“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Булган аймгийн удирдлагууд 2019 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
- 2019-07-18
- Үнэн
- 0
Шинийн 15-ны бэлгэт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нар 2019 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Анхдагчдын өлгий Булган нутгийн нэгээхэн хэсэг болох “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газрын үүцийг задалж, газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан 40 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн.
2018 онд Булган аймгийн 80 жил, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиосонтой холбогдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэндээ анх удаа нэг тэрбум төгрөгөөр Булганчуудын хөгжил дэвшил, хэтийн сайн сайханд хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ онд хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан 500 сая төгрөгийг Булган аймгийн удирдлагууд боловсролын салбарт болон “Аваргуудын цогцолбор”-ын бүтээн байгуулалт, сумдын нийгмийн хариуцлагын хүрээний тодорхой зорилтуудыг шийдвэрлэх, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулахаар төлөвлөж байгаагаа уламжиллаа.
Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Би анхдагчдын өлгий нутаг Булганчуудаар бахархаж явдаг. Сайхан ард түмэн, азтай хийморьтой хүмүүс. Төрийн их баяр наадмын түрүүлсэн бөх, морьдын буян хишиг, сурчдын уухай шингэсэн эдгээр сайхан өдрүүдэд Булган аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бэлгэшээж байна. Эрдэнэт үйлдвэр, Булган аймгийн олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжих болтугай. Бидний хийж буй гэрээ, санамж бичиг Булганчуудын сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Энэ чиглэлээр хийх ажлаа төлөвлөж, хэрэгжүүлээд явж байна. Булганчууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээсэн.
Мөн Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн онд Булган аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бид аймгийнхаа 80 жилийн ойг зорин ирсэн 80 мянган хүний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь аймгийн төв төдийгүй Эрдэнэт хотыг тойрсон Булган аймгийн сумдын ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр болох болно. Өнгөрсөн жилийн хэмжээнээсээ ахисан татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсье” гэв.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл (0)