Б.Дашдондог: Хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийхийн тулд чамбай төлөвлөгөө боловсруулсан
- 2019-07-09
- Үнэн
- 1
Амьд хөгжмийн ертөнцөд "Хүннү рок" хэмээх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй "Тhе Нu" хамтлагийнхныг нийслэлийн дээд шагнал "Хангарьд" одонгоор шагналаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэднийг хүлээн авч уулзан, Европын орнуудад хийсэн аялан толголт болон цаашдын зорилгынх нь талаар ярилцсаны эцэст шагналыг ёслол төгөлдөр гардуулав. Тус хамтлагийн "Yu ve yu ve yu", "Wolf totem" хэмээх дуу нь цахим орчинд одоогоор 19 сая гаруй хандалт авч, олон улсын цахим хөгжмийн дэлгүүрийн рок дууны хандалтыг тэргүүлж байгаа юм. Мөн Европын 13 улсад 23 удаагийн тоглолт зохион байгуулахын сацуу дэлхийн алдартай фестивалиудын урилгыг авч, Монгол Улсын нэрийг олон улсад цуурайтуулж яваа билээ. Нийслэлийн дээд шагнал "Хангарьд" одонгоо дөнгөж хүртээд буй агшинд хамтлагийн продюссер, Монгол Упсын гавьяат жүжигчин Б.ДАШДОНДОГИЙН сэтгэгдлийг сонсч, түунтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд болон "Тhе Hu" хамтлагийнханд баяр хүргэе. Нийслэлийн дээд шагналыг хүртсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Асар их зүйл хийж бүтээсэн эрхмүүд л энэ шагналыг хүртдэгийг мэднэ. Бид хувьдаа авна гэж зүүдлээгүй. Нийслэлийн дээд шагналыг бидэнд олгож байгаа нь "Тhе Нu" хамтлаг болон "Хүннү рок" урсгал нь дэлхийг доргиож, Монгол Улсын нэрийг улам өндөрт мандуулах хариуцлагыг уламжилж байна гэж хүлээж авлаа.
-Хамтлагийн уран бүтээл цахим ертөнцөд олон сая хандапт авч байна. Энэ амжилтад хүрэхийн тулд хэдий хэр хугацаанд, ямар ажил хэрэгжүүлэв?
-Яг энэ урсгал болон хамтлагийн төслийг эхлүүлснээс хойш есөн жил болж байна. Таван жилийн хугацааг уран бүтээлийн судалгааны ажилд зарцуулсан. Хамтлаг байгуулах ажилд ч багагүй хугацааг зарцуулсан. Манай рок хөгжмийн ертөнц нэг л хэв шинжид орчихсныг анзаарсан. Хөгжил нь бараг зогсонги болчихсон гэж хэлж болно. Тиймээс тэсрэлт хийж, шинэ хуудсыг сөхөхийн тулд маш чамбай төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийх шаардлага гарсан.
-Аялан тоглолтоор явахад үзэгчид хэр хүлээлттэй байсан бэ?
-Тоглолтын сурталчилгаа гарсан даруйд л тасалбар дуусч байсан. Зарим хотод олон үзэгч багтаахын тулд анх товлосон заалаа маш шуурхай солих ч шаардлага гарсан. Тайзнаа гарч тоглоход тэндэх уур амьсгалыг зүйрлэхийн аргагүй байлаа.
-Аялан тоглолтын ээлжит төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Америк улсад ирэх есдүгээр сард аялан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байна. Энэ оны сүүлч хүртэл урт удаан хугацааны аян зам биднийг хүлээж байгаа учраас түрхэн зуур амсхийж амжина даа.
-Шинэ уран бүтээлээ хэзээ олны хүртээл болгох вэ?
-"Гэрэг" анхны цомгийнхоо нээлтийг ирэх намар хийнэ. Тэр үеэр шинэ уран бүтээлээ дүрсжүүлж, олонд хүргэх төлөвлөгөө гаргасан.
Э.Энхдөл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
zochin (59.153.113.107)
Ta buhnii uran buteeld ulam ih amjilt husie. Ta buhneer baharhaj baigaa shuu.