Г.Тэмүүлэн: Боловсролын салбарын томилгоог улс төрөөс ангид болгохоор хуулийн төсөл санаачилсан

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.

-Таны өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Хуулийн төслийн гол зорилго нь боловсролын салбарыг улстөржилт, намчирхалаас ангид байлгахад чиглэсэн гэдгийг хууль санаачлагчийнхаа хувьд онцолж байгаа шүү дээ. Энэ салбарын улс төрийн нөлөөллийг хэрхэн арилгахаар зохицуулсан бэ? 

-Монголын нийгэмд тулгамдаж байгаа хамгийн том асуудал улстөржилт болчихоод байна. Тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарт талцал, хуваагдал, улс төржилт байх ёсгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс Боловсролын салбарын улс-төржилт, намчирхалыг арилгахаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Манай улсад төрийн өмчийн оролцоотой 700 орчим сургууль, 1000 орчим цэцэрлэг байна. Нийт 1700 гаруй боловсролын байгууллагын захирал, эрхлэгчийн томилгоо цэвэр улс төрийн өнцгөөр шийдэгдэж байна. Энэ нь зөвхөн 1700 байгууллага, хүний асуудал байгаа мэт боловч цаана нь боловсролын салбарт ажиллаж байгаа 85 мянга орчим багш, нэг сая гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал юм. Өнөөдөр Монгол Улсын бүх сум, дүүрэг, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудыг улс төрийн албан хаагч буюу бүх шатны Засаг дарга нар халж, сольж, томилж, чөлөөлж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүн болон улс төрийн томилолт авч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог. Тиймээс Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өнөөдрийн хуулиар мөрдөгдөж байгаа боловсролын салбарын томилгооны асуудлыг өөрчилье, сум, дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудыг аймаг, нийслэлийн Боловсролын газар нь томилдог, аймаг нийслэлийнхийг нь салбарын яам нь томилдог болгохоор зохицуулсан. Өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд Монгол Улсын бүх сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар улс төрийн нөлөөгөөр халагдсан, солигдсон байдаг. Оронд нь томилогдсон хүмүүсийн 32 хувь нь мэргэжлийн бус хүн байна. Энэ муу жишгийг арилгах тогтолцоог бий болгох шаардлага байна. Тиймээс хуулийн төслийн хүрээнд улс төрийн өнцгөөс бус мэргэжлийн чадвар, туршлага, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх байдлыг харгалзаж захирал, эрхлэгчийг томилдог байх зохицуулалтыг зайлшгүй хийнэ.

 

-Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг цаашид ямар шалгуураар хэрхэн томилдог болох юм бэ?

 

 

 

–Томилгоог цэвэр боловсролын байгууллага нь хийдэг, хамт олон дундаас нь мерит зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн чадварлаг хүнийг гаргаж ирж сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтыг нь боловсролын байгууллага хийдэг байхаар зохицуулсан. Боловсролын байгууллагын удирдлагыг хэн нэгэн аймгийн Засаг дарга томилдог, халдаг, чөлөөлдөг асуудлыг болиулж цэвэр салбарын яам нь хийдэг байх юм. Босоо тогтолцооны хүрээнд мэргэжлийн байгууллага буюу боловсролын яам нь хариуцлагаа хүлээж явдаг байх асуудлыг тусгасан.

 

 

 

 

-Бүхий л салбарт улстөржилт намчирхал байгаа. Зөвхөн яагаад боловсролын салбарыг онцолцолсон юм бэ?

 

-Тухайлбал, Англи Улсын ерөнхий боловсролын сургуулийн туршлагыг харахад эцэг, эхийн зөвлөл буюу төлөөлөн удирдах зөвлөл нь хэн захирал байх вэ, ямар программ нэвтрүүлэх вэ, ямар удирдлагаар удирдуулах вэ гэдэг асуудлаа ярилцаж, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг тухайн сургуулийнхаа захирал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл, боловсролыг хүлээж авч байгаа үйлчлүүлэгч, эцэг эхчүүдийн саналыг үндэслэн боловсролын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийг тогтвортойгоор хийж, мэргэжлийн багийг сонгодог гэсэн үг. Тэгэхээр манайх энэ арга руу шилжих зайлшгүй шаардлага байна.

