Дайн эхлэхээс дуустал тагнуулч хийсэн түүх

 Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Хишигийн Намсрайжав эдүгээ билгийн улирлын 92 намартай золгож байгаа ахмад сэтгүүлч. Багаасаа цэвэрч нямбай, ганган гэгддэг тэрбээр одоо ч нуруу цэгц, үг цөөн, сайхан цэвэрхэн хувцасласан хэвээр.

 
1937 оны намар Ардын цэргийн албанд татагдаж сумнаасаа морин өртөөгөөр аймгийн төвд очиж хэдэн бор гэрт утаанд даршсан хар навтсан дээр хоноглоход Х.Намсрайжав зэвүүцэн жихүүцэж зурхайч ах ламынхаа бэлэглэсэн 500 төгрөгнөөс 300-аар нь хоршооноос орны герман бүтээлэг худалдан авч нөхөдтэйгөө хучлага дэвсгэр хийж байсан гэдэг.
 
Шинэ ирсэн цэргүүдээс бичиг мэддэг нь урагш хоёр алхаад гэж долоо үсэрдэг сумтай буу, хүрэн ширэн цүнх зүүсэн ногоон малгайт даргын захирахад Мөрөнгийн дунд сургууль төгссөн Х.Намсрайжав урагш гарах гэтэл нутгийн залуу хажуугаас, -Чи битгий гар. Цэргийн дарга болгоод халдаггүй юм гэнэ лээ гэхэд зориглон алхсангүй. Хөвсгөлийн цэргүүд Мөрөнгөөс ачааны машинаар нийслэл хотыг зорив. Булганы Авзага хүрээд машин эвдэрч, лам жолооч нь засаад ч хөдөлгөж чадсангүй. Цэргүүд хоёр хоног явган жагсаалаар Дашинчилэнгийн Бор хөндийд ирэхэд Улаанбаатараас машин тосч авч хотын цэргийн хуаранд хэд хонов. Манай дорнод хил ээдрээтэй байсан учир шинэ цэргүүд зүүн хязгаарт дайчлагдлаа. Халхын голд хязгаарын цэргийн нэгдүгээр заставт цэргүүд хуваарилагдаж, Х.Намсрайжав заставын дарга, нутгийн таних Алтангэрэлийн морин жолооч /хөтлөпн/ болж, цфэргүүдэд тоо, монгол бичиг заадаг номын багш давхар хийх болов.
 
Заставын дарга, улс төрийн удирдагчаасаа эхлээд цэргүүд бичиг үсэг үл мэднэ. Харин удирдах дарга нар морин сургууль, биеийн тамир, сэлэм эргүүлэх, буудлагад маш сайн аж.
 
1939 оны эхээр Дотоод явдлын яамнаас Порлов гэдэг орос хурандаа, Амгаев гэдэг буриад хэлмэрчтэй ирж, салааны дарга Нэхийт, салааны туслах Х.Намсрайжав хоёрыг хилийн III заставт шилжүүлэн тагнуулын ажилд томилов. Халхын голын байлдаан эхэллээ. Японы самурай нар Зүүн хойт Хятадыг эзлэн авч улмаар Монгол оронд түрэмгийлэн халдахаар олон жилийн турш тагнан туршиж Хайлаар, Жанчхүүгийн даваагаар дайран орохоор бэлтгэж байснаа Халхын голын дүүргээр довтлохоор сонгожээ. Нэхийт бид хоёр Халхын голын байлдаан эхлэхээс өмнө ч дайсны ард гарч тагнан туршиж байв. Жинхэнэ тулалдаан болсон дөрвөн сарын турш дайсны хүчийг судлан мэдэх, амьд хэл барих зэргээр манай тагнуулынхан хилийн наана цаана гарч, эх орныхоо нэрийн өмнөөс өгсөн үүрэг даалгаврыг үнэнч шударгаар биелүүлж ирснээ Х.Намсрайжав гуай 70 жилийн тэртээ болсон үйл явдлаас товч өгүүлэв.
 
Дайны дундуур бид японы тагнуул ангийн дарга хурандаа Азума гэгчийг амьд баривчилж штабтаа хүргэсэн нь дайн дууссаны дараа Улаанбаатар хотноо хорих ангид тэр ажиллаж байв. Тэр япон дарга монгол, хятад, орос хэл мэддэг сүрхий боловсролтой хүн байсан юм.
 
Долоодугаар сард шиг санагдана, Нэхийт бид хоёр тагнуулаар давхиж явтал дайсантай тулгарч буудалцахад миний зүүн хөл өвдгөөр чинэрэн өвдөж нойтон оргирд явчихав. Харсан чинь түрий даван цус урсаад хөнгөн шарх авсан байж. Бас нэг орой орос цэрэгтэй цуг туршуул хийж явтал хэдэн япон халз тулгарч буудалцлаа. Хажууд хэвтсэн орос цэрэг маань, -Эй Намсрайжав чиний толгой байна уу гэв. Тэмтэрсэн чинь пилатк малгайг минь цоо буудаад өнхрүүлчихжээ. Ингэж хоёр ч удаа япон дайсны суманд хальт оногдон амь мэнд гарсан нь Халхын голын байлдаанд оролцож явсны аз хийморь амьд байж ус уух хувь заяа гэж бодож явдаг гэж фронтын ахмад дайчин Х.Намсрайжав гуай хүүрнэж билээ. Халхын голын байлдаан дуусч Х.Намсрайжав заставынхаа улс төрийн удирдагч болж, дэслэгч цол авч дэвшив. Нэхийт баруун хязгаарт салааны даргаараа томилогдон явж тэнд гавьяа байгуулан БНМАУ-ын баатар цол хүртсэн билээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)