Хэдэн бор малчиддаа баярлалаа

Цас ханзарч, уулс борлож, цаг наашлан хаврын улирал иржээ. Дөрвөн уулын дундах нийслэл Улаанбаатараас бусад, Монголын газар дээр “Хаврын найраг” болсон төлийн дуу цангинаж байна. Хөлдсөн болгон гэсч, амьтай бүр сэргээд урин хавар юутай сайхан бэ.

Гэвч энэ жил дэлхий тахалд автаж, тэр нь өдөр, цаг тутам өсөн нэмэгдэж байгаа, басхүү Монголд ч нэвтэрч амжсан талаарх мэдээллийг бид авч байна.

Харин энэ түгшүүртэй өдрүүдэд дэлхий Монголыг, монголчууд бид малаараа, малчдаараа бахархан байгаа юм.

Учир нь юу гэвээс энэ тахлын голомт илэрсэн нутагтай хилийн залгаа, мөнхийн хөрш Монгол Улс аюулт халдварыг тэсэн тэвчиж байгаа нь дэлхийг дэлдийлгэж буй ажээ.

Ийм мэдээ түгэхийн өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэтийн шийдвэр гаргаж, өмнөд хөршид нэг өдрийн айлчлал хийсэн. Ерөнхийлөгч Хятад улсын даргатай уулзаж 30 мянган хонь бэлэг болгон өгч байгаагаа хэлээд иржээ. Залгуулаад дээр дурдсан монголчуудын хувьд тахлыг тэсэх тэвчээрийн дуулиан дэгдсэн билээ.

Ерөөс энэ бүхний учиг нь монголчуудын хүнсэндээ хэрэглэдэг малын маханд байна гэдэг дүнг тэд ч, бид ч тавиад байгаа юм.

Дээхнэ Францын нэг эрдэмтэн манай Б.Ренчин гуайгаас  “…Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо, жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү” гэж асуухад нь “…Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс, ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-гаад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон ургамал биш, харин байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамлыг малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үүнийг сонсоогүй монгол хүн үгүй. Ингэж бодож байгаад л малын махаа туугаад байна шүү дээ.

Харин тэр эмийн ургамал, байгалийн аминдэмүүдийг агуулж байдаг мах бидэнд яаж ирдэг вэ. Үүнийг л Улсын нийслэл Улаанбаатар хэмээх дөрвөн уулын дундах жижигхээн хавтгай дээр чихэлдэн шахалдан амьдардаг бид мартсан байгаа юм.

Мал зүгээр мах болдоггүй. Махыг малчид бидэнд бэлдэж өгдөг. Ерөнхийлөгчийн Хятадад бэлэглэх 30 мянган хонь ч хэдэн малчны хотноос л ачигдаж таарна.

Харин малчин хүн малаа маллах гэж байгаль цаг уурын бэрхшээлийг хэрхэн давдаг, хоногийн 24 цагийг яаж зарцуулдаг, хүнээс гарч болох хүч чадлыг хэрхэн өсгөдгийг бид ярихаа больсон байна. Ажил хийнэ гэдгийг дөрвөн хананы дунд суугаад, дэлгэц нүдэхээр төсөөлдөг болчихсон.

Яг өдийд л гэхэд жаахан “хөдөөтэй” нэгэн нь “Хаврын найраг” дууны хачин гоё үгээр, аялгуугаар малаа, махаа ярина. Гэтэл өдийд хэдэн бор малчин маань төлөө хүлээж авахаар цаггүй, наргүй, өдөр, шөнөгүй ажиллаж байна шүү дээ.

