Торгуулиа төлөөгүй жолооч нараар 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ
- 3 цаг 28 мин
- Нийгэм
- 0
Тээврийн цагдаагийн газраас автомашины торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол 50 хувиар нэмэгдэнэ гэв. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулахад "Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан журам батлагдсан. Журмаар торгуулийн аргачлалыг хэрхэн бодох, хэрхэн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зохицуулж өгсөн байгаа. Хуулийн зохицуулалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Одоо бэлтгэл ажлаа хангаж байна.
Хуульд заасан хугацаанд сайн дураараа торгуулиа төлөөгүй буюу 15 хоногийн дотор төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. Харин торгуулиа 15 хоногтоо төлбөл 50 хувь хөнгөлөх зохицуулалттай. Жишээлбэл, жолооч та 50 мянган төгрөгөөр торгуулсан бол 75 мянга болж нэмэгдэнэ гэсэн үг.
Торгуулийн хугацаа хэтэрсэн, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон И-Монголиа систем рүү хүргүүлнэ. Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ. Ингэхдээ нэг өдрийн найман цагаар буюу 15 мянган төгрөгөөр тооцон төлбөрийг авна. Жишээлбэл, 450 мянган төгрөгийн торгуультай жолооч 30 хоног нийтэд тустай ажил хийнэ гэсэн үг. Ийм байдлаар төлбөрийг барагдуулна. Жолооч 450 мянган төгрөгөөс доош торгуультай бол цагдаагийн албан хаагч тухайн тээврийн хэрэгслийг зогсоож, торгуулийг нь төлүүлэх арга хэмжээ авна. Торгуулиа төлөхөөс татгалзсан тохиолдолд автомашиныг нь журмын хашаанд байрлуулна. Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 1.8 сая жолооч торгуульсан бөгөөд үүний 50 орчим нь хугацаандаа торгуулиа төлсөн. Хоёр жолооч тутмын нэг нь торгуулиа хугацаандаа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг" гэв.
Сэтгэгдэл (0)