Хандгай агнахаар явсан “анчид” туулай хөөгөөд төөрчих юм даа

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед Соёлын сайдын багцад оногдсон 18 тэрбумыг нийгмээрээ шуугьж, “паа пүү” болцгоож байна. Цаана нь төсвийн илүү зардал 3.6 их наяд төгрөг гэж яригдаж байгаа. Энэ бол асар том тоо. Хэл ам дагуулж, шуугиан болсон 18 тэрбумаас чинь 200 дахин их мөнгө гээд бод доо. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл нийгмийн анхаарал ерөөсөө ийшээ тусахгүй байгаа нь хачирхалтай. 18 тэрбумаа тойроод л мөлжөөд байх юм.

Ч.Номинг “Энэ их мөнгөөр ард түмнийг хир буртагнаас нь салгаж, социализмын үеийн соёлын довтолгоог үргэлжлүүлэх юм гэнэ” гээд л элдвээр зүхсэн пост хаа сайгүй хөвөрч байна. Нийгмийн сүлжээнд инфлүүнсэрүүд ам ангайх болгондоо 18 их наядыг өлгөж авч, Соёлын сайд руу сүрэглэн дайрч байгаагийн цаад шалтгаан юу юм бол. Хар массыг удирдан улс төр хийж байгаа юм биш биз? Энэ бүхний цаана төсвийн 3.6 их наядын тэлэлтийг Соёлын яамны 18 тэрбумаар халхавчлаад авч үлдэх найруулга яваа юм биш үү.

Шуудхан хэлэхэд, нийгмийн анхаарал тэр чигтээ 3.6 их наяд гэсэн аварга тоон дээр биш Ч.Номин гэдэг хүн рүү л фокуслагдаж байна. Фокуслагдаж байна ч гэж мөнгөний эрх ашгаараа нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс нийгмийг, массыг зөвхөн энэ зүгт фокуслах үүргийг сошиал нөлөөлөгч, инфлүүнсэр, сэтгүүлч гэж өөрийгөө дөвийлгөсөн лайвчин, постчингуудад өгсөн хэрэг л дээ. Эрх мэдэлтэй, хөрөнгөлөг нөхдөөс мөнгө авсан лайвчин, постчингууд ч ажлаа маш сайн хийж байна. Үр дүнд нь захын таксины жолооч “Төсвийн зарлага Номингоос болж өслөө. Баян айлын бандгар охин л төсвөөс мөнгө идэж байна” хэмээн толгой сэгсэрч явна. Харин нөгөө талд, тээр дээр суудаг эрх мэдэлтэй нөхдүүд төсөв нэрээр завшиж буй их мөнгийг нь анзаараагүйд баясаастай, даалгавраа амжилттай гүйцэтгэсэн сошиал инфлүүнсэрүүд дансан дахь мөнгөндөө дүүрэн жаргалтай сууцгааж байгаа байх.

Ердөө ирэх долоо хоногийн сүүлчээр 2025 оны улсын төсөв батлагдах хуулийн хугацаа дуусна. Нийт 60 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараа үрэлгэн зардлыг танах асуудлыг гэнэтхэн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд гаргаж ирсэн. Одоо тэдэн дээр Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг, Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, М.Нарантуяа нарын нийт 16 гишүүн нэгджээ. Уг нь эд нар анх хандгай агнах гээд явсан “анчид”. Гэтэл туулай харангуутаа тэрийгээ хөөгөөд төөрчихлөө. Зүгээр ч үгүй өнөөх туулайн дээрээ улаан хэрүүл босгож байна. 3.6 их наядыг ярихгүйгээр 18 тэрбумын тухай бичдэг болгон нь сэвж, амтай бүхэн нь зоргоороо солиорцгоох болов.

Зарим хэвлэл мэдээллийнхэн хүртэл зориуд өдөөж байна. Нийгмийн анхаарлыг тэр чигт нь 3.6 их наяд дээр биш 18 тэрбум руу авчирч чадлаа. Эндээс харахад ард түмэн чинь ямар мунхаг болчихсон юм бэ.