Хэдхээн хоногийн өмнө говийг зорьж, садныдаа хоноглохын хооронд бусдын адил мартахаа шахсан малчин хүний хаврыг харчихаад л ирэв. Хавирга нэвт сийгсэн салхитай хаврын зэвэргэн өдөр, энд ч хонь ямаа хургалж ишиглээд, тэнд ч үхэр тугал хоёр яс салж сүйд ээ, сүйд. Гэрийн эзэн, тахлаас болж хичээлээсээ чөлөөлөгдсөн тусад орсон хүүхдүүд, бас туслах малчнаа командлаад тал тал тийш гүйлдэж, эзэгтэй багашаархан хүүхдүүдтэйгээ түмпэн сав хангинуулж, хивэг тэжээл зуурч, зөөж гүйгээд л. Шөнийн бор хоногтоо малын хашаа, төлд барьсан илүү гэрийн хооронд гар чийдэн барьчихаад жим гартал гүйлдэнэ. Бага байхын л мэдэх малчны ажил яг л хэвээрээг үзэв. Мань мэт бол ийм цаг үеэр тэдэнд лай л болсон байх. Гэхдээ монгол хүн байна, урваганахгүй ярваганахгүй. Найрагч Цэндийн Чимэддорж гуайн 1989 онд “Болор цом” авч байсан “Малчин” шүлгийн “…Давхиад очиход цоожгүй айл малчин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных” гэдэг яг л хэвээрээ байж байна.

Малчны ажил зөвхөн хавар ингэж ундардаг юм биш л дээ. Хавар төл авна, залгуулаад ямаагаа самнана. Зундаа хонь тэмээгээ ноосолж, адуу хөөвөрлөнө. Дураа дагаад наадмаар давхиулах морио уяна. Ажил их ээ. За тэгээд элдвийн өвчин хууч тусахаас урьдчилан сэргийлж, вакцин тарианд хамруулах гээд явж өгнө. Намар болохоор хадлан тэжээлийн ажил гэж лут юм бий. Өвөл ч ажил тасрахгүй. Ундарч л, хүлээж л байдаг. Хотын бидэнд мах болж ирэх ганцхан малыг гэхэд л малчин дор хаяж 4-5 жил адгуулж хариулдаг.

Гэсэн ч хэдэн бор малчин маань “…Малын буян их ээ” гэж хувь заяагаа магтан шүтнэ. Үнэхээр ч малын буян их л дээ. Зундуйн Дорж агсны “…Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” хэмээсэн чухам үнэн.

Буяныг нь бид өнөөдөр хүртэж сууна. Одоо дэлхийг эзэлж байгаа тахлын үед монгол малын мах гадныхны анхааралд орж, судлагдаж байгаа хүртэл мэдээлэл байна. Хэдэн жилийн өмнө дөө, Асашёорюү Дагвадорж арлын Японы сүмог эзлэн барилдаж байх үед нь япончууд дагаж ирээд баримтат нэвтрүүлэг хийж байв. Тэгэхэд монгол малын мах тэдний анхаарлыг гойд татлаа л гэж байсан.

Зөвхөн мах нь ч биш. Монгол малчны ухаан чадал, авхаалж самбаа, эр зориг гэдэг гайхалтай. Хашаандаа байгаа мянган хонийг ганцхан шилбүүрдэж байгаад хараад тоолчихдог ухаан, ой тогтоолт малчнаас өөр хэнд байдаг юм бэ. Адуун соёлыг дагасан эмнэг сургалт, тав, зургаахан настай хүүхэд 20-30 км замыг хурдан морины нуруун дээр ганц ч зогсолгүй давхиж туулдаг Монголоос өөр хаана ч үгүй гайхамшгууд бий. Тэр хэрээр малчин түмнийхээ ахуй соёлыг дагаж л бид дэлхийд танигддаг юм.  Хамгийн сүүлд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” дэлхийн уралдаанд 125 орны гэрэл зурагчид 1794 бүтээлээр өрсөлдсөнөөс Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн. Монгол малчны өдөр бүрт байдаг л ахуй. Үүнийг гэрэл зурагчин Ч.Ганбат хальснаа ур чадвартай буулгаж дэлхийд данслагдах жишээтэй.

