Оюу толгойн хишиг 300,000 төгрөгөө идчихлээ, одоо яах вэ?
- 2021-04-26
- Нийтлэл
- 1
Цар тахалтай, хөл хориотой, эдийн засаг хүндхэн үед иргэн бүрт олгосон 300,000 төгрөгийн дэмжлэг зайлшгүй зорилтот бүлэгтээ амь тариа боллоо. Оюу толгойн хишиг гэх үү, хаялга гэх үү, юутай ч томоохон төслийн шууд ашиг иргэн бүрийн амыг бодитойгоор тосолж байна. Зарим нь хөл хорио сунгасантай холбогдуулж дахиж мөнгө сураглаж байгаа бололтой. Шуудхан хэлэхэд манай засагт дахиад 1 их наяд төгрөг байхгүй тул иргэд хавтгайрсан халамжид хэрсүү хандах цаг болсон.
Аяганы хариу өдөртөө гэгчээр аваад идчихсэн 300,000 төгрөгийнхөө хариуд иргэний хувиар санаа зовох юм. Юуны өмнө урьдчилаад идчихсэн энэ татварын төлбөр улсын төсөвт очих эсэх нь олон улсын арбитрын шийдвэрээс хамаарна. Идчихсэн иргэд маань идүүлсэн засагтайгаа нийлээд нэг тийм “хам хэрэгтэн” болсон юм шиг мэдрэмж төрөөд байх боллоо. Бид арбитрт ялагдвал яах вэ? Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд дугаар хорооны иргэн хүртлээ том жижиг, толгой шийр тэнцүүхэн хуваагаад хусчихсан гээд арбитр дээр юугаа хэлж хуйхаа маажиж зогсох юм бол бүү мэд, лав сайхан харагдахгүй байх. Засгийн газар ялагдах эрхгүй гэсний зоргоор энэ маргаан шийдэгдэхгүй нь хяслантай. Оюу толгойгоос түр зээлээд идчихсэн энэ 300,000 төгрөгийг өр болгохгүйн тулд хамтдаа ард нь гарахаас өөр сонголт бидэнд байхгүй. Үүнийг шийдвэрлэх 2 арга зам байгаа нь нэг бол Оюу толгойтой тохиролцон арбитраас нэхэмжлэлийг татуулах, эсхүл арбитрын маргаанд ялахаас өөр сонголт алга.
Татвар төлөгчдийн мөнгийг шууд тараах нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй байлаа ч шалгагдах тухайд санаа зоволтгүй. Бүгдээрээ идвэл буруугүй тул хэн нь хэнийгээ гэхэв. Төсвийн хууль зөрчсөн байлаа ч мөрдөгч, прокурор, шүүгч нь өөрөө идээгүй юм шиг хожим нэгийгээ яллаад суухгүй нь лав.
Оюу толгойн төсөл ингэж эхлээд дараа нь хэсэг гацав
Олон жил улс төрийн хэрүүл тэмцлийн улмаас Оюу толгой төсөл хөдлөхгүй удсан. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон намын дарга С.Баяр чухамхүү энэ төслийг хөдөлгөхийн тулд цөөнх сөрөг хүчнээ Засгийн газарт урьж “стандарт бус” гэх тодотголтой хамтарсан засгийн хүчээр 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Оюу толгой төслийн нөлөөгөөр Монгол улсын эдийн засаг 3 дахин тэлж, тэр хэрээр бид бүгдийн иддэг тогоо томорсон. Эдийн засаг 2011 онд 17.3 хувийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж дараагийн Азийн бар улс гэж нэрлэгдэж байсан нь саяхан. Гэвч С.Баяр ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсөнөөс хойш хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд үл ойлголцол үүсч 2012 оноос үндсэндээ Оюу толгойн төсөл зогсонги байдалд хүрсэн. Ерөнхий сайд, уул уурхайн сайд нар нь улс төржиж төслийг өрөөсөн нүдээрээ үзэхгүй, элгээ эвхээд ажил хийхгүй хойш суусны гор гарч дахиад л эдийн засаг элгээрээ хэвтэн хямарч, хасах утга руугаа бууж эхэлсэн.
