Б.Дэнзэн: Манай ард түмэн цөөхүүлээ ч гайхамшигтай угсаатан
- 2019-06-10
- Үнэн
- 0
Зураач, уран барималч Барсболдын ДЭНЗЭН Монгол соёл, аялал жуулчлал, эх орныхоо талаар Оросын сэтгүүлч Игорь Померанцевтай дэлгэрэнгүй ярилцсаныг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр бичгийн их хүмүүн Б.Ринчен гуайн ач билээ.
-Таныг аялах дуртайг мэднэ. Олон орноор аялах нь уран бүтээлийн эрэл хайгуулд тань эергээр нөлөөлдөг үү?
-Би амьдралынхаа талаас илүү хувийг гадаадад өнгөрөөсөн байх. Аялах хүсэл минь миний гентэй холбоотой болов уу.
Манай ард түмэн цөөхүүлээ ч гайхамшигтай угсаатан. Монгол бол нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлж буй цорын ганц орон юм.
Би үндэстнийхээ түүхийг сайн мэднэ. Миний хамаатан садан, ах, эгч, дүү нар Австрали, АНУ, Бельги, Герман, Франц, Чех улсад тархан амьдарч байна. Бидний хувьд аялал бол амьдралын ердийн хэв маяг. Намайг бага залууд өвөөд маань гадаадаас ном, сэтгүүл, захидал их ирдэг байлаа. Тэр дундаа “Geo”, “National Geographic”-тэй төстэй гайхалтай гэрэл зургууд нийтэлдэг Германы “Westermanns Monatshefte” сэтгүүл ирдэг байсныг тод санаж байна. Би найм, есөн настай байсан болохоор улс үндэстний тухай гэрэл зургуудыг нь алгасалгүй үзнэ. Хэдийгээр хүүхэд байсан ч тэдгээр улсыг хэзээ ч үзэхгүй байх гэж боддог байв. Миний очсон анхны гадаадын орон бол Унгар. 15 настайдаа Унгарыг зорихдоо аз жаргалтай байсан. Тэнд миний авга эгч амьдардаг байсан юм. Нөхөр нь маш алдартай дорно дахины судлаач. Дараа нь Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсад очсон. Зүүн Германд очихдоо 17 настай байлаа. Зөвлөлт гүрэн нуран унасны дараа дэлхийн бөмбөрцөг жижгэрчих шиг санагдсан.
-Нүүдэлчин байх нь сэтгэлгээний хувьд онцлогтой юу. Тухайлбал, гэр бол нүүдэлчдийн сууц төдийгүй ахуй байдлынх нь илэрхийлэл юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яах вэ. Зан чанар, оюун санаа, соёл сэтгэлгээнд тогтсон дадлын хувьд ондоо. Үгс нь хүртэл сургаал шиг. Эсгий гэр, нүүдэлчид бол салгаж боломгүй ойлголт.
-Таны гурван хүүхэд нүүдэлчин ахуйтайгаа хэр ойр өссөн бэ?
-Хүүхдүүд минь тив дамжин амьдарч өссөн. Тэд гадаад хэл, соёл, зан заншлыг цочирдож хүлээн авалгүй амархан сурдаг нь нүүдэлчин цустай холбоотой байх. Би хүүхдүүдтэйгээ үргэлж монгол хэлээр ярьдаг. Харин охин минь ээжтэйгээ чехээр ярьдаг. Одоо миний охин Финландад, хүү Унгарт байгаа. Би Герман, Австри, Унгараар аялаад ирсэн. Ийнхүү нутаг сэлгэх нь бидэнд гайхамшигтай мэдрэмж төрүүлдэг. Би танихгүй үндэстэн угсаатан, харь улс оронтой танилцахаас эмээдэггүй. Эхнэр минь австри гаралтай чех хүн. Гэргий маань надтай танилцахаасаа өмнө Монгол хэл сурч, докторын зэрэг хамгаалчихсан, Монголд жил бүр ирдэг байсан. Зарим талаараа Монголыг надаас илүү мэддэг. Тэр нь надад амар байдаг юм.
