“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Ховд аймагт үргэлжилж байна

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Жаргалант сумын Ард Аюушийн нэрэмжит талбайд өнөөдөр “Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ы нээлтийн өдөрлөг боллоо. Тус аймгийн хувьд зүрх судасны тогтолцооны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэх, зүрхний шигдээсийн өвчлөлөөр улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа нь аян хэрэгжүүлэх нэг зорилтот шалтгаан болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. 2018 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл нэгдүгээрт, зүрх судасны тогтолцооны өвчлөл хоёрдугаарт бичигдэж буй юм. Зүрх судасны өвчлөлийн  63,9 хувийг цусны даралт ихсэлт, 16,1 хувийг зүрхний судас бөглөрөлт,  7,3 хувийг тархи судасны өвчин тус тус эзэлж байна. Ховд аймаг өндөрлөг уулын бүсэд оршдог учраас иргэдийн дунд даралт ихсэх өвчин түгээмэл байдгийг тус аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагууд хэлж байна. 

ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ хамтран “Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ыг 2017 оноос хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөө жил баруун бүсийн гурван аймагт зохион байгуулж буй билээ. Аяны салхийг хагалж, эмч нарын баг энэ сарын 22-24-нд Увс аймагт ажиллахдаа 1343 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, 200 хүнийг нарийн мэргэжлийн  үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн 60 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулжээ. Мөн аяны үр дүнд 400 хүн өөрийгөө цусны даралт ихсэх өвчтэй болохоо анх мэдсэн байна. Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн мэргэшсэн туршлагатай эмч нар болон НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, ХААН Банк Сангийн ажилтнууд багтаж буй. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг энэ сарын 25-27-ныг дуустал Ховд аймагт ажиллаад, Баян-Өлгий аймгийн зүг хүлгийн жолоо зална.

  

2018 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр Монголын хүн  амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаанд амьсгалын зам, хоол боловсруулах, зүрх судас, шээс бэлгийн тогтолцооны өвчин болон бусад өвчин ногдож байна.  Цусны даралт өндөр байх нь бусад олон өвчний суурь болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл, энэ нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ. Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.

  

                        Та, бид цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)