Дайчин эцгийн минь андуудын тухай дурсамж

 Манай нутагт Халхын голын дайны утааг үнэрлэж, гол фронтод тулалдаж, эх орноо харийн дайсны өнгөлзлөгөөс  хамгаалахад залуу нас, халуун зүрхээ зориулж явсан олон сайхан хүн байсан юм. Тэд бол улсын баруун хягаар Увс нутгийн ахмад дайчид билээ. Зарим нэг нь одоо ч амьд мэнд амьдарч явна. Халхын голын дайн хайртай бүхнээ харийн түрэмгийлэгчдээс өмөөрсөн халх Монголын хамаг олны тэмцэл байжээ гэж боддог юм.

 
Халхын голын дайнд оролцож, тулалдаж дайтаж, залуу халуун насны ид хавыг үзүүлж, ялалтын уухайтай хамт эргэж ирээд, эх орныхоо бүтээн байгуулалтад ажиллаж, их зүйл бүтээж байсан дайн болон бүтээн байгуулалтын баатарууд олон байсан тухай, тэр хүмүүсийн гялалзаж явсан алтан үеийн дурсамж миний сэтгэлийн гүнээс ундарч, тэдний хийж бүтээсэн үйлсийн тухай түүхт ялалтын 80 жилийн босгонд дурсан бичих нь буяны нэгэн том үйл болох ажаамуй уу гэж үүнийг чадан ядан тэрлэв.
 
Намайг залуухан хүү сургуулиа төгсөөд очсон тэр жилүүдэд “Ахмад дайчин” тэмдэг энгэртээ цаг ямагт зүүдэг, эмнэг хангал элгэн хад эрчилсэн ус, юунаас ч айдаггүй агуу их эрч хүч нь зангирсан олон сайхан хөдөлмөрч, жинхэнэ болд төмөр мэт хатуужсан ажилсаг сайхан эрс яралзаж байдаг байж билээ. Тэдний тухай одоо бодоход эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж халуун зуны нар, шаагисан бороо, тэсгэм хүйтэнг үл ажран, тэсрэх бөмбөг, шаагисан сумны өөдөөс өөрийгөө үл хайрлан тэмцэж ялалт байгуулаад эргэж ирээд айл гэр бүлээ төвхнүүлэн үр хүүхэд төрүүлж өсгөн эх орныхоо социализмын бүтээн байгуулалтад их хувь нэмэр, бүтээлч үйлсээ зориулж явсан ахмад дайчин эрс байж дээ гэх бодол зурсхийж тэдний амьд сэрүүн байх үеийн сайхан дүр зураг, хийдэг ажил, хэлдэг үгс нь тодрон санаддаг билээ.
Жулын Дүгэржав, Авирмэдийн Гончиг, Аюурзанын Нашаа, Баясахын Батаа, Баянцагааны Батаа, Жүгнээн Цэвэгмэд, Түнээгийн Аюурзана, Гэнэний Очир, Өнөрийн Манжил, Дэвээлэйн Рагчаа, Боолгойн Шээрэв, Баасайн Цэжин, Шаалуун Жамбал гэх эрсийн тухай Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн босгонд дурсаж, бурхан болооч буянтай үйлстэн эх орончдоо нэхэн санах нь тэднийхээ амьд үеийн сонсгол, мэлмий баясгасан дурсамжийг сэдрээхэд сайхан байна.
Тэдний тухай бичвэл бүхэл бүтэн ном бүтээж, роман тууж бичсэн ч багадах бодит түүхэн хүмүүс билээ. Тиймээс тэднийхээ тухай зарим сонин содон сонсож дуулсан содон сонор дурсамжаас багаханыг нь тэмдэглэв.
Аюурзанын НАШАА гэгч сайхан эр байсан. Халхын голын дайчин эр цэргээс ирсэн залуу, сумын клубт үдэшлэгт орж ирээд бүжиглэж, баян хуур хөгжмийн аянд кавказ танц хийхдээ заалны шалыг хуга гишгэн олныг баясуулж байсан. Морь эдлэхдээ гаргуун хөгжил хөдөлгөөнтэй нөхөрсөг сайхан эр байлаа.
Баянцагааны БАТАА гэж Боршоо голдоо унд, ус, ажил хэрэгч чанар, хүмүүсийг араасаа дагуулах агуу чадвартай төрийн хар хүн. Ардын Их Хурлын депутатаар сонгогдон олныхоо дунд их нэр хүндтэй явлаа.
Баясахын БАТАА гэгч Харигийн голын унаган эр ажилч хичээнгүй, нийгмийн амьдралын шударга б$с зүйлийг үзэж чаддаггүй. Хурал цуглаан дээр шударга үнэн зөв үгээ шулуухан хэлчихдэг. Элэг бүтэн 20 хүүхэд төрүүлж өсгөсөн, голч шударга, ооч сахалтай, олондоо хүндтэй нэгэн байлаа.
Жулын ДҮГЭРЖАВ гэж сум нэгдлийн дарга, ХАА-н агуу удирдагч, 17 хүүхдийн эцэг эрдэмлэг, бурханлаг буянлаг нэгэн ахмад дайчин 86 нас сүүдэр зооглосон билээ. Энэхүү Халх голын хамаг нууцын амьд эзэн, тагнуул сөрөх тагнуулын салаан дарга явсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн. Сүүлдээ Коммунист намын дээд сургууль төгссөн. Орос, манж, төвд хэлтэй ахмад дайчин байж билээ.
Шаалуугийн ЖАМБАЛ гэж ооч сахалтай, нимгэн шар эр гарын ойгүй их дүйтэй, сайн мужаан, гарамгай адуучин эр байлаа. Цэргийн уналгын агт малладаг. Эмнэг хангалыг эр зориг эрч хүчээрээ эвтэйхэн номхруулж уналга эдэлгээнд сургадаг, нэгэн бодлын морийг агт болгодог их авьяастай, цалам бугуйл шидэхдээ мэргэн, зан ааш сайхан, ахмад дайчин байв.
Гэнэний ОЧИР буюу манай нутгийнхан “Каараа” гэдэг сайхан ааштай, 1000 гаруй улаан хүзүүтэй хоньтой ажилсаг буянтай сайхан эр байсан. Жүгнээн Цэвэгмэд, Түнээгийн Аюурзана, Увшийн Цэгмэд зэрэг ахмад дайчид зөвхөн эх орон ард түмнээ хамгаалж, ялалт байгуулахад их гавьяат үйлс бүтээснээрээ түүхэн хүмүүс атлаа жирийн хүний амьдралаар эх орныхоо бүтээн байгуулалтын үйл хэрэгт залуу зандан нас, биеэ зориулж, сайн сайхан амьдарч ажиллаж байсан ХААН нэгдлийг үүсгэгч, бүтээн байгуулагчид, олон сайхан үр хүүхэд төрүүлж эх орондоо хэрэгтэй үнэнч хүн болгон бойжуулсан сайн эцэг, сайхан буянтай буурлууд, зөвхөн “Ахмад дайчин”, “Бид ялав” медалиа гялалзуулж зүүж явдаг эрэмгий дайчин, энгийн түвшин амьдралын эзэд байлаа.
 
Ц.ЯДАМСҮРЭН /ахмад сэтгүүлч/
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)