-Та зун говьд, намар Унгарт, өвлийг Прагад өнгөрүүлдэг улирлын чанартай аялагч шиг санагдлаа?
-Та Прага хотод ямар өвөл болдгийг мэдэх үү. Энэ бол шилжилт юм.Гэхдээ би Ленинградад зургаан жил амьдарсан. Тэнд шавар, бүрхэг тэнгэртэй тул хэн нэгэн нь “Чуконы тэнгэр” гэж онож хэлсэн байдаг. Би говьд очоод компьютер, интернэтийг бүрэн мартдаг. Говьд тэд ямар ч утга учиргүй, хэрэггүй зүйл болж хувирдаг. Энэтхэг, Египет зэрэг орноор аялж явахад хүмүүс нь инээмсэглэсэн нөхөрсөг байдаг. Би Америк, Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудыг ярихгүй. Олон зуун жилээр тогтнож байгаа хотын тогтолцоо гэдэг шал өөр зүйл байдаг. Ер нь хот бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг. Будапештээс нүүрс үнэртдэг. Лондон ч гэсэн нэгэн цагт тийм байсан шүү дээ. Бээжингээс яншуй, ялгадсын бохир үнэр холилдон ханхалдаг байлаа. Харин тэд энэ таагүй үнэртэйгээ тууштай тэмцсэний үр дүнд төвийн дүүргүүд нь Европын хотууд шиг цэвэрхэн болсон.
-Харин хүмүүс хэрхэн үнэртдэг юм бол?
-Угсаатнууд ч өөрийн гэсэн үнэртэй. Гэхдээ тэд өөрсдийнхөө үнэрийг мэдэрдэггүй. Яг л “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг хардаг”-тай адил.
-Та бол уран барималч, зураач. Монгол, Орос, Хятад улсын байгалийн дүр төрхийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хятадын төв, өмнөд нутгийн байгалийг хараад биширдэг. Хятад гэснээс шувуун хөлтэй хятад бүсгүйчүүдийг хүүхэд байхдаа Улаанбаатарт олонтаа харсан. Одоогийн “Chinatown” гэгддэг Хятад хороолол Улаанбаатарт байсан юм. Салхи хүчтэй үлээхэд тэд баганан, хашаанаас барьдаг байлаа. Бид хүүхэд болохоор хөл дээрээ сайн тогтож ядах Хятад эмэгтэйчүүдийг түлхэн унагаж тоглодог байсан юм.
-Сэхээтэн гэр бүлд өссөн нь таныг өөрийгөө нээхэд нөлөөлсөн үү?
-Мэдээж нөлөөлсөн. “Хүн болох багаасаа” гэдэг монгол үг бий. Хүнд ер нь энерги их байх тусмаа сайн. Олонх хүн гэртээ орой орж ирчихээд хоолоо идэж, телевизор үзэж байснаа унтаад өгдөг. Гэтэл зарим нь орой ирээд, үргэлжлүүлээд ажлаа хийдэг. Өвөө яг л тийм байсан. Сэргэлэн гэдэг ер нь эрчим хүч сайтай хүмүүсийг хэлдэг байх гэж би боддог. Эмээ, өвөө минь надад сонирхолтой олон түүх ярьдаг байлаа. Эмээ Тунгусын солирын чимээг сонссоноо, хүүхэд ахуйд нь тосгонд нь ирсэн Хятадын илбэчдийн тоглолтыг үзсэнээ дурсах дуртай байв. Солир газарт бууж дэлбэрэх хүчтэй чимээ, тэнгэр хэдэн өдрөөр бүрхэж, шувуу, зэрлэгамьтдын ихнүүдлийн талаар ярьсан. Мөн эмээгийн өвөө нь тухайн үедээ баян хүн байсан гэдэг. II Николай хаан ширээнд суухаасаа өмнө Япон руу аялсан байдаг. Тэрбээр миний буурал өвөөгийнд зочилж байсан тухай эмээ ярьдаг юм.
-Таны аав олон улсад алдартай палеонтологич, академич. Түүний судалгааны гол сэдэв нь Мезозойн эрин байх аа?
-Аав минь 64-65 сая жилийн өмнөх Мезозейн эринг судалдаг. Аав мэргэжилдээ гаргууд эрдэмтэн ч даруухан хүн. Ер нь дэлхийн хэмжээний алдартай палеонтологич гэвэл арваад л хүн байдаг юм. Аав тэдний нэг. Түүний ажил мэргэжил дүү бид хоёрт нөлөөлсөн. Бид үлэг гүрвэлийн ангилал, ялгааг багаасаа мэддэг байв. Аавтайгаа жил бүр хөдөө явна. Тэрнээс хойш би Өмнөговь аймагт хайртай болсон. Их өвөрмөц сайхан газар. Уур амьсгал нь ч гэсэн нэг л ондоо. Газар дээр ч байгаа юм шиг, огторгуйд гарсан ч юм шиг сонин мэдрэмж төрүүлдэг. Хүн тав, зургаан нас хүрэхдээ харж байсан газар нутгаа эх орон гэж боддог. Сонирхуулахад, хүүтэйгээ 2016 онд үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Монголын говьд очиж, Иван Ефремовын удирдсан палеонтологийн анхны экспедицийн 70 жилийн ойг тэмдэглэсэн.
Палеонтологи бол сонирхолтой мэргэжил ч бие махбодийн хувьд тэсвэр тэвчээр их шаарддаг.
-Бид аяллын өнгө, үнэр, амтны талаар ярилцлаа. Таны бас нэгэн хобби хөгжмийн талаар ярилцъя. Дуу, хөгжим гэдэг таны хувьд юу вэ?
-Би багадаа рок хөгжимд дурласан. Найман настайдаа “Битлз” хамтлагийн уран бүтээлтэй танилцаж билээ. Дараа нь “Би Жиз”,“Роллинг стоун” хамтлагийн уран бүтээлийг сонсох болсон. Биднийг ид дуу хөгжим сонирхож явах үед манайд Улаан булан гэдгээс өөр зүйл байгаагүй. Рок хөгжим сонирхогчдыг “Роллинг стоун” хамтлагт дуртай, “Битлз”-ийн шүтэн бишрэгч гэж хоёр ангилж болно. “Битлз”-ийн бүлгийнхэнд Элтон Жон, “АББА” зэрэг хамтлаг, дуучныг сонсогчид хамаарна. Харин “Роллинг стоун”-ийг сонсогчдод Жимих Хендрикс, АС/ DС, Кiss зэрэг багтдаг. Мөн ардын дуундаа ч дуртай. Би говийг зорихдоо автомашиндаа “АВВА”, “Аerosmith”-ийн дуунуудыг сонсдог. Хятадад аялахад хэцүү. Учир нь,тэнд улс төрийн шалтгаанаар дэлхийн хагжмийн зарим нэг оргилын уран бүтээлийг сонсохыг хориглодог. Гэхдээ Хятад улс өөрийн онцлогтой поп хөгжмийн урсгалыг цэцэглэн хөгжүүлж байна. Яг л хар дарсан зүүд шиг. Өмнөд Солонгосын поп бол өөр. Сонгодог урлагийг хүчээр үзүүлж байсан социализмын үеийн соёлын довтолгоон зөв зүйл байсан. Хүүхдийг багаас нь сургах хэрэгтэй. Зурагт бага үзүүлж ном уншуулж сургах хэрэгтэй байна. Европ гэлтгүй Хятад, Японы эртний сонгодог зохиолуудыг уншуулах хэрэгтэй. Ээжийнхээ ачаар сонгодог бүтээлтэй эрт танилцсан. Бүх сонгодог аялгуунууд чихэнд хоногшжээ. Жишээ нь, Рахманиновын “Хоёрдугаар концерт”, моцарт, Гайдны хөгжимд дуртай, ээж минь балетмейстер байсан. Тиймээс балет, дуурь гээд сонгодог урлаг надад маш ойрхон байдаг. Хүүхэд насны гэгээн дурсамж гэвэл эх орондоо сонссон Рахманиновын “Хоёрдугаар концерт” юм даа.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)