Зүрх “цэнэглэгч”
- 2021-03-11
- Нийгэм
- 0
Нэгэн хүү хол, ойрын зайд маш хурдан гүйдэг чадвартай аж. Найзууд нь түүний энэхүү онцгой чадварыг ашиглахаар шийджээ. Тэр найзуудынхаа хулгайлсан эд зүйлийг авч, хөлийн хурдаар харвасан сум шиг алга болдог байж. Гэвч найзууд нь түүн шиг хурдан биш учраас нэг өдөр баригдсан байна. Эцэст нь, нөгөө хүү хуулийн хариуцлага хүлээж, амьдралынхаа зам мөрийг хараар тамгалав.
Харамсалтай бөгөөд сургамжтай түүх. Хүүхэд, ялангуяа өсвөр насныхан найз нөхөд болон бусдын ятгалгаар алдаж гишгэх нь амархан ч хэн нэгний дэмжлэгээр хурдан өндийж чаддаг нь сайхан. Аливаа асуудлын учир начрыг тунгааж, алдаж гишгэж яваа хүүхдүүдийг ухаарахад зөвлөх нь, өндийж босоход гишгүүр нь, зөв замдаа ороход гүүр нь болж яваа хүн бол Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Шарнууд овогт Балжиннямын Жавзанхүү. Уугуул нутгийнхан буюу Өвөрхангайнхан, суугуул нутгийнхан болох Улаанбаатар хотынхон түүнийг “хүүхдийн Жавзанхүү” гэдгээр нь андахгүй. Тодотговол, түүнийг хүүхдийн эрхийг хамгаалагч, хүүхдийн байгууллагад насаараа ажиллаж буй мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин гэдгээр нь таних хүн цөөнгүй. Энгийн иргэнээс өгсүүлээд салбарынх нь үе үеийн төлөөлөл түүнийг “жинхэнэ мэргэшсэн боловсон хүчин”, “загалмайлсан эх” гэж хүндэтгэдэг. Тэдний нэг нь Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан, гавьяат багш Ц.Түвшинтөгс. Тэрбээр “Жавзанхүү бол амьдралаас ургаж өндийсөн, хүүхдийн байгууллагын ховор боловсон хүчин. Өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйлтэй. Аливаад хариуцлагатай, эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж, үр дүнг нь үздэг” хэмээн түүний талаар хүүрнэх нь олон хүнийхтэй агаар нэг байв. Түүнчлэн гадаад, дотоодын бүх шатны байгууллагатай хамтарч, эв эеийг хичээн хоршиж ажиллах чадварыг бүрэн дүүрэн эзэмшсэн, хэн нэгний дэвшүүлсэн эерэг саналыг түргэн шуурхай өлгөн авч, үйл хэрэгтээ тусгаж хэрэгжүүлдэг зан чанараар нь бахархаж явдаг тухайгаа хуучлав.
Зорилготой зоригтон
Түүний амьдрал хүүхдийн байгууллагатай салшгүй холбоотой. А үсэг заасан багшаасаа үлгэр дууриал авч, багш мэргэжил эзэмшиж, ажлын гараагаа аймгийн Уянга болон Арвайхээр сумын дунд сургуулиас эхлүүлжээ. Улмаар орон нутгийн төдийгүй улс, нийслэлийн хүүхдийн эрхийн асуудал хариуцсан шат шатны байгууллагад ажиллаж байсан чадварлаг, туршлагатай боловсон хүчин. Өдгөө гавьяаныхаа амралтад гарсан ч гар хумхин суухыг хүсээгүй бөгөөд хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, тэдэнд хүчирхийлэл мэдрүүлэхгүй өсгөж болдгийг харуулан үлгэрлэж буй улс орны туршлага, соёлыг эх орондоо нэвтрүүлэх зорилгоо биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж яваа зоригтон. Тэр бага байхаасаа л ийм том зорилго өвөртлөн гуравдугаар ангидаа пионерийн байгууллагад элсэж, 1987 онд Өвөрхангай аймгийнхаа пионерийн зөвлөлийн даргаар сонгогдсон нь түүнд өнөөдрийг хүртэл илүү их хариуцлага, үлгэр дууриалал, үр дүнтэй ажиллах эхлэлийг тавьжээ. Энэ зам мөрийг сонгоход нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл нь түүний есөн дүү.
Мэдрэмжтэй манлайлагч
Хүүхдийн эрхийг хамгаалж, хангуулах ажил мэдрэмж, асуудлыг тэмтэрч ажиллах чадвар шаарддаг тул сэтгэл, хандлага, мэдрэмжийг жанжин шугамаа болгон ажилладаг нь олон зүйлээс харагдаж байлаа. Мөн мэргэшсэн төрийн албан хаагч ямар байх ёстойг бусдад биеэрээ үлгэрлэж, олон хүнд эерэгээр нөлөөлжээ. Тэдний нэг нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр. Түүнийг Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх үед буюу 2012 онд Г.Ойнбаяр тус газарт хөл тавьж, ажлын гараагаа эхлүүлж байжээ. Тэд хүүхэд хамгааллын тогтолцооны зураглалыг олон улсын байгууллагатай хамтарч гаргах зэргээр үндэсний хэмжээний томоохон судалгаа, төсөл хөтөлбөрүүд болон эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллаж байсан тухайгаа Г.Ойнбаяр дурслаа. Мөн даргаасаа аливаа ажлыг баг, хамт олны хүчээр хийх нь илүү үр дүнд хүргэдэг, залуучуудыг мэдлэг, туршлагагүй гэж голохгүйгээр урам зориг өгч, дэмжиж ажиллах, багийнхныхаа ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг удирдах, манлайлах арга барил, зарчмыг сурж мэдсэн тухайгаа хуваалцсан юм. Тэрбээр “Жавзаа дарга менежмент, төлөвлөлт сайтай. Алсын хараагаа зөв тодорхойлдог. Даргын хийхээр зорьсон, төлөвлөсөн ажил эхнээсээ төгсгөл хүртлээ маш тодорхой байдаг. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, манлайлагч цөөхөн эмэгтэйн нэг. Би Жавзаа даргыг төрийн албаны багш хэмээн хүндэтгэдэг” гэж бахархан ярив.
Хүүхэд ээж, аавдаа эсвэл томчуудад зодуулж, хүчирхийлүүлж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч буй асуудалд цэг тавихад иргэд сайн дураараа хувь нэмрээ оруулж болох ч Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан үеэс хүүхдийн эрхийг түгээх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх, сайжруулах зэрэг бүхий л үйл явцад гар бие оролцож буй түүний хувьд илүү хариуцлага, нөлөөтэй байхыг чухалчилж, хуулийн этгээдийн хэлбэрээр ажиллахаар шийдэн 2015 онд Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнг байгуулжээ. Ингэхдээ хүүхдийн эрхтэй холбоотой судалгаа, сургалтад голлон анхаарахаас гадна хамгаалах, нөлөөлөх зэрэг бусад үйл ажиллагааг ч орхигдуулахгүй авч явааг олон жишээ харуулж байна. Тухайлбал, ээж, эгчтэйгээ амьдардаг 15 настай хүү хууль зөрчсөний улмаас хорих ял биечлэн эдлэхээр болсон бөгөөд ялыг түр хойшлуулсан хугацаанд тус байгууллагынхан түүнтэй гурван сар тулж ажиллаж, зөв амьдрах сургалтад хамруулах зэргээр шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлсний эцэст хүүхэд алдаагаа бүрэн ойлгож, зөв замдаа гишгэжээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахын төлөө насаараа ажиллахдаа нэг ч удаа шантарч үзээгүй ч түүний гутарч, хүчин мөхөсддөг зүйл нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээд ял завшиж буй, мөн хэргийг нь хэрэгсэхгүй болгож буй тохиолдол гэнэ. Тиймээс хүүхдэд ээлтэй хянан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх нь түүний томоохон зорилтуудын нэг. Хүүхдийн тархи бүрэн хөгжөөгүй учраас санамсаргүй буюу сэтгэл хөдлөлд суурилж шийдвэр гаргадаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүн бүр энэхүү үнэт ойлголтыг санаж, хорихоос өөр ямар шийтгэл байж болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэйг тодотгон хэлж байлаа. Учир нь, хүүхдийг боловсрол, гэр бүлээс нь хөндийрүүлэхгүй байлгаснаар тэд алдаагаа илүү сайн ойлгон ухаарч дахин давтахгүй байх боломж нь нэмэгддэг байна.
