Халимаг Монголчууд дайнд орсон нь

Орос дахь халимаг монголчууд бүхэл бүтэн дөрвөн зууны туршид Оросын төлөө байлдсаар өдий хүрчээ. Ямар дайнд яаж оролцсон үнэн түүхийг нь өгүүлье.

Халимаг монголчууд бол ойрд монголчууд юм. Халимаг гэдэг үг нь “калмак” буюу “үлдэгдэл” гэсэн утгатай түрэг үг л дээ. Анх халимаг монголчууд яагаад алс хол оросын Ижил мөрний сав газар Астраханий тал руу нүүсэн юм бэ? 

Арван долдугаар зууны эхээр Ойрадын Зүүнгар улсын дотоодын хямрал, дайн дажнаас залхсан ойрадын ардууд Зүүнгар улсыг орхин дайжиж байв. Торгуудын удирдагч Хөө Өрлөг, дөрвөдийн удирдагч Далай баатар нар харьяаталбат ардуудынхаа хамт1605 онд Оросын баруун Сибирьт дүрвэн нүүдэллэн ирж байв.1607 онд Оросын Ижил мєрєн, Астраханий тал хүртэл олноороо нvvдэллэн очсон ойрдууд 1655 онд Оросын хаанд элч илгээн ОросынЭзэнт улсын холбоотон нь болж тэнд нутаглахаар болж байлаа. Хожим нь 18 дугаар зууны эхээр Манжийн хаанаас уравсан ойрд ноёдын эсрэг хөдөлгөсөн Манжийн их цэргийн түрэлтээс ойрдууд зугтааж Астраханий талд Халимагт нүүн очиж байлаа. 

Миний бодлоор ойрдууд нэгэнт нүүсэн бол Орост үлдэх биш, бүр жаахан баруун тийш нүүгээд Ижил мөрний дэргэд зогсох биш, бүр Дунай мөрний сав газар Мажар улс хүртэл нүүдэллэсэн бол дээр байх байжээ. Европ бол Орос биш шүү. Тийшээ нүүдэллэж очсон бол халимаг монголчуудын эмгэнэлт хувь заяа өөрөөр эргэх ч байсан юм бил үү.

Орос дахь халимаг монголчууд Аюук хааны үед хүчирхэг байлаа. 1672- 1724 онд Оросын өмнөд хилийг Туркээс хамгаалж, Крымийн болон Кубаны татарын эсрэг дайнд орж байлаа. Халимаг монголчууд Туркийн эсрэг мөн ч олон удаа байлдсан даа. 1661 онд Турк Татарын армийн эсрэг Аюук хаан 17 000 халимаг морьт цэрэг гаргаж оросыг армитай хамт тулалдаж ялж байв. 1675 онд Аюук хаан 15 000 халимаг морьт цэрэг гаргаж, Турк Татарын цэргийг ялж байв.Дараа нь Аюук хаан Оросын хааны зарлигаар казахуудтай байлдаж туркменчүүдтэй тулалдаж хойд Кавказын бослого гаргасан омгуудыг дарж байлаа.Халимаг монголчууд 1700-1721 онуудад 3000 морьт цэрэг гаргаж Оросын Эзэнт улсын төлөө Шведийн эсрэг Полтавын тулаанд орж ялалт байгуулж байлаа. Петр хаан олон удаагийн тулаанд гавьяа байгуулсан халимаг монголчуудын эр зоригийг үнэлж Аюук хаан болон халимаг ноёдуудад бүтэн жилийн цалин, гурил, дарс, дарь,сум, зэвсэг бэлэглэж байв. 

Халимаг монголчууд олон жил европт Оросын Эзэнт улсын төлөө байлдсан юм. Халимаг монголын цэргүүд Орос - Польшийн дайнд 1654-1667 онуудад орж ялж байлаа. Дараа нь халимаг монголчууд 1741-1743 онуудад Орос- Шведийндайнд оролцож ялав. Дараа нь халимаг монголчууд Орос - Персийн7 жилийн дайнд 1756- 1763 онуудад оролцож байлаа.

Оросын хатан хаан Екатерина халимаг монголчуудад маш их дарамт тулгах болсон тул1771 оны нэгдүгээр сард Ижил мөрний зүүн талд нутаглаж байсан 140 000 ойрдууд Увш ноёны удирдлагаар нэгэн зэрэг босожхаргис Орос орноос зугатаж,Монголын нутаг руу өвлийн хахир хүйтэн цагт 6000 км урт замын маш хүнд нүүдэл хийв. Нүүх замд нь казах, башкир, оросын казакууд маш их дайсагнан уулгалан дайрч, тулаан хийж, ойрдуудыг хөнөөж, мал сүргийг нь дээрэмдэн авч байлаа. Ойрдууд энэ нүүдлээр 100 000 хүнээ алдаж, бүх мал сүргээ булаалган хохирсон юм. Оросоос зугатаж Мрнгол нутагтаа ирсэн тэдгээр 40 000 ойрд монголчуудад Манжийн хаан Цянлун Ил тарвагатай орчим газар нутаг заан өгч олон мал сүрэг,гэр орон, мөнгө өгч тэтгэж байсан гэдэг.

