээс долоон сарын дараа дахин УИХ-ыг өөрөө тарахыг шаардаад байна. Ажил авсан цагаасаа АТГ-ын удирдлагыг солих санаархлаа илэрхийлж удаа дараагийн тэмцэл хийснээр санасандаа хүрснийг ч энд дурдаж болно. Ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг байнга эсэргүүцэж, тараах саналыг удаа дараа гаргаж буйн цаана ямар эрх ашиг, сонирхол байна вэ гэх хардлага ч нийгэмд үүсчээ.
Ямартай ч, “Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг удаа дараа шаардаж байгаа нь засаглалын хэлбэрийг өөрчлөх, тэр дундаа Ерөнхийлөгчийн засаглалтай болж, өөрийнхөө эрх мэдлийг хязгааргүйд хүргэх санаархлынхаа төлөө хийж буй алхам” хэмээн тодорхойлох хүн ч байна. Цаашлаад Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд хуулийн хүрээнд ажиллаж чаддаг уу.
Татварын багц хуульд хориг тавихдаа хүчингүй болсон хуулийн заалтыг “хориглосноо” хүлээн зөвшөөрсөн. Гэтэл УИХ-ыг тарахыг шаардахдаа мөн л Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль зөрчсөнийг хуульчид хэлж д, байгаа юм.
Тухайлбал, “УИХ-ын сонгуулийг ээлжит хугацаанаас өмнө хийх боломжийг нээж, УИХ өөрөө тарах санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж болно. Үүний тулд Ерөнхийлөгч УИХ-ын даргатай эхлээд зөвшилцөнө. УИХ-ын дарга санаачилгыг дэмжвэл хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төслийг УИХ-д өргөн барина. Тогтоолын төслийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол УИХ өөрөө тарах тухай шийдвэр гаргана. Тарах үндэслэл нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн байх явдал юм” гэж дээрх хоёр хуульд тодотгосон байдаг. УИХ тарах бодит нөхцөл бүрдсэн үү. Энэ тухайд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
Ц.Мөнх-Оргил: УИХ ТАРАХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ
Нэгдүгээрт, УИХ тарах нөхцөл бүрдээгүй. Хоёрдугаарт, УИХ тарахдаа хүрвэл өөрийн гэсэн хууль журамтай, түүгээрээ л явах ёстой. Тэгээд ч сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдэж байхад УИХ-ыг тарааж тогтворгүй байдал үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна. УИХ-ын ажил жигд явж, олны сайшаал хүлээсэн ажил хийж байна, шүүмжлэл хүлээх асуудал ч гарч байна. Энэ нь УИХ- ын ажил урагшилж байгаагийн илрэл. Гэтэл “Монгол Улсын төрийн тэргүүн эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэсэн Үндсэн хуулийн тодорхойлолтынхоо дагуу Төрийн тэргүүн ажиллаж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай Ерөнхийлөгч хүн УИХ-ыг тараах тухай л яриад байна шүү дээ. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараахан л УИХ-ыг тараах тухай ярьж эхэлсэн. Энэ жил хоёр дахь удаагаа ийм санал гаргаж байна. Хэдхэн хоногийн өмнө Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг бид хэлэлцэж байх жишээтэй. Төрийн тэргүүний тавьсан хориг хууль зүйн шаардлага хангаагүй байсан. Хүчингүй болсон хуульд хориг тавьчихсан жишээтэй л байна. Нөгөө талаас УИХ-аас баталсан татварын шинэчлэлийг зөвлөхүүд нь ойлгоогүй юм уу, эсвэл санаатайгаар дутуу тайлбарлаад байдаг уу, мэдэхгүй. Шинэчлэлийг буруу ойлгосон, гуйвуулсан хориг оруулж ирсэн. Тэгэхээр хоригийг хүлээж авах бололцоогүй л байсан. Монгол Улс өөрийн гэсэн хүчин төгөлдөр Үндсэн хуультай парламентын бүгд найрамдах улс. Үндсэн хуулиар олгосон Ерөнхийлөгчийн эрх үүрэгтэй. Парламент, Засгийн газар өөр өөрсдийн эрх үүрэгтэй. Тэгэхээр өөр өөрийн ажлаа хийж байна гэж бодож байгаа байлгүй.