Сэтгэлтэй хамгаалагч
Өсвөр насны 200 хүүхдэд 40 минутын лекц уншчихаад асуулга авахад тэдний дунд амиа хорлох тухай бодож буй, оролдлого хийж байсан хүүхэд хамгийн багадаа тав байдаг нь анхаарал татсан асуудал тул хүүхдийнхээ сайн найз нь байхыг эцэг, эхчүүдэд зөвлөж байв. Аав, ээж нь архины хамааралтай, анхаарал халамж сул зэрэг шалтгаантай хүүхдүүд буруу хүмүүст уруу татагдан алдаж гишгэх нь түгээмэл. Тухайлбал, ээж нь архины хамааралтай, 16 настай охиныг хэсэг бүлэг хүн уруу татан сургуулиас нь гаргаж, бусдын эд зүйлийг хууран мэхлэж, хулгайлдаг үйлдэлдээ оролцуулж, улмаар биеийг нь үнэлүүлжээ. Эцэст нь, охин хоёр жилийн ял авч, тэнссэн байна. Охиныг тус байгууллагынхан түр хамгаалах, эмчлүүлэх, найзуудтай нь эвлэрүүлэх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч, зөв замд нь оруулсан тухай ярихдаа их л баярлаж буй харагдлаа. Эмэгтэй хүн, эх хүн, мөн бүх насаа хүүхдүүдийн сайн сайхан ирээдүйн төлөө зориулж буй хүний хувьд нэг хүүхэд ч гэсэн алдаагаа ухаарч, амьдралынхаа зөв зам руу орж буйд баярлах нь аргагүй.
Тэрбээр гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлийг илэрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга барил сул, ихэвчлэн асуудал үүсэж, хуулийн хүрээнд ярих үед л “одоо яах билээ” гэх байдлаар ханддагт сэтгэл зовниж явдгаа хэллээ. Мөн алдаж гишгэсэн хүүхэд хариуцлага хүлээж, ял шийтгэлээ эдлээд гарч ирэхэд тосож аваад тусалж дэмжээд нийгэмшүүлдэг тогтолцоог бүрдүүлэх нь түүний бас нэгэн зорилго.
Тиймээс тус төрийн бус байгууллагынхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж буй, ял шийтгэл хүлээсэн, түүнээс чөлөөлөгдсөн хүүхдүүд болон ар гэр, асран хамгаалагч нарт нь хууль зүйн туслалцаа, зөвлөгөө мэдээлэл өгч, сургалтад хамруулдаг байна. Тухайлбал, Эрүүгийн хариуцлага хүлээсэн, оюуны хувьд суралцахуйн бэрхшээлтэй хоёр хүүхэдтэй багагүй хугацаанд ажиллажээ. Эхний ээлжид сэтгэл зүйн оношилгоо хийлгэж, улмаар амьдрах ухааны сургалт, арга зүйн зөвлөгөө өгснөөр одоо амьдралдаа нэмэр болж чаддаг болжээ.
Тус байгууллагынхан сүүлийн хоёр жилд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиглэлээр төвлөрч ажиллаж байгаа бөгөөд жил бүр томоохон судалгаа хийж, төсөл хөтөлбөр, аян зэргийг тогтмол хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрдэг уламжлалтай. Тухайлбал, Хүүхдийн эрхийн ногоон карт аян, өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүй, байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой болж, эцэг эхийн зөвлөлийг дэмжиж ажиллах арга зүйн сургалт гэх мэтээр урт жагсаалт хөвөрч байлаа. Өнгөрсөн болон энэ жилийн тухайд цар тахалтай нүүр тулсан хүндхэн үе ч Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны журмын хэрэгжилтийн үнэлгээг хийж, шинэ оныхоо эхний зорилтоо бүрэн дүүрэн биелүүлсэн нь түүнийг эхлүүлсэн ажлаа заавал дуусгадаг зан чанарыг илтгэж буй.
Зүтгэлтэй тэмцэгч
“Тогтвортой хөгжлийн зорилт -2030” хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтээрээ хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгах зорилт дэвшүүлсэн. Манай улс энэхүү зорилтод хүрэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагынхан өөрсдийн хувь нэмрээ оруулж алхам алхмаар урагшилсаар байна. 1995 он хүртэл Монгол Улсын хүүхдийн талаарх бодлогын бичиг баримтад хүчирхийлэл гэдэг үг байгаагүй ч өдгөө хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг хуулиараа хориглосон дэлхийн 49 дэх, Ази тивийн гурав дахь, Зүүн болон Зүүн өмнөд Азийн анхны улс болоход гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэгээр түүнийг нэрлэж байв. Мөн Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуультай болоход түүнийг гол үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй салбарынхан нь төдийгүй олон нийт ч санал нэгдэж байлаа. Тэдний нэг бол Монголын эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо. Тэрбээр “Б.Жавзанхүү багш манай салбарын урдаа барих цөөхөн хүний нэг. Зүйрлэж хэлбэл, бидний загалмайлсан эх” хэмээн тодотгож, багшийнхаа дипломат, эв, эеийг сахиулдаг, асуудлыг цогцоор нь харж, хүчирхийллийн бус зөв аргаар хуулийн хүрээнд шийдвэрлэдэг чадварыг эзэмшихийг хүсэж явдаг тухайгаа хуваалцлаа. Тэрбээр “Багш гээд шууд захиран тушаадаггүй. Эхлээд өөрийнхөө саналыг хэлж, дараа нь тухайн асуудлыг шийдвэрлэх боломж олгох байдлаар хувь хүнд оюун санааны эрх чөлөө өгч чаддаг. Ийм чадвар хүн бүрт байдаггүй” хэмээгээд багш шигээ хүүхдийн төлөө бие, сэтгэлээ зориулсан чадварлаг боловсон хүчин болохын тулд Б.Алтанжолоо түүнд хадаг барьж, шавь орсон гэдгээ хэллээ.
Хууль эрх зүйн хувьд ахиц дэвшил гарч буйд сэтгэл нь тэнийж байгаа ч хүүхдийн эрхийг хамгаалж, хангах нь нэг бус бүх салбарын хамтын ажиллагаа, харилцан уялдаатай холбоотой тул Монгол Улсын бүх хуульд хүүхдийн эрхийг хөндөхгүй зохицуулалт тусгаж, үндэсний хууль тогтоомжоо илүү сайжруулж, чамбайруулахаас гадна төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, мөн хүүхдийн байгууллагын статусын тухайд Б.Жавзанхүү үнэтэй санал хэлсэн юм.
Хүүхдийн эрх гудамж, талбай, сургууль, гэр бүлийн орчинд хамгийн их зөрчигддөг. Тус төрийн бус байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран өнгөрсөн онд Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийхэд хүүхдийн хамгаалагдах эрх 42, хөгжих боловсрох эрх 29, эсэн мэнд амьдрах эрх 24, оролцох эрх таван хувь зөрчигдсөн гэсэн дүгнэлт гарчээ. Хүүхдийн эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн, зөрчигдсөн үед хамгаалахад иргэд, иргэний нийгмийн оролцоо ихээхэн чухал тул төрийн байгууллага зарим чиг үүргээ гэрээгээр гүйцэтгүүлэх, түншлэх зэргээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэг үнэтэй шийдлийг хөндөж байлаа. Мөн хүүхдийн байгууллагын статусын тухайд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос хүүхдийн эрхийг хамгаалах, хангах чиглэлээр ажиллаж буй агентлаг бусад ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж, зөвлөн туслах, хамтарч ажилладаг байх ёстой гэж зөвлөдөг аж. Энэхүү зөвлөмжийн хүрээнд тус газрыг 2004-2012 онд Шадар сайдын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн үүргээр аваачсан тэр үед маш олон зөв бодлого шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж байсан тухай ярилаа.
Хүний эрхийг хамгаалагч, иргэний нийгмийн байгууллагууд зөв, бурууг ялган таниулах, ойлгуулах, гэм хорыг нь ухааруулахын төлөө зүтгэснээрээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулдаг замыг тойроогүй, туулж яваа нэгэн. “Хүүхдийн эрхийг зөрчигч, хүчирхийлэл үйлдэгч өөрсдийгөө зөвтгөх арга хайж, хэл амаар доромжлох, заналхийлэх нь энгийн үзэгдэл” хэмээн толгой сэгсэрч, харин одоо хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах, дэмжих хуультай болох гэж буйд талархалтай хандаж байв. Хүн бүр хүүхэд байсан, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх учраас тэдний эрхийг хүндэтгэж ойлгодог, үзэл бодлыг нь сонсдог, зөв үлгэр дууриал үзүүлэгч, зөв замыг нь заан чиглүүлэгч байх, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд заавал хариуцсан хүнтэй нь холбодог, иргэний нийгмийн байгууллагад ханддаг соёлт нийгмийг цогцлоохын төлөө чадлаа барагдтал ажиллах түүн шиг зорилготой, мэдрэмжтэй, сэтгэл зүтгэлтэй зүрх “цэнэглэгч” олон байг ээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)