ТББХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2020.12.16) хуралдаан 12 гишүүний ирцтэйгээр 11 цаг 37 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулав. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн олонхын саналыг авсан саналуудыг холбогдох зүйл, заалтуудад нэмж тусгасан байна. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналуудын найруулгыг анхаарч, гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 19.15, 26.5, 32.5, 36.11, 41.8, 42.12 болон 56.12 дахь хэсэгт өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Эдгээрээс 26.5 хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор төсөлд “ял эдэлж байгаа гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндэслэл болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг” гэсэн агуулгатай 3.1.13 дахь заалт, “авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигч нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 26.6 дахь хэсэг нэмж, төслийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтыг өөрчлөхөөр, төслийн 36.11 дэх хэсэг, 41.8, 42.12 дахь хэсэгт оруулсан өөрчлөлттэйгөөр холбогдуулан төслийн 41.9.2 дахь хэсгийг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг боловсруулжээ.

    Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ агуулга, дэс дарааллыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж төслүүдийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

    Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллыг гүйцээн боловсруулжээ. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хасах, Дүүргийн чиг үүргийг өөрчлөн найруулах, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах үүрэг бүхий улс төрийн нам, эвсэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй. Энэ хэсгийг 2024 оны ээлжит сонгуулийн дараагаас эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах талаар болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу төслийн 12 дугаар зүйлд 12.9.1 дэх заалт нэмэх гэснийг, 7 дугаар зүйлд 7.2 дахь хэсэг нэмэх гэснийг тус тус хасах, мөн төсөлд 6 дугаар бүлэг нэмж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааны асуудлыг зохицуулах “77.1 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримталсан байна”, “77.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын адил түвшний байгууллага, эсвэл олон улсын байгууллагатай байгууллага хоорондын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэсэн зүйлийг нэмэхээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүгийн үед санал хураалган шийдвэрлүүлэхээр бэлтгэжээ.

    Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Ингээд нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.  

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Байнгын хороо энэ өдрийн хуралдааныхаа төгсгөлд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг тэргүүн ээлжид хэлэлцэх зарчим баримтална” гэж заасан байдаг тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхээр боловсруулж, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг дээрх үндсэн чиглэлд тусгах шаардлага үүсчээ. Иймд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсныг танилцуулж, санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолд туссан хуулиудыг дээрх үндсэн чиглэлд тусгахыг хуралдаанд оролцсон 11 гишүүний 7 нь дэмжив. Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)