Д.Тогтохсүрэн: ЕРӨНХИЙЛӨГЧ АСУУДЛАА ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЯРИХ ХЭРЭГТЭЙ
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тарах шаардлагыг хоёр дахь удаагаа тавилаа. Эхний удаад өнгөрсөн оны аравдугаар сард ийм санал гаргахдаа хуулийн дагуу буюу бичгээр ирүүлж УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлж байсан. Ерөнхийлөгч саналаа бичгээр гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ. Энэ бичгийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх эсэхийг УИХ-ын дарга өөрөө шийдэх бүрэн эрхтэй. Тарах тухай бичгийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх шаардлагагүй гэж спикер үзвэл Ерөнхийлөгчид энэ талаарх саналаа бичгээр хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Эхний удаагийнхыг УИХ-ын дарга М.Энхболд /тухайн үеийн/ хүлээж аваад УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэнээ бичгээр хүргүүлчихсэн. Энэ удаад Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ УИХ тарах талаар ярьчихаад гараад явсан шүү дээ. Харин хуулийн дагуу уг саналаа УИХ-ын даргад албан ёсоор буюу бичгээр хүргүүлээгүй юм билээ. Төрийн тэргүүн ийм байр суурьтай\ байгаа юм бол асуудлаа хуулийн хүрээнд ярих ёстой. Өмнөх шигээ саналаа бичгээр гаргаж, УИХ-ын даргад хүргүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга хүлээж авахгүй бол процесс дуусна. Хүлээж аваад УИХ-д оруулж ирвэлгишүүдийн гуравны хоёроор шийдэх заалттай. Миний хувьд УИХ тарах хэмжээний нөхцөл бүрдсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Гэхдээ яах вэ, “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг ганц нэг гишүүнээс болоод аливаа асуудал үүсч буйг үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ- ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жил үлдсэн учраас дуусгаагүй ажлаа гүйцээх, амлалтаа биелүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Гэлээ ч бид тарахгүй гээд зууралдаад байгаа юм биш. УИХ тарах эсэх нь хоёр талтай ойлголт. Нэгдүгээрт, төрийн тэргүүн нь хүсэлт гаргаад тарлаа гэхэд Монголын төрд тогтвортой байдал үгүй болно. Хоёрдугаарт, “Парламентын засаглал нь болохгүй зүйл юм байна, үүнээс салах хэрэгтэй” гэдэг мессеж явуулаад байна шүү дээ. УИХ тарлаа гэхэд сонгууль дахин яаж хийх талаар ярина, даамжраад Үндсэн хуулиа өөрчлөх болно. Бүр цаашлаад Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэх мэтээр хазайгаад явчихыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга цаашдаа засаглалын хэлбэрийг өөрчлөхийн тулд УИХ-ыг тараах талаар хөндөж байж ч магадгүй юм.
Д.Оюунхорол: ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙГ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛД УРИАЛСАН НЬ ХАРАМСАЛТАЙ
-Төрийг түшилцэж яваа бүх хүн аливаа асуудалд хариуцлагатай хандах ёстой. Өнөөдөр алдаа, оноо аль аль нь байгаа байх, үүнийг үгүйсгэхгүй. Түүнийг засч залруулах, хариуцлага тооцохыг сонгуулиар тэртэй тэргүй шийдчихдэг. Энэ бол ардчиллын хамгийн үнэ цэнтэй зүйл гэж ойлгодог. Монголын ард түмэн УИХ-д сонгогдсон улстөрчдөдөө дөрвөн жилийн циклээр дүн тавьдаг. Аливаад хариуцлага алдсан, хувийн сонирхолдоо хөтлөгдсөн, буруу зөрүү зүйлд холбогдсон бол сонголтоо хийхдээ дүнг нь тавьчихдаг шүү дээ. Ингэж л асуудлыг шийдэх байх. Үүнээс өмнө парламентыг тараах гэдэг нь дэмий зүйл. Ер нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох нь Монголын дотоод болон гадаад улс төрдөө ч ашиггүй. Ерөнхийлөгч тогтворгүй байдалд уриалсанд харамсч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг үл хүндэтгэх, төрд итгэх ард түмний итгэл сулрах сөрөг талтай. Мэдээж үүргээ умартсан хүмүүстэй хариуцлага тооцдог байх нь зөв. Гэхдээ бүх асуудлыг парламент болон төрдөө наагаад байх хэрэггүй. Эзэн холбогдогчтой томоохон хэргийн эзэдтэй нь хариуцлага тооцдог баймаар байна. 2020 оны сонгууль болоход үндсэндээ 400 гаруй хоног үлдлээ. Тиймээс аливаа асуудалд хүлээцтэй хандаж, төрийн хүний ухаанаар Монголын төрийг тогтвортой байлгаж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр бүгд ухаан, сэтгэл гарган ажлаа хийх ёстой. УИХ-ын гишүүд хурал чуулгандаа идэвхтэй оролцдог, ирцээ бүрдүүлдэг байхаас гадна төр ард түмний гүүр болж ажиллана гэж орж ирсэн бол энэ чиглэлээ л баримтлах ёстой.