Ингэхэд та нар 18 тэрбум 3.6 их наяд гэдэг хоёр тооны ялгааг мэдэж байна уу. Энэ 3.6 их наяд төгрөгийг ард түмний төлөө юунд зарцуулах нь тодорхойгүй сул мөнгө маягтай зүйлийг УИХ-ын гишүүд чинь яриад байна шүү дээ. Сүүлдээ гишүүддээ тав,таван тэрбумаар нь өгнө гэсэн асуудал ч ил цагаандаа туллаа. Үүн рүүгээ анхаараач ээ, ард түмээн. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгө гэдгийг ухаарах хэрэгтэй. Та нарыг “анчдын” хөөж байгаа туулай руу шуурч байх хойгуур 3.6 их наяд сул хэвтээд байгаа юм биш үү. Энэ их сул мөнгө хүмүүсийн анхааралд орчих вий гэхээс Сангийн сайдаасаа авахуулаад навталзаж байна. Тийм ч учраас л мартагдах гэхээр нь л 18 тэрбумыг асаан гаргаж ирж байна.

Сайд нь “сэтгэл сэргэтэл шүүмжлүүллээ” гэж мунхаг ард түмнийг улаан даавуу харсан бух шиг л улангасуулж чадаж байна. Энэ хүүхдэд өгөх өчүүхэн мөнгө л төслийг алдагдалд оруулсан мэт ард түмэн нь орилолдож тэдний бах тавыг хангана. Театр клубийн эрхлэгч нар жагсаалаараа гарч ирээд л хоёр тоо нийлүүлж бодно гэхээс л үстэй толгой нь арзайдаг ард түмнээ улангасуулж байна. 18 тэрбум 3.6 их наядаас 200 дахин бага мөнгө шүү гэдгийг дахин хэлье. Наадахаа болиод тэр нэг тэрбум доллар эзэнгүй хэвтэж байгааг хасах талаар ярилцаач ээ. Аливаа асуудлын голыг олж дуугарч баймаар байна. Хэн нэгнийг дагаж хөөрцөглөн намирдгаа л больчих хэрэгтэй. Сэтгэлээ барьж, аливаа зүйлд хэрсүү хандаж юмны учрыг тунгааж дуугардаг болъё.

Ерөнхийдөө парламент 126 гишүүнтэй болсон нь оносон байна. Гэнэтхэн тойргоос сонгогдсон хуучин гишүүдэд 600 тэрбумыг хувааж өгөх асуудал гарч ирсэн талаар Сангийн сайд ярьсан байна лээ. Өмнөх шиг 76 гишүүнтэй байсан бол энэ мөнгөнөөс хүн тус бүрд найман тэрбум хавьцаа төгрөг оногдоно. Сул мөнгө гэдэг чинь энэ. Ийм их хэмжээний мөнгө авсан гишүүд төсвийг шүүмжилнэ гэж үү. Тэрэн шиг үлгэр байхгүй. Тэгвэл одоогийн 126 гишүүндээ тус бүр найман тэрбумыг хуваарилбал нэг их наяд төгрөг давна. Ийм их хэмжээний мөнгийг бүгдэд нь ард түмнээс нууж өгөх арга байхгүй. Тийм болохоор энэ гишүүд төсвийг шүүмжлээд бужигнаад байгаа байх. Гол нь тэд байгаа онохгүй, өөрсдөдөө оноо авах гэсэн попрол юм шиг харагдаж байгаа юм. Үнэхээр л ард түмний энэ их хөрөнгийг хамгаалж байгаа юм бол аажуу уужуухан ул суурьтай хөдлөх хэрэгтэй шүү гишүүд ээ. Тэртэй тэргүй төсөв баталж чадахгүй бол УИХ тардаг хуулийн заалтыг аваад хаячихсан юм байна. Одоо та нар юундаа яарах билээ. Дахиад нэг нэгээр нь ухаж гаргаж ирээд ард түмэндээ үзүүлж харуулаад баталбал батлаад үгүй бол хасаад аажуу уужуу үзээд байхад шинэ он гартал зай байна шүү дээ. Ийм хөгийн, ард түмнээ шулах төсөл оруулж ирсэн Сангийн сайдтай бол хатуухан хариуцлага тооцонгоо ажлаа явуулж байхад болох юм байна. Үүн дээр Ардчилсан намынхан бол илүү сайн ажиллана биз.

М.МӨНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)