Ерөөс мал маллах арга ухаан, малын ашиг шимийг зохицуулан боловсруулж хэрэглэх гэдэг тэр чигээрээ шинжлэх ухаан юм. Тиймээс ч малчид маань жилийн дөрвөн улиралд малаа хэрхэн маллаж, адгуулахаас гадна хүнсэндээ, ахуйдаа яаж хэрэглэхээ хүртэл ёстой л “марксизмаар заалгалгүй” томъёолчихсон улс.

 

 

Өвлийн идэш, хаврын борц, зуны цагаан идээ гээд монгол хүний үндсэн идээ бий. Түүн дээр зөвхөн сүүнээс ааруул, бяслаг, ээзгий, өрөм, тараг, хатуу идээ хүртэл гаргаж хүртдэг.

Эдгээрийг тоочоод ярихаар ямар тэнэг юм бэ гэж санагдаж магад. Гэвч сүүлийн үеийн монголчуудын дийлэнх маань махнаас бусдыг мэдэхээ больсон байна.

Өнгөрсөн 2019 оны жилийн эцэст малын тоо 70.9 саяд хүрлээ. Өмнөх жилээс 4.5 сая толгойгоор өсчээ. Харин 285 мянган малчинтай гэсэн статистик гарсан байна.

Өөрөөр хэлбэл, 285 мянган малчин 72 сая малаа маллаж Монголын дархлааг бүтээж байна л гэсэн үг.

Малын тоо толгой хэт өссөн нь үнэн. Гэхдээ өнөө цагийн хөгжлийн хэмжүүр болоод буй уул уурхайгаас болоод бэлчээр нь хомсдож маллах адгуулахад хүнд болжээ.

Малчид, уул уурхайн компани хоорондын бэлчээрийн төлөөх дайтал тасрахаа больсон. Мал бэлчээрээсээ шахагдаж, малчид тэмцэж буй нь тэр. Үнэндээ уул уурхайн золиос нь малчид, мал болж буй мэт боловч цаагуураа нийт монголчуудын үндэсний эрх ашигт л өнөөдөр биш ч маргааш ужигтай үр дагавар авчирна гэж бодогдох.

За тэгээд, төрөөс малчдаа жаахан харж үзээд гэдэг юм уу, анхаа­раад эхлэхээр хотынхон компью­терийн араас “хуцаж” өгнө шүү дээ. Ноос ноолуурын урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийн хөнгөлөлт зэргийг нь ад шоо үзнэ гэж жигтэйхэн. Малчдаа орк хэмээнэ. Гадныханд монгол гэр, мал тэргүүтэй сурталчилгаа хийхээр ичнэ.

Гэвч хэцүү цаг тулахад даяаршил, үйлдвэржилт бус хэдэн бор малчны маань малласан малын мах л аминд орж байгааг та бид харлаа, үзлээ. Мал малчин хоёр бол жинхэнэ монгол дархлаа гэдгийг мэдэрлээ. Өнөөх хэдэн малчин маань Монголыг Монголоороо авч үлдсэн гавьяатай хүмүүс гэдгийг ойлголоо.

Иймээс бид малчдаа дорд үзэх аргагүй. Зүгээр л эрхлүүлэх хэрэгтэй юм. Одон тэмдгээ бүү харамла. Тэтгэвэр тэтгэмжийг нь нэм. Малын мах, сүү цагаан идээний үнийг өндөр болго. Ноос ноолуурын үнийг ч тэнгэрт хадаа. Гадныханд малчдаа, малаа сурталчил. Зүгээр л малчдаа бүх талаар хангалуун байлгах ёстой. Тэгж гэмээнэ амьдрахуйн ухаан төгс, бие сэтгэлийн гоц чадал тэнхээтэй монголчууд хэвээр үлдэнэ.

Эцэст нь монгол дархлааг тээж, монголчуудаа тэжээж яваа хэдэн бор малчиндаа л баярлалаа гэж хэлье.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)