Ерөнхий сайдын ивээл дор мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулна

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар оролцож,  коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, “Мэргэжлийн боловсрол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд болон салбарын сайд нь Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар  товч танилцуулсан.

Ерөнхий сайд  хэлэхдээ Монгол Улсын аль ч цаг үеийн хөгжлийн бүтээн байгуулалтыг сахилга хариуцлагатай, санаачлага зохион байгуулалттай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчид манлайлж явсан түүхтэй. Энэ манлайлагчдыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, тэдгээрийн гол хүч болсон багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн сургаж бэлтгэж ирсэн уламжлалтай. Улс орны хөгжил та бүгдийн нуруун дээр явж ирсэн. Та бүгдийн гавъяа зүтгэлд Монгол Улсын Засгийн газар мэхийн ёсолж байна гэсэн юм. 

Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, түүнийг даган цалин хөлсийг өсгөж, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10% болгон нэмэгдүүлсэн. Суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна. Тэтгэлэгийн хэмжээг ирэх оноос дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөниийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар нэгдсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэе гэсэн юм. 

Мөн Уулзалтад оролцогч багш нарын хүсэл, санаачлагыг үндэслэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг ирэх аравдугаар сард өөрийн ивээл дор зохион байгуулж өгнө гэдгээ амлалаа. Түүнчлэн багшийн хөгжлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1000 гаруй багшийг компьютержүүлэх арга хэмжээг эхлүүлж, өнөөдрийн уулзалтад оролцсон багш нарт компьютер хүлээлгэн өгсөн юм.

Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 МСҮТ, Политехник коллежид 4.624 багш, ажиллагчид ажиллаж байгаагаас 2.469 нь багш, 38.5 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж,  төгсөгчдийн 72.3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагддаг байна.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа 38 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад нийт 1.465 багш байгаагаас мэргэжлийн 949, ерөнхий эрдмийн 516 багш байна.

Салбарын хөгжлийг дэмжих, багш оюутан сурагчдад чиглүүлж авч буй арга хэмжээний талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг дараах товч мэдээллийг өгсөн.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоорМэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Мэргэшлийн үндэсний хүрээг бий болгож, төлөвшүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэх, олон эх үүсвэр бүхий санхүүжилтын механизмыг бүрдүүлэх, улмаар бие даасан санхүүжилтийн эх үүсвэрт шилжих, багш, ажилтныг чадавхижуулах, өсөн дэвших нөхцөл, боломжоор хангах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, урамшуулал хөшүүргийг бий болгох зохицуулалтуудыг тусгаад байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, түншлэл, хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх, багш хөгжүүлэх тогтолцоог сайжруулах, багшийн хөгжлийн төвийг дэмжих, чадамжийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австрали улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хамтарсан “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл 3 жилийн хугацаатай хэрэгжихээр болсон.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд эдийн засгийн тэргүүлэх гурван салбар болох Хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй 15 мэргэжлийн ажил мэргэжлийн лавлах боловсруулж, 13 сургалтын байгууллагын барилгын ажлын нарийвчилсан зураг, төсөв нь батлагдаж улсын магадлалын дүгнэлт гармагц барилгын ажлын тендер шалгаруулалтын ажил хийгдэнэ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологийг эзэмшүүлэх давтан сургах сургалтыг төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр 2.600 гаруй багш, ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлээд ажиллах орчныг нь сайжруулахад анхааран ажиллаж байна гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)