 

Үүнээс гадна нэг хүн 10-20 жил дараалан захирал суух гажуудлыг үүсгэхгүйн тулд 5-6 жилийн хугацаатайгаар томилох, сэлгэх өөр газар шилжүүлэн ажиллуулах асуудлыг Боловсролын тухай хуульд тусгах шаардлагатай байгаа. Тэр дундаа орон нутагт энэ асуудал хамааралтай. Мөн боловсролын байгууллагыг зүй бусаар, хувийн ашиг сонирхолдоо ашиглах гомдол асуудал их байна. Жишээ нь, сугалаагаар цэцэрлэгт хамрагдалт, мөн хүүхдийн шилжилт хөдөлгөөнд дээрх асуудал үүсдэг байсан. Мөн хүүхдийг тухайн сургууль, цэцэрлэгт авах эрхийг зөвхөн захирал шийддэг зэрэг асуудал үүсдэг. Үүнд захирал нөлөөлдөг, авлига албан тушаалын хэрэгт холбогддог, шүүх цагдаагаар ордог асуудал байдаг. Иргэдээс ч энэ талаар маш их гомдол ирүүлдэг. Тиймээс үүнийг өөрчилж, сургуулийн захирал нь хүүхдийг сургууль, цэцэрлэгт авах эрхийг хязгаарлах шаардлага бий. Магадгүй шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа бол тухайн аймаг, дүүргийнх нь боловсролын газар нь зохицуулдаг байдлаар зохицуулна. Боловсролын салбарынхан бол төрийн үйлчилгээний албан хаагчид юм. Гэтэл энэ салбарынхан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг явдал бий. Төрийн жинхэнэ албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тодорхой хугацааны өмнө ажлаа өгсөн байх ёстой. Энэ зохицуулалт төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш нарт үйлчилдэггүй, ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр шууд нэр дэвшдэг, сонгогддог. Ажлаа өгөх хүртлээ сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагч, эцэг эхчүүд бүр хүүхдүүдийг ч улстөржүүлэх хандлага ажиглагддаг. Үүнд ч бид төрийн албан хаагчдын адил нэгэн жишгээр цаг хугацааны хязгаарлалтыг хийж өгөх, боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах тогтолцоог бүрдүүлнэ. 

 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд таны өргөн мэдүүлээд байгаа энэхүү хуулийн төслийг хэрхэн уялдуулах вэ?

 

-Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас буюу Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Харин миний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төслийн суурь нь боловсролын салбарын улстөржилтийг арилгах юм. Том зургаараа, өнөөдөр хүн бүр чанартай боловсролыг хүсэж байгаа. Үр хүүхдүүдээ хүртээмжтэй боловсролыг хүргэе, дээр нь чадварлаг бөгөөд мэргэжлийн багш нараар чанартай боловсролыг авахыг хүсэж байгаа. Үүнийг бий болгохын тулд боловсролын салбарт тогтвортой байдал, улс төрөөс ангид байдлыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхээр дөрвөн жилийн үечлэлтэй орон нутгийн сонгуулийн дараа ажлын байрны дарамт, халаа сэлгээ, тогтворгүй байдал бий болж, нийт багш нарын эрх ашиг зөрчигдөж, үндэслэлгүйгээр халдаг, чөлөөлдөг байдлыг халах ёстой. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд миний оруулсан үзэл санаа тусгагдаагүй. Тиймээс хоёр хуулийн төслийг нэгтгээд, нэг Ажлын хэсэг гаргаад нэгтгэн хэлэлцээд явах бүрэн боломжтой. Хоёр хуулийн төслийн зорилго нь боловсролын салбарыг зөв байлгах, эрүүл тогтолцоог бий болгох юм. Тиймээс энэ талд нэгдэж, нийлээд хамтран ажиллаж, УИХ-аас зөв шийдвэр гаргах болов уу гэсэн бодолтой байна.

 

-Боловсролын салбарт улс төрийн нөлөөлөл байна гэдэг авлига цэцэглэх шалтаг болоод байгаа. Мэргэжлийн бус хүмүүсийг томилж байна гэдэг нь авлигын хэлбэр гэж харж байна л даа. Тэгэхээр энэ хуулиар боловсролын салбарын авлигын асуудлыг цэгцэлнэ гэж ойлгож болох уу?