Оюу толгойн сэргэлт буюу гүний уурхайн бүтээн байгуулалт
Эдийн засаг хүндэрсэний зэрэгцээ Чингис, Самурай зэрэг бондын өр үүссэн Засгийн газрыг Ч.Сайханбилэг 2014 оны сүүлээр хүлээн авсан. УИХ-аас 2014 оны Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоол, 2015 оны Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай 41 дүгээр тогтоолоор “Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” хугацаатай даалгавар өгч, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хуулийг хариуцлага хүлээлгэхийг үүрэг болгосон. Чухам энэ шалтгаанаар Ч.Сайханбилэг “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэсэн уриа дэвшүүлж 3 жил гацаж 2 тийш хараад суучихсан хөрөнгө оруулагч болон Засгийн газрыг ширээний ард суулгаж, Оюу толгой төслийг хөдөлгөхөөс өөр сонголт байгаагүй.
Оюу толгойн төсөл 2012-2015 онд зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт царцаж хэдэн мянган ажилтнуудаа халаад байсан хүндхэн үед далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлагдсан. Оюу толгой төслийг шүүмжилж завьждах дуртай улс төрчид энэ 3 жилийн гацаанд чухал үүрэгтэй оролцож, өндөр гавьяа байгуулсан атлаа Монгол Улсад орж ирэх 3 тэрбум долларын алдагдсан боломжид хариуцлага хүлээгээгүй.
Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээгүй бол төсөл зогсоно, хэрэв үйл ажиллагаа явуулахгүй бол татвар төлөхгүй, түүний дотор иргэддээ 300,000 төгрөгөөр хуваан өгсөн 1 их наядын татвар төлөгдөхгүй нь тодорхой. Түүнээс илүүтэй зэсийн үнэ өндөр байгаа энэ түүхэн боломжийг алдах байсан.
Дубайн төлөвлөгөөг улс төржүүлсэний харгайгаар ажлаа хийж явсан Б.Бямбасайхан, Д.Ганболд болон татварын дарга нар хилсээр шоронд суусан. Хэлмэгдсэн хэд маань хүний урманд гадаад дотоодын хаус, оффшор данс мөнгө, машин тэрэг, байр сав гээд олны анхааралд өртөж цоллуулчихмаар олигтой хэрэг ч байхгүй буруудаж явсаар өнөөг хүрлээ. Хэрэг хийгээгүй болохоор өөрсдөө ч юунд буруудаад байгаагаа ухаарах сэхээгүй л яваа.
Ингээд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний ялыг хэдэн нөхөд үүрч, ямбыг нийт иргэдээрээ эдэлсэн өдөр хоногууд өнгөрч байх шиг байна. Чухам Оюу толгой төсөл хэрэгжих нь Монгол Улсад ашигтай гэсэн итгэл үнэмшил, үзэл бодлынхоо дагуу төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлж явсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нар өнөөдөр ковидын голомт бүхий хорих ангиудад эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй нөхцөлд ял эдэлж байна. Монголын улс төр зэрлэгшиж өс хонзон, шорон гянданжсаны нэг жишээ энэ.
Та бидний хувааж идсэн татварын мөнгө маргаантай хэвээр
Манай Засгийн газар өөрсдөө Оюу толгойг арбитрт өгсөн мэт иргэддээ буруу ойлголт өгөх юм. Үнэндээ Оюу толгой нэхэмжилж, Засгийн газар хариуцагчаар татагдан тэвдэж яваа. Засгийн зүгээс Оюу толгойн хөрөнгө оруулагчид татварын төлбөрийг хүлээн зөвшөөрч хэлэлцээрт орж байгаа гэх атал нөгөө тал нь нэхэмжлэлээ арбитраас татаад авчихсан юм алга.
Татварын маргаантай төлбөрөө урьдчилж төлсөн биш өлссөн хүний аман дор бэлэн хоол тавихын үлгэрээр тэсэхгүй иргэдтэйгээ хуваагаад идчихлээ. Өгөөш үмхчихээгүй гэж найдья. Одоо нэгэнт идэлцсэн иргэний хувиар “хам хэрэгтэн” болсон болохоор хамтдаа санаа зовохоос өөр яалтай.
Татварын хуульд зааснаар татвар төлөгч хүлээн зөвшөөрөхгүй татварын төлбөрийг шүүхдэх эрхтэй ч, нөгөө талаар төлбөрөө төлчихөөд шүүхдэх үүрэгтэй. Оюу толгой ХХК бол Монгол Улсад бүртгэлтэй компани тул усыг уувал ёсыг дагахын үлгэрээр хүссэн ч эс хүссэн ч татварын хуулийг дагаж мөрдөнө. Чухам энэ шалтгаанаар татварын төлбөрийг урьдчилж байршуулаад шүүхээр маргаж байгаа. Засгийн сайных ерөөсөө биш.
