Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд 500 иргэн санал өгөв
- 2019-07-04
- Үнэн
- 0
Ховд аймгийн Жаргалант суманд болсон “Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг”-т “Эрдэнэс Монгол” ХХК оролцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулан олон нийтэд мэдээлэл өглөө. Монгол Улсын Засгийн газраас Асгатын мөнгө, полиметаллын ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн юм. Тэгвэл энэхүү өдөрлөгийн үеэр баруун бүс дэх тус ордын эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл түгээв. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хууль, эрх зүйн орчинтой холбоотой харилцааг зохицуулсан Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж буйн хүрээнд 500 иргэнээс санал авч, тус хуулийн төслийн талаарх байр суурийг сонсож, судалжээ. Иргэдийн зүгээс тус хуулийг ажилтай орлоготой монгол иргэнийг дэмжиж, газрын баялгийн үр шимийг иргэдэд тэгш хүртээмжтэй, шударга хуваарилах, стратегийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулахад чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна. Хуулийн төслийг Засгийн газрын түвшинд танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.
“Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл (0)