Я.Содбаатар: УИХ ТАРАХ ТУХАЙ АСУУДАЛД ШАХАЛТААР ХАНДАЖ БОЛОХГҮЙ
УИХ бол ард түмнээс сонгогддог, төлөөллийн байгууллага. УИХ-ын нэр хүнд ард түмний дунд алаг цоог байгаа нь үнэн. Гэхдээ Монгол Улс парламентын засаглалтай орон. Хэрэв УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах хэмжээнд хүрвэл дараагийн сонгууль хүртэл процедурын хооронд Монгол төрийн үйл ажиллагаа хэрхэн явах, нийгэм эдийн засгийн амьдрал ямар байдалд орох гэх мэтээр маш олон асуудал үүснэ.Хэн нэгэн улс төрийн намын шахалтаар энэ асуудалд хандаж болохгүй учраас олон талаас нь нухацтай авч үзэх ёстой. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа маш сайн бодож боловсруулж хийх ёстой.
Ч.Хүрэлбаатар: УИХ-ЫГ ТАРААХ САНАЛЫГ ДЭМЖИХГҮЙ
УИХ-ын ээлжит сонгууль нэг жил, нэг сарын дараа болно. Төрийг тогтвортой байлгах, үлдэж байгаа хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлаа дуусгах цаг хугацаа л бидэнд байна. Төрийг тогтвортой байлгахгүй бол зарим улс шиг парламент нь байнга хөдөлж, тардаг, мөнхийн сонгууль зохион байгуулдаг орон болчихож болохгүй. Ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх нь зүйтэй. УИХ бүрдсэнээс хойш дөрвөн жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа явуулах ёстой, энэ талаар хуульд ч заасан. Төр тогтвортой байх хэрэгтэй гэж үзэж байгаа учраас УИХ тарах саналыг дэмжихгүй. Мэдээж УИХ-д болохгүй, бүтэхгүй зүйл бий. Ирц бүрдэхгүй, үүнээс улбаалаад үйл ажиллагаа удаашралтай байгааг үгүйсгэхгүй. Хурууны хээгээр санал хурааж байгаа нь гишүүдийг илүү идэвхжүүлж байгаа учраас гишүүд ч гэсэн хариуцлагатай байх ёстой.
Д.Хаянхярваа: ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРААХ САНАЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГАРГАСАН
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарах саналыг гаргасан. Төрийн тэргүүн УИХ-ыг тараах асуудлыг хөндөхдөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь, энэ талаар нарийвчлан зохицуулсан заалт хуульд бий. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлыг УИХ-ын даргатай зөвшилцсөний дараа УИХ-д оруулж ирж, тавих ёстой. Тэгээд ч Ерөнхийлөгч ард түмнийг эвлэрүүлэн нэгдүүлэх, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжиж ажиллах ёстой хүн гэж ойлгодог. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн гаргасан саналыг дэмжихгүй, санал нийлэх боломжгүй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
Ерөнхийлөгч (202.179.8.186)
МУ-ын Үндсэн хууль Гучин тавдугаар зүйл. 1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна. 2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна. гэжээ. УИХ нь ерөнхийлөгчөө Үндсэн хуулийн цэцэдээ өгөөд огцруулаачээ