Оюу толгойг хууль тогтоомж, стандарт, дүрэм журмаа ягштал биелүүлдэгийг бид мэдэхтэйгээ болсон. Оюу толгойн оффист нэвтрэхийн тул дотоод дүрэм, журамтай танилцаж тест бөглөхөөс эхлээд тэгшхэн талд машины гар тоормосоо татсан байхад л дугуйн доороо ивээс хийхийг шаардах нь эхэндээ ойлгомжгүй санагддаг байсныг нуух юун. Оюу толгойтой гэрээ байгуулсан ханган нийлүүлэгч нар дагалдах хэдэн боть ном шиг бодлого, дүрэм, журмыг мөрдөх үүрэгтэй. Ажлын цаг баримтлах, ажлын талбайд каск, нүдний шил, бээлий өмсөх, гутлаа бүрэн үдэх, гэрэл ойлгогч өмсөж зүүх гээд өч төчнөөн заримдаа залхмаар олон шаардлага, стандартынхаа хүчинд үйлдвэрлэлийн осол Эрдэнэт, Баганууртай харьцуулахын аргагүй бага. Хөдөлмөр аюулгүй байдлыг нэгд тавьдаг шаардлага болон бусад стандарт нь эхэндээ бүхнийг монголчлох, хялбарчлах дуртай бидэнд таалагддаггүй байсан ч яваандаа уул уурхайн олон улсын стандар, технологи, туршлагыг монголд нутагшуулсан. Оюу толгой ХХК дүрмийн дагуу тоглодог тул татварын хуулийн дагуу төлбөрөө урьдчилан төлж байгаад маргасан. Хууль дүрмийн дагуу тоглогчийг шүүхийн маргаанд ялах амаргүй байдаг бичигдээгүй дүрэм бий. Тэгээд ч бид дотоодын шүүхийн татварын маргаандаа ч ялагддаг арвин түүхтэй шүү дээ.
Ирээдүйгээсээ зээлж идэх нь энгийн үзэгдэл болжээ
Эх орны хишиг тараах улс төрийн амлалтын харгайгаар 10-аад жилийн өмнө Хятадын төрийн өмчит компани болох Чалкогоос 350 сая ам.долларын өр тавьж, улмаар зээлсэн мөнгөө иргэддээ тарааж найрлаад дуусаж билээ. Үүний уршгаар 1 тонн коксжсон нүүрсээ 27 ам.доллароор зах зээлийн үнээс хямд зарж 2011-2017 оны хооронд зургаан жилийн турш өр төлсөн гашуун түүх бидэнд бий.
Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Салхитын ордын нэрийг барин 700 тэрбум төгрөг хэвлэсэн. Салхитын орд буюу одоогийн Эрдэнэс силвер ресурс ХХК-д энэ хэмжээний мөнгө байхгүй тул ирээдүйн орлого гэх зүйлийг барьцаалан бонд гаргасан нь товчхондоо нэр барьж мөнгө хэвлэсэн үйлдэл.
Эрдэнэт үйлдвэрийн 2021 оны ногдол ашиг болох 650 тэрбум төгрөгийг урьдчилж аваад цахилгаан, дулааны мөнгийг тэглэлээ.
Одоо Оюу толгойн олон улсын арбитр дээр маргаантай байгаа 1 их наяд төгрөгийг аваад иргэддээ тараачихлаа.
Улсаа тэжээдэг уул уурхайгаас ирээдүйд орж ирэх орлогуудыг нь ээлж дарааллаад идсэний төлөөсийг ирээдүйд ядуурал, инфляци, үнийн өсөлт, төгрөгийн ханш уналт, төсвийн алдагдал зэргээр нөхөн төлнө.
Энэ бүхний үр дагаварт иргэд нь халамжинд дасан нялхамсаж эгээтэй л хөхүүл хүүхэд шиг Засгийн газраасаа ээлжит мөнгөө нэхэж байна. Харамсалтай нь хөдөлмөрлөх, бүтээх хүсэл зориг бага багаар унтарсаар. Ирээдүйгээсээ зээлэх гэхээсээ илүүтэйгээр хойч үеийнхээ эдийн засгийн боломжийг хулгайлсан гэвэл үнэнд илүү нийцэх болов уу.
Удахгүй тэтгэврийн зээлгүй ахмадуудад төр засаг маань 1 сая төгрөг олгоно. За бараг л Салхитын нэрийг барьж мөнгө хэвлэх болов уу.
Нийтлэлч Баяраа
Сэтгэгдэл (1)
зочин (103.57.93.125)
юу гэж үргэлж мөнгө нэхэх вэ дээ