Г.Дорж: Залуус амьдралын зѳв хэвшилд дадахгүй байна

“Gold’s Gym” клубын зөвлөх багш, Гавьяат тамирчин Г.Доржтой ярилцлаа. Уншигч олон түүнийг бодибилдингийн Монгол Улсын анхны мэргэжлийн тамирчин гэдгээр нь илүүтэй мэдэх биз ээ.

-Та бодибилдингийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ, өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаасаа дурдахгүй юу?

-Энэхүү спортоор 20 жил тууштай хичээллэж байна. Энэ хугацаанд улсад есөн удаа түрүүлж, “Арнольд классик” тэмцээний хошой аварга болсон, Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр нэг удаа түрүүлсэн. Түүнчлэн фауэрлифтингийн улсын аваргын тэмцээнд дөрвөн удаа тэргүүлж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Одоо бол бодибилдингийн спортоор дагнан хичээллэж байгаа. Спортын амжилтын тухайд товчхондоо ийм.

 

Тодорхой цаг хугацааны сорилт, шалгуурыг давж байж үр дүн бодитойгоор мэдрэгддэг шүү дээ. Гэтэл зарим залуус аливааг их амархнаар төсөөлөөд байх шиг... 

 

-Мэргэжлийн тамирчин, эрүүл мэнддээ анхаарч байгаа сонирхогч хоёр хэн хэн нь л тууштай хөдөлмөрийн үр дүнд амжилт үзүүлнэ. Хэн ч гэсэн сайн багшаар удирдуулж, өөрт таарсан дасгал, хөдөлгөөнийг бага багаар эрчимжүүлэх шаардлагатай. Залуусын гаргадаг нийтлэг алдаа нь богино хугацаанд өндөр ачаалалтай дасгал, хөдөлгөөн хийснээр гоё, сайхан, эрүүл чийрэг биетэй болох юм шиг л санадаг.

 

Амжилтын тодорхой хувь нь эрүүл, зөв хооллолтоос шалтгаалах уу?

 

-Манайхан эрүүл хооллолт гэдгийг хоолоо сойж, багасгах гэж ойлгодог. Тийм биш. Гол нь уургийн хэмжээ өндөр, нүүрс ус, өөх тос багатай хүнс хэрэглэх нь зүйтэй. Нэг дор их биш, ойр ойрхон багаар хооллож хэвших хэрэгтэй. Өндөг, жимс, гурвалжин будаа, овьёос зэрэг илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү сайн. Зөв хооллолт бол нэг төрлийн фитнесс.

 

Таны спортын гараа хаанаас, хэзээ эхэлсэн бэ?

 

-Би “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг бодибилдингийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тухайн үед “Аварга” дээд сургуулийн захирал Б.Батсуурь тус ангийг шинээр нээсэн бөгөөд би анхны шавь нарынх нь нэг. Миний хувьд энэхүү спортод багаасаа их сонирхолтой байсан болоод ч тэр үү, энэ спорттой холбоотой орос хэлээр хэвлэгдсэн ном, сэтгүүлийг хүнээр орчуулуулан байж уншиж судална. Гарын доорх материал ашиглан дүүжин зоож, олон төрлийн дасгал, хөдөлгөөн хийж ёстой л бор зүрхээрээ явдаг байлаа. 2003 онд сургуулиа төгсөөд л амжилтын үзүүрээс атгасан гэхэд болно. 

 

Илүүдэл жинтэй, том “гүзээтэй” залуус олширч байна. Ялангуяа төрийн албан хаагчдад энэ асуудал зонхилж байгаа. Таргалалтын гол шалтгааныг юу гэж харж байна?

 

-Шулуухан хэлэхэд хувь хүний өөрийнх нь хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Залхуу, хайнга зангаасаа салж, өөртөө санаа тавиад ядаж долоо хоногийн 2-3 өдөр нь нэг цагийн дасгал, хөдөлгөөн хийгээд хэвшчихэд болохгүй зүйл юу байх вэ. Нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх зөв хоололтын талаар ахиад ярья. Өдөржингөө хоосон ходоодтой ажиллаж байснаа орой гэртээ очоод өөх тостой янз бүрийн хоол ихээр иддэг залуус байна. Нөгөөх нь шингэц муутай болохоор таргалах нь аргагүй. Амьдралын зөв хэвшилтэй болох гэж зорихгүй, хичээхгүй байгаад л гол учир байна. 

 

Хананд өлгөсөн зургуудаас харахад “Gold’s Gym” клубыг зорьдог олны танил, алдартай хүмүүс ч байна. Танай клуб юугаараа онцлог, давуу талтай вэ? 

 

-Манай клубт улс төр, урлаг, соёлын олон алдартнаас эхлээд төрийн тэргүүн хүртэл ирж үйлчлүүлдэг. Тэд ажил ихтэй хэдий ч яаж ийгээд өөрсдөдөө цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаарч байна. Хэн хүнгүй л ийм болчихвол нөгөө таргалалт, түүнээс үүдэлтэй өвчнүүд ард хоцорно. “Gold’s Gym” бол дэлхийн хэмжээний сүлжээ болсон нэр хүндтэй бодибилдинг, фитнесийн клуб гэдгээрээ онцлог. Энэхүү нэр хүндийг дагаад бүх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь стандартад нийцсэн байдаг. 

 

Гэрийн нөхцөлд дасгал хийснээр жингээ барьж, булчингаа хөгжүүлэх боломжтой юу, тогтсон норматив байдаг уу?

 

-Хүн хүний ачаалал даах чадвар огт өөр. Тиймээс бага багаар л ачааллаа ихэсгэх боломжтой. Кардио дасгалыг хүчний дасгалтайгаа хослуулж хийвэл өөхийг шатаадаг, маш үр дүнтэй. Бидний сайн мэдэх гар дээр суниах дасгалыг хоёр гараа хол болон ойр тавьсан байдалтайгаар хоёр янзаар хийж хэвшвэл сайн. Биеийн жингээрээ сууж босох дасгал ч бий, их хэмжээний калори шатаадаг. Энэ үед уураг өндөртэй хоолыг тасалж болохгүй, эс бөгөөс шатах үйл явц зогсох эрсдэлтэй. Мөн дан ганц дасгал их хийснээр үр дүнд хүрнэ гэж ойлгож болохгүй. Хүний бие нэг дор цаг гучин минутын ачааллыг л даах чадвартай. Тэр нэг цаг гучин минутыг л үр дүнтэй өнгөрөөх ёстой юм. Жишээ нь хөлийн дасгалыг нэг удаад 30 минут л хийвэл зохистой. Хэтрүүлбэл үр дүн гарахгүй, харин ч буруу дасгал болно.

 

Гаднын орны жүжигчид дүрдээ орохын тулд маш хурдан турах, эсвэл богино хугацаанд булчингаа томсгох, биеэ хөгжүүлэх гэх мэтээр өөрсдийгөө өөрчилдөг. Манай улсын мэргэжлийн тамирчид ч бас тэмцээний жиндээ орохын тулд тэр хэмжээний бэлтгэлийг хангадаг уу? 

 

-Холливудын жүжигчид богино хугацаанд их өөрчлөлт хийдэг. Нэг жүжигчний биеийг өөрчлөхийн тулд бүхэл бүтэн баг ажилладаг. Мэргэжлийн дасгалжуулагчаас гадна хоолыг нь тохируулж өгөх хүн ч бий. Системтэй бэлтгэл хийж, булчин томруулах нэмэлт тэжээл хэрэглэнэ. Яг тэгж бэлтгэл хийхэд хэн ч хүссэнээрээ өөрчлөгдөх боломжтой. Харин манай тамирчид өөр өөрсдийнхөө боломжоор л бэлддэг байх. Гэхдээ хоол, уураг, нэмэлт амин дэм зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулдаг. Нэг тэмцээнд бэлдэхдээ сард дунджаар таван сая төгрөгийн зардал гаргана. Үүнийг ойлгодог хүн цөөн, ихэнх нь зүгээр л зааланд төмөр өргөөд л амжилт үзүүлээд байдаг мэтээр төсөөлдөг нь харамсалтай. Ачаалал авсан булчинг цаг тутамд тэжээж байх шаардлагатай. Хооллох нь нэг ёсны ажил болдог гэхэд хилсдэхгүй.

