Хурандаа С.Ганбат: Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг 2020 оноос татна

"Цагдаа" эмхтгэлийн “Дугаарын сурвалжлага” буландаа Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатыг урьж ярилцлаа.

Таны амрыг эрье. Дотоодын цэргийн түүх, үүсэл хөгжил, байгуулагдсан зорилгоос яриагаа эхлэе?

Дотоодын цэрэг нь анх Дотоодыг хамгаалах газрын албаны байр, мөн гянданг хамгаалах зорилгоор 1922 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударгаар оролцож явсан гэх 13 цэрэг, дайчдыг сонгон авч, тусгай тасгийг байгуулсан.

Түүхэн баримт, эрдэмтэн судлаач, түүхчдийн бичиж тэмдэглэснээс үзвэл энэхүү тусгай тасаг нь “Дотоодын цэрэг”-ийн үүсэл, үндэс суурь нь болж, Дотоодын цэрэг байгуулагдсан өдрийг 1922 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэмээн тогтоон тодорхойлсон байдаг.

Дотоодын цэрэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн хугацаанд Дотоодыг хамгаалах газар, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн удирдах газар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар /хуучин нэрээр/, Цагдаагийн ерөнхий газрын харъяанд алба-ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон улсын онц чухал объект /Төр, Засгийн тэргүүний байр, гяндан, онцгой ба чанга дэглэмтэй колони, дулааны станцууд, ус хангамжийн эх үүсвэр, хүн малын гоц халдварт өвчний лабораториуд гэх зэрэг/-уудыг хамгаалах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх үүргийг өдөр тутам бие даан гүйцэтгэж, шаардлагатай үеүдэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цагдаа, онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн арвин баялаг түүхтэй газар юм.

 Монгол Улсын Их Хурлын шийдвэрээр 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 90 гаруй жилийн түүхтэй Дотоодын цэргийг татан буулгаж, гүйцэтгэж байсан чиг үүрэг, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Харин Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сард “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг шинээр баталж, Дотоодын цэргийг дахин байгуулсан. Дотоодын цэргийг дахин байгуулах болсон эрх зүйн үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар?

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7 дугаар зүйлийн 7.1-т: “Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ.”, мөн зүйлийн 7.3-т: “Тайван цагт ... дотоодын цэрэг нь ... бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд бүтэц чиг үүргийг хуулиар тогтооно” гэж тус тус заасныг Төр, засгаас хэрэгжүүлж, Дотоодын цэргийг дахин байгуулах шийдвэр гаргаж, 2017 оны 02 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг баталж, Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн. Бид дээрх хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хуульд Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн.

Тухайлбал: Улсын онц чухал объектыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх үүргүүдийг өдөр тутам бие даан гүйцэтгэхээр, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход болон гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг чиг үүргүүдийг Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр цагдаа, онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь дэмжлэг үзүүлж, хамтран үүрэг гүйцэтгэхээр тус тус заасан.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т: “Дайны байдал зарламагц ...дотоодын цэрэг ... зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ.”, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д: “Зэвсэгт хүчин, бусад цэрэг” гэж зааснаар Дотоодын цэрэг нь “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага” байхаар хуульчилсан юм.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага бөгөөд хуульд заасан үүргүүдийг хэрэгжүүлэхдээ Дотоодын цэргийн командлагч, штаб, мэргэжлийн анги, байгууллага гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар алба-ажиллагааг явуулж байна.

Дотоодын цэрэг дахин байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Аливаа зүйлийг шинээр эхлүүлэх, тэр дундаа дахин сэргээх, бүтээн байгуулах, хүний нөөцийн зөв бодлого явуулах, материалаг бааз бий болгох гээд олон зүйл хэрэгтэй. Хэрхэн өргөжиж байна вэ?

Тиймээ. Аливаа зүйлийг дахин сэргээж байгуулахад тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт зайлшгүй шаардагддаг. Дотоодын цэрэг дахин байгуулагдаад жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргуулах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар нэлээдгүй журам, зааврыг батлуулан мөрдүүлэх, штаб, анги, байгууллагын алба-ажиллагааг жигдрүүлэх, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, материалаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.

Мөн Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх чиг үүргээ өнгөрсөн хугацаанд зохих түвшинд хэрэгжүүлж ажилласан болно.

Ийнхүү Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг хуульчлан мөрдүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дотоодын цэргийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллийг бидэнд өгнө үү?

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг үндэслэн 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Дотоодын цэргийн зохион байгуулалтын бүтэц”-ийг баталж, мөрдүүлсэн бөгөөд дээр дурьдсанаар Дотоодын цэрэг нь командлагч, штаб, анги, тусгай салбар, салаа гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар албаны үйл ажиллагаа явуулж байна.

Дотоодын цэрэг өмнө нь хугацаат цэргийн албан хаагчтай байсан. Дахин хугацаат цэргийн албан хаагчдыг хэзээнээс татан авч, цэргийн жинхэнэ албыг нь хаалгах вэ? гэж хүн болгон асуудаг. Энэ талаар?

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэн улсын онц чухал объектуудын харуул, хамгаалалтад болзошгүй аюул учирч, нөхцөл байдал хүндэрсэн үед тухайн үүссэн нөхцөл байдлыг таслан зогсоох, объектын аюулгүй байдлыг шуурхай хангах бэлтгэл нөөц хүчийг бүрдүүлэх зорилгоор 2020 оноос Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч, цэргийн жинхэнэ албыг хаалгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан нийт ахмадууд, одоо ажиллаж байгаа алба хаагч, ажилтнууд, хамтран ажилладаг байгууллага, иргэд Та бүхэнд шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Ярилцсан: Цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)