 

-Нэг талаараа тэгж ойлгож болно. Нэгдүгээрт, улс төрийн нөлөөллийг арилгах, хоёрдугаарт, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулаад байгаа, магадгүй авлига, үүсгээд хүчин зүйлийг хуулийн хүрээнд өөрчлөх шаардлагатай гэж хараад байгаа юм. Энэ бол цэвэр сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн эрх мэдлийн асуудалтай холбоотой. Тиймээс сургууль, цэцэрлэгт өөрийн дураар хүүхэд авдаг байдал, албан хаагч нарыг халдаг, чөлөөлдөг, мөн сургуулийн эдийн засгийн үйл ажиллагаа явуулах эрхүүдэд нь хязгаарлалт хийх асуудал байгаа юм. Ингэснээр цэвэр боловсролын үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлээд явах чадварлаг мэргэжлийн удирдлага байж, чанартай боловсролыг хүүхдүүдэд түгээх боломж бүрдэх болов уу гэж харж байна.

 

-Цар тахлын нөлөө бүхий л салбарыг хамарлаа. Ялангуяа, боловсролын салбарын асуудал ихээхэн хүнд болчихлоо. Сурагчдын 50 гаруй хувь нь хоцрогдолтой гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр сурагчдын хичээлийн хоцрогдол энэ салбарын хямрал болчихлоо. Боловсролын асуудал, өнөөдрийн нөхцөл байдлын тухайд та ямар байр суурьтай байна вэ. Ямар гарц шийдэл хэрэгтэй гэж харж байна вэ?

 

-Боловсрол, шинжлэх ухааны яам бодлогоо гаргаад, мэргэжлийн хүмүүс нь судалгаагаа хийж, шийдвэрээ гаргаад явж байгаа. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалж боловсролын салбар хүндхэн байдалд байлаа. Хоёр настай хүүхэд дөнгөж цэцэрлэгт ороод явж амжаагүй байтал өнөөдөр дөрвөн нас хүрчихлээ. Дөнгөж нэгдүгээр ангид ороод “А” үсгээ заалгаад л хоёр жил болчихлоо.

 

Монгол Улсын хувьд харьцангуй шинэ шийдлийг амжилттай хэрэгжүүлж, цахимаар хичээллэж байна. Гэвч цахим сургалтын чанар нь ямар байна, хүүхдүүдийн олж авсан мэдлэг ямар түвшинд байгаа вэ гэдгийг хэлэхэд хүндхэн байгаа шүү дээ. Гэхдээ Засгийн газар өнгөрсөн хагас жилд вакцинжуулалтыг харьцангуй сайн зохион байгууллаа.

 

Өнгөрсөн сараас эхлээд 12-оос дээш насны хүүхдүүдийг хамруулаад эхэлчихлээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллага зөвшөөрч байгаа бол бага насны хүүхдүүдээ хамруулж, есдүгээр сараас боловсролын салбарын үйлчилгээнд бүгдийг нь саадгүйгээр хамруулах шаардлагатай гэж харж байна. Өнөөдөр Япон, Солонгос Улсын боловсролын салбарын байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, хүүхдүүд нь маскаа зүгээд, зайгаа бариад хичээлдээ танхимаар хамрагдаж байна. Тиймээс манай улс ч танхимын хичээлд яаралтай шилжүүлэх хэрэпэй байна. Зөвхөн боловсрол гэлтгүй бүхий л салбарт хэвийн үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлага байна. Ковидын нөхцөл байдал цаашид доод тал нь 2-3 жил, магадгүй илүү сайн вакцин бий болтол үргэлжилж, дасан зохицох шаардлага ч гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр үүнд хэн хамгийн хурдан дасан зохицож, хэн хамгийн хурдан арга хэмжээ авч байгаа нь хожиж байгаа дүр зураг дэлхий нийтэд харагдаж байна.

 

-Цаашид цар тахлын нөхцөл байдалд дасан зохицож, бүхий л салбарт хэвийн үйл ажиллагааг хангах ёстой гэж ойлголоо. Тэгвэл манай улсын Засгийн Газрын цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа өