Ахмад дугуйчдын улсын аваргууд тодорлоо
- 2019-07-03
- Үнэн
- 0
Монгол Улсын спортын мастер, Ахмад эмэгтэй дугуйчин З.Ичинноровын нэрэмжит “Ахмад дугуйчдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн” болж, цуваа, бөөн, багийн гэсэн нийт гурван төрөлд тамирчид өрсөлдөв. Ахмад эрэгтэй багийн 40 км-ийн уралдаанд нийт 6 багийн 24 тамирчин өрсөлдсөнөөс “Хоршоолол” баг нэгдүгээр байранд орж, цомын эзэн боллоо.
Бөөн гараат уралдааны 40-49 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Х.Пүрэвсүрэн, 35-39 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Р.Галбадрах нар түрүүлж, алтан медаль хүртсэн бол бөөн гараат уралдааны 40-49 насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго түрүүлэв. Харин 50-59 насны эмэгтэй 8 км-ийн уралдааны 1 дүгээр байранд “Аттила” багийн тамирчин Д.Цэрэндолгор орсон бол 70-аас дээш насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров хошуучилж, алтан медалийн эзэн боллоо.
Ахмад дугуйчдын улсын аварга шалгаруулах тэмцээн цуваа гараат ганцаарчилсан уралдаанаар үргэлжилсэн бөгөөд 60-69 насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар 1 дүгээр байранд, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэмцээний цуваа гараат ганцаарчилсан уралдааны 35-39 нас, 40-49 нас, 50-59 насны эрэгтэй 25 км-ийн зайн уралдааны тэргүүн байрыг “Монруд” ХХК-ийн тамирчин Г.Анхбаяр, С.Түмэндэмбэрэл, П.Баасанцэрэн нар хүртэж, алтан медалийн эзэд болсон байна. Харин цуваа гараат ганцаарчилсан уралдааны 70-аас дээш насны эмэгтэй 5 км-ийн зайд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров, 60-69 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Н.Сарангуа, 40-49 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго нар шалгарч, алтан медаль хүртлээ.
Монголын дугуйн холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад тамирчдад Монголын Дугуйн холбооны Ерөнхийлөгч П.Ганхүү талархал илэрхийлээд, ахмад дугуйчид шинэ залуу үеэ спортын эрүүл үйлсэд уриалан хөгжүүлж явааг онцолж дурдав.
Сэтгэгдэл (0)