Нарийн ногоо, жимс жимсгэний нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцлээ
- 2020-12-22
- Нийгэм
- 0
Даваа гарагийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас Хотын Ерөнхий менежерт “Хүн амын хэрэгцээнд нарийн ногоо, жимс жимсгэний нийлүүлэлт буурч үнэ огцом өссөн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээ авах” үүрэг чиглэл өгсөн.
Нөхцөл байдлын хувьд Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд өмнө нь буюу хэвийн үед импортоор 10 тээврийн хэрэгслээр 200 орчим тн нарийн ногоо, жимс жимсгэнэ орж ирдэг байсан нь одоо Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санал болгосны дагуу 2 тээврийн хэрэгсэл явж байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдийн холбоо ТББ-аас санал авалгүйгээр ийм шийдвэр гаргасан нь нийлүүлэлт огцом буурч үнэ өсөх шалтгаан болсон байна. Нарийн ногоо нь тээврийн горим шаардагддаг эмзэг бүтээгдэхүүн бөгөөд вагоноор тээвэрлэх боломжгүй хөлдөж хурдан мууддаг байна.
Иймээс өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, ХХААХҮЯ, нарийн ногоо импортлогч Хос билгүүн зул ХХК, Наран трейд ХХК болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж Тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцлээ.
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох 6 хөргүүртэй тээврийн хэрэгслийг буцаж орж ирэхэд нь нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломж
2. Одоо явж буй 2 тээврийн хэрэгслийн тоог 10 болгон нэмэгдүүлэх асуудлыг Замын-Үүдийн шуурхай штабтай цахим хурлаар хэлэлцэн шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Үдээс хойш Худалдаа аж үйлдвэрийн танхим, Замын-Үүдийн шуурхай штабтай цахим хурал зохион байгуулж гарсан шийдвэрүүдийг судлан боловсруулж маргааш Шадар сайдад танилцуулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Сэтгэгдэл (0)