 

Бодибилдинг, фитнесээр хичээллэдэг хүний оюун санаанд ямар өөрчлөлт ордог вэ?

 

-Дасгал, хөдөлгөөн хийх явцад аз жаргалын гормон ялгардаг гэдгийг эрдэмтэд судалгаагаар нотолсон юм билээ. Өөртөө итгэлтэй болж, өөдрөг, эерэг бодлууд хүнд бий болдог гэсэн үг л дээ. Олон жил хичээллэж байгаагийн хувьд надад ч мэдрэгддэг шүү. Сэтгэл тавгүйтнэ гэж бараг байхгүй. 

 

Энэ спортыг сонгосон л бол хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй гэдэг юм билээ. Хорт зуршил гэж яг юуг хэлээд, тэр нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бол ...

 

-Согтууруулах ундаа нь хүний биед, булчинд шингэсэн шим тэжээл, эрдэс бодисыг хөөгөөд гадагшлуулчихдаг. Тэгэхээр булчин томрох, цааш хөгжих боломжгүй болж байгаа юм. Тамхи ч бас ялгаагүй хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Түүнээс улбаалан хүн дасгал, хөдөлгөөний ачаалал даахаа болино. Тамирчин хүнд эдгээр нь зохимжтой хэрэглээ огт биш.

 

Энэ спортод та “анхны” гэдэг тодотголоороо өөрийн орон зайгаа бий болгосон шүү дээ ...

 

-2004 онд Хонгконгод зохиогдсон бүх Хятадын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж олон улсын тэмцээнд шагналт байр эзэлсэн анхны тамирчин болж байлаа. Анхны тохиолдлууд давхацсан мартагдашгүй, дурсамж дүүрэн л тэмцээн болж өнгөрсөн. 

 

Гэр бүлээ танилцуулахгүй юу? 

 

-Миний ханийг Б.Оюунгэрэл гэдэг. Улсын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай бүсгүй бий. Спортын нэг төрлөөр хамтдаа хичээллэдэг учраас бие биеэ ойлгож дэмждэг. Амаржаад удаагүй байгаа учраас одоогоор хүүхдүүддээ анхаарал тавьж, гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулж байна. Удахгүй эргээд бэлтгэл, сургуулилтдаа орно.

 

Алдарт жүжигчин Арнольд Шварценеггер энэ спортоор хичээллэж байхдаа сэтгэл, санаагаа 100 хувь тогтвортой байлгаж чаддагт амжилтынх нь нууц оршдог гэж хэлсэн. Сэтгэл хөдлөлөө барьж дийлнэ гэдэг тамирчин хүний суралцах зүйлсийн нэг мөн гэдэг нь лавтай ...

 

-Тэгэлгүй яах вэ, алдартай жүжигчин нэгэн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байтал аавыг нь нас барсан тухай харамсалтай мэдээг ээж нь дуулгасан гэдэг. Тэр үед Арнольд удаан бодсоны эцэст ээждээ тэмцээнээ дуусгачихаад очъё гэсэн хариу өгсөн гэнэ лээ. Өөр хүн байсан бол тэгэхгүй дээ. Энэ түүхээс л түүнийг яаж өөрийгөө барьж, дийлдэг байсныг ойлгож болно. Спортод хүн ингэж бүхнээ зориулж байхад амжилт үзүүлэхгүй гээд яах вэ.

 

Ярилцлагын сүүлчийн асуултыг танд үлдээе...

 

-Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж болон амжилтын минь нэгээхэн хэсэг болсон хань, спортын авьяасыг минь нээж өгсөн Монголын мистер Б.Батсуурь багшдаа талархсанаа илэрхийлье. Бодибилдингийн спортыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд залуус идэвхтэй хичээллэж, бизнесменүүд болон төр, засгаас туслалцаа, дэмжлэг үзүүлж байхыг хүсье.

 

 

Ц.Энх-Оргил

Эх сурвалж: "Соёмбо" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)