Тэр үед 1771 онд Орост амьдарч байсан ойрд монголчуудын тоо 250 000 орчим байжээ. Учир нь 140 000 ойрд монголчууд Монгол руугаа нүүн одоход Ижил мөрний баруун талд гол хөлдөөгүй учир 90 000 ойрд монголчууд тэндээ нүүж чадалгүй үлдсэн байдаг. Тэдний үр сад нь одооны Оросын “Халимаг Тангч” улс шүү дээ. 

Казах, башкир, оросын казакууд яагаад Оросоос зугатан Монгол руу нүүдэллэж яваа ойрд монголчуудыг уулгалан дайрсан бэ? гэдэг нь бас учиртай.

Оросын хаан Орост гарсан башкир,казах, оросын казакуудын бослогыг халимагчуудаар харгислан даруулдаг байжээ. Оросын хааны эсрэг гарсан Астраханы бослого 1705-1706/, Булавины бослого /1708/, Башкирын бослогыг /1705- 1711/ халимагийн морьт цэргээр даруулжээ.Оросын хаан Орост 1773-1775 онуудад Оренбург, Урал, Поволж, Башкир, Казах, Сибирийн өргөн уудам нутгийгхамарсан доны казак Емельян Пугачёвын удирдсан хамгийн том бослогыг мөн л халимагийн морьт цэргээр даруулсан байдаг. 

Иймд халимагуудад өсөрхсөн эдгээр үндэстнүүд халимаг монголчууд Монгол руу нүүх замд нь ийнхүү уулгалан дайрч байжээ. Бас оросын хатан хаан Екатерина тэдгээр оросын казак, башкир, какахуудад “Зүүн тийш Монгол руу нүүдэллэн явж байгаа халимагчуудыг довтолж,эд хөрөнгө, мал сүргийг нь булаан ав “ гэсэн зарлиг явуулж байжээ.

Ойрд монголчууд Монгол руу нүүдэллэн явсны дараа Оросын Екатерина хатан хаан Ижил мөрний баруун талд бусадтайгаа хамт Зүүнгар руу нүүж чадалгүй үлдсэн 50 000 ойрд монголчуудын эсрэг хатуу арга хэмжээ авч Халимагийн хаант улсыг нь устгав. Ойрдын “Зарга” хэмээн шүүхийг нь устгав. Халимагчуудыг албадан христийн шашинд оруулав. Хөвгүүдийг нь оросын армид татав. Газар нутгийг нь оросын тариачдад өгөв.

Энэ бүх дарангуйллын дараахалимаг монголчууд урьдын адил хаант Оросын төлөө дайнд явж тулалдсаар байв. 

Халимаг монголчууд 1807 онд 5200 морьт цэрэг гаргаж Оросын эзэнт улсын төлөө Францын Напольеоны хүчирхэг армитай эрэлхэгээр тулалдаж ялалт байгуулж байв. Францыг ялсан халимаг монгол цэргүүд Парисын гудамжаар морь, тэмээгээ хөтлөөд ялгуусан маршаар алхан явж байсан гэдэг.

Хорьдугаар зууны эхээр 1918 оноос эхэлсэн Орост болсон иргэний дайнд халимаг монголчуудын нэг хэсэг Оросын Цагаан гвардийн талд орж,нөгөө хэсэг нь Улаан армийн талд орж байлдлаа. Тэр үед халимагийн дүрвэгчид “ Үндэсний үзэлтэй Астраханы халимагууд”, “Оросын казакуудтай нэгдэх зорилготой казакоманууд “ гэсэн хоёр том бүлэглэлэд хуваагдаж байв. Үндэсний үзэлтэй халимагууд бол Оросыг нэг номерийн дайсан хэмээн үзэж, Орост байдаг бүх халимагуудыг нэгтгэсэн Халимагулс байгуулах зорилготой байв. Цагаан гвардын генерал Врангелийн цэрэгт оросын өмнөд нутагт тулалдаж байсан халимаг монголчууд оросын улаан армид ялагдаж, өрнөдийн Югослав, Серб, Болгар, Франц улс руу дүрвэв.

Халимагчууд зөвлөлтийн коммунистуудын эсрэг хоёр ч удаа бослого гарган тулалдаж байв. 1926 онд Халимагт өргөн олны хүчтэй бослого гарлаа.Улаан орос цэргүүдбослогыг нам дарлаа. Большевикууд нударган баячуудын хөрөнгө хураах нэрийн дор хөдөө нутгийн ард түмний байдаг бүхнийг хуу хамж байсан нь Ижил хавийн (Поволжье) ард түмнийг аймшигт өлсгөлөнд хүргэжээ. Өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн үндэстний нэг нь халимагчууд юм. 1921-1924, 1932-1933 онуудад 93000 халимаг хүн өлсгөлөнгөөр үрэгджээ.Халимагийн намын удирдагч А.Амарсанан 1922 онд “Халимагчуудын 98 хувь өлсгөлөнд нэрвэгдлээ. Халимагуудын ард түмэн бүрмөсөн сөнөж мөхөх хар өдрүүд үргэлжилж байна. Өлсгөлөн дуусахад бүх халимагчуудын 25.0 хувь нь амьд үлдвэл гайхамшиг” хэмээн бичиж байв. Монгол улс тэр үед халимагуудыг бид авъя гэж олонтаа хүсэж шаардаж байсан ч Зөвлөлт засаг тэднийг Монголд өгснөөс өлсгөж үхүүлсэн нь дээр хэмээн үзжээ. 

1930 онд Халимагт оросын большевикуудын эсрэг лам нарын бослого гарлаа. 1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан “Нарангэрэл” хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс гарч тусгаар тогтносон “Баруун Монгол” хэмээх улс байгуулахаар шийджээ.Тэд 1930 оны 3 дугаар сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон “Бүгд Найрамдах Ойрад-Халимаг” улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг “Баруун Монгол” хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ. Халимагчууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн коммунист удирдагчид Халимаг руу улаан цэргийн томоохон хүч яаралтай илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос иж бүрэн зэвсэглэсэн зөвлөлтийн 7000 улаан цэргийг Халимаг руу илгээж, тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг бүгдийг нь буудан хороов.1930 оны хавраас эхэлсэн тэр баатарлаг үйл явдал тухайн жилийн намар хүртэл өрнөжээ. Тэр үедХалимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй Халимагийнбагахан зэвсэгт хүчинзөвлөлтийн 1700 гаруй цэргийн томоохон хүчийг бут цохиж байжээ. Гол төлөв Халимагийн лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар улаан оросууд 4000 хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж, тэд халимагийн цөөхөн цэргийг хоёр долоо хоног бүслэн байлдсаны эцэст бүгдийг нь устгаж хороожээ. Үүний дараа зөвлөлтийн коммунистууд амьд үлдсэн халимагчуудыг “Үндэсний үзэлтнүүд”, “Нармай Монголыг байгуулахыг санаархагчид”, “Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид”, “Ардын дайснууд” хэмээн гүтгэн доромжилж халимагчуудыг үй олноор нь хэлмэгдүүлэн хороож эхэлжээ. 

Дэлхийн хоёрдугаар дайнд халимаг монголчууд Зөвлөлт засгийн төлөө, Сталины төлөө тулалдав. Энэ дайнд 25747 халимаг монгол хүн дайчлагдаж,9076 халимаг монгол хүн амь үрэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед 1943 онд зөвлөлтийн армийн эсрэг тулалдах зорилгоор “Халимагийн корпус” байгуулагдаж энэ корпусийн 3.6 мянган цэрэг зөвлөлтийн эсрэг байлдаж байв. 1944, 1945 онд энэ корпус 5000 цэрэгтэй болж Польш улсад байрлаж,Зөвлөлтийн партизануудын эсрэг болон Украны босогчдын армийн эсрэг байлдаж байв. Дараа нь энэ корпусын халимаг цэргүүд Хорватад байлдаж байлаа.

1945 онд дайн дууссаны дараа Халимагийнкорпуст байлдаж байсан халимаг цэргүүд нэг хэсэг нь өрнөдийн Австри, баруун Герман, Франц, Америк руу дүрвэж, нөгөө хэсгийг нь Холбоотнууд Зөвлөлт улсад шилжүүлэн буцаан өгчээ.Зөвлөлтөд буцан очсон халимагууд ихэнхи ньтэндээ цаазаар авхуулж эсхүл шоронд үхэж үрэгджээ.

1943 оны 11-р сарын 27- ны өдөр Сталины тушаалаар Зөвлөлтийн Дотоодыг хамгаалахын / НКВД / цэргүүд халимаг айлууд руу дайрч, 15 минутын дотор 96139халимаг монгол хүнийг баривчлан тэдний дотор хүүхэд, бүсгүйчүүд, өндөр настнуудыг үл ялган бүгдийг нь нутгаас нь хөөж Сибирь рүү цөлөв. Халимаг монголын айлуудын тогоондоо буцалж байсан цай , хотондоо байсан мал сүрэг нь майлалдан хоцорч байсан гэдэг. Оросууд тэднийг өвлийн хүйтэн цагт ачааны вагонд ачиж Сибирь руу илгээв. Халимагуудын ихэнх нь Сибирь явах замдаа болон очсон хойноохөлдөж,өвчин тусаж, шоронгийн хуягуудад алуулжамь насаа алджээ. 

Дайн дууссаны дараа Зөвлөлт улсад тайван жаргалтай амьдрал ирсэнгүй. Зөвлөлт улс бусад улс руу түрэмгий дайнаа хийсээр байв.Халимаг монголчууд 1979-1989 онуудад Афганы дайнд оролцов.Халимаг монголчууд 1994-1995онд Чечений нэгдүгээр дайн,1999-2000 онуудад Чечений хоёрдугаар дайнд орж байлдав. Эдгээр дайнд олон халимаг залуус амь үрэгдэв. 

Халимаг монголчууд 2014 онд Оросын арми Крымийг булаанэзлэхэд оролцож,2022 онд Оросын арми Украины эсрэгдайн хийхэд олон мянган халимаг залуус цэрэгт татагдаж энэ дайнд одоо болтол олон халимаг залуус амь үрэгдэж байна.Украины эсрэг дайны хоёр удаагийн дайчилгаагаар тус бүр 2000 гаруй халимаг залуус дайнд татагдсан гэдэг. 

Украины эсрэг дайнд Оросын хамгийн ихээр үрэгдэж байгаа үндэстэн бол дагестан, буриад, халимагууд юм. Гэтэл оросын Москва муж, Санкт- Петрбург хотоос Оросын Украинд тулалдаж байгаа армид бараг нэг ч орос цэрэг татагдаагүй ажээ. Энэ хоёр хот бол оросын  олигархиудын элитхот юм. 

Хамгийн түрүүнд Украины фронтод дайнд татагдсан Орос дахь монгол угсаатан хийгээд түрэг угсаатнууд энэхүү  их гүрний өдөөсөн утгагүй дайнд одоо болтол олноороо амь үрэгдсээр байна. Сүүлийн дөрвөн зуун жилд  Орос улсын бусад орны эсрэг хийсэн олон арван дайнд халимаг монголчууд ийнхүү дайчлагдан тулалдаж байлаа. 

Орос дахь халимаг монголчуудын тоо эдүгээ хоёр зуун жилийн өмнөхөөсөө өсөх бүү хэл, улам буурчээ. 1771 онд хаант Орост  халимаг монголчуудын тоо 250 000 орчим байжээ. 1926 онд Оросын Халимагт 107 000 халимаг монгол хүн амьдарч байсан бол 1959 онд дөнгөж 64 900 халимаг монгол хүн амьдарч байлаа. Эдүгээ Халимаг Тангч улсад 159 000 халимаг монгол хүн амьдарч байна. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй Орос-Украины  дайны дараа халимаг, буриад монголчуудын тоо хэрхэн яаж буурахыг хэн мэдэх билээ. 

Оросын Эзэнт улсын үед Петр хаанаас эхлээд Николай хаан хүртэл, Зөвлөлт Холбоот улсын үед Ленин, Сталинаас эхлээд Брежнев хүртэл, Оросын Холбооны улсын үед Ельцинээс эхлээд Путин хүртэлхи дөрвөн зууны турш Оросын их гүрний дээрэнгүй үзэл улам дэвэрч Орос улс газар нутгаа тэлэх зорилгоор бусад хөрш улс руу хийсэн дайн байлдаанаа тасралтгүй үргэлжлүүлсээр байна. Ийнхүү Орос орны бүрэлдэхүүнд хүчээр орсон монгол туургатан маань их гүрний геноцид болон дайнд өртсөөр дөрвөн зууны нүүр үзжээ. 

Халимаг монголчууд хамгийн ихээр үрэгдсэн үе бол Зөвлөлт засгийн үе буюу 1921-1933 оны өлсгөлөн, 1918-1920 оны иргэний дайн, 1930-1938 оны Сталины аллага, 1941-1945 оны дайны жилүүдэд тохиожээ. Хэрэв дайн дажин, өлсгөлөн, аллагад өртөөгүй бол халимаг монголчууд нэг саяулаа болох байлаа.

Орос орны хөрш орнууд руугаа хийсэн олон арван дайнд тасралтгүй оролцсон халимаг монголчууд эдүгээ дайнаас бүр залхаж дайны эсрэг тэмцэж  байна. Хэзээ нэгэн цагт элэг нэгт халимаг монголчууд маань Амар амгалан,  Аз жаргалтай амьдрах цаг ирэх буй заа. 

                                                                             Доржийн СҮХБААТАР         2024.11.15 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)