“Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн улсын зөвөлгөөн” болж байна
- 2019-06-14
- Үнэн
- 0
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Малын удмын сангийн үндэсний төв, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг Дархан-уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төв цогцолборт өнөөдөр /2019.06.14/ зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд ХХААХҮЯ, МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Нийслэлийн ХХААГ, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн нийгэмлэг, "Sustainable Agriculture research&development" NGO, Хөгжлийн банк, Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл /Unido/ , Ноосон зангилаа хоршоо, Натурал текстайл групп ХХК, Таймлесс ХХК, Анжел фелтинг ХХК, Эко ноос ХХК, захирал, Монгол текстайл ХХК, "Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл" ХХК, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул аймгийн болон зарим сумдын мал аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчдын төлөөлөл оролцов.
Энэхүү зөвлөгөөнийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, үржил селекцийн ажлыг технологийн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын яам анхаарлаа хандуулж, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш, чанарт анхаарч, хавар, намрын технологид хугацаанд зайлшгүй хийгдэх мал эмнэлэг, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын төвшинд дэмжиж, генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ" гэдгийг тэрээр онцлов.
Монгол Улс 2018 онд мал аж ахуйгаас 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оныхоос 4.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мал сүргийн тоо жилээс жилд өсөж 66,4 сая толгой малтай болсон бөгөөд бие дааж баталгаажсан 50 үүлдэр, омгийн мал, үүнээс 15 үүлдэр, 3 үүлдрийн хэсэг, 3 үржлийн хэсэг, 2 омог, нийт 23 үүлдэр,омгийн хонийг сонгон үржүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна.
Бүх төрлийн ноосоор үйлдвэрлэж болох шинэ бүтээгдэхүүний санал, санаачилга, шинэ технологийг эрэлхийлэх, энэ чиглэлээр сургалт эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллахад анхаарч хялгасыг нь ялгасан ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна.
Өнөөдөр дэлхийн нэг хүнд 2 толгой мал ногдож байхад, нэг монгол хүнд 19-21 толгой мал ногдож байгаагийн дээр олон улсын байгууллагууд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээл, ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна.
Түүхэн сурвалжаас үзэхэд Монгол улсад шинээр байгуулагдсан нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж, түүхий эдийн нөөцийг бий болгох, ноосон даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнээр хүн амын хэрэгцээг хангахын тулд нарийн, нарийвтар ноост хонины аж ахуйн эхлэлийг тавьсан байна.
Олон зуун жилийн турш нутгийн Монгол хонийг үржүүлж ирсэн манай оронд нарийн, нарийвтар ноост хонийг бий болгох, хонины аж ахуйг хөгжүүлэх асуудал нь мал аж ахуйн салбарт хийгдсэн цоо шинэ эхлэл байсан юм. 1936, 1950, 1960, 1970 онуудад ОХУ-аас нарийн ноост Алтай, Аскани, Грознен, Өвөр байгаль, нарийвтар ноост Цигай, Прекос, Ромни-Марш, Куйбышев Грузин зэрэг үүлдрийн хонийг авчирч Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон “Орхон”, “Хангай”, “Тал нутгийн цагаан” үүлдэр, “Ерөө” үүлдрийн хэсгийн хонийг бий болгосон нь хонины аж ахуйн салбарын түүхэн амжилт гэж үзэж байна.
Нарийн, нарийвтар ноост хонь нь сүргийн дунджаар 3,5 кг жигд ноос өгч, амьдын жингээр нутгийн монгол хониноос 20 хувь илүү, төлөрхөг чанартай сайтай, монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицож үр төл, ашиг шимээ өгсөөр ирсэн юм.
Нарийн, нарийвтар ноост хонийг бий болгох үржил селекцийн ажил, маллагааны технологи нь Монгол хониныхоос эрс ялгаатай бөгөөд битүү дулаан байранд төллүүлэх, ноосыг цахилгаан хайчаар хяргах, өвс тэжээлээр жигд хангах ажилд төр засаг онцгой анхаарч хөрөнгө оруулалт хийж байсан юм.
Манай орон зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэнээр нарийн, нарийвтар ноост хонины үржил селекцийн ажлын бодлого алдагдаж, тоо толгой, ашиг шимийн түвшин буурч байгаад бүх шатанд анхаарлаа хандуулах цаг ирээд байна.
Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж, нарийн, нарийвтар ноост хонины удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулах, тоо толгой, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын ноос, арьс, ширээр хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж хонины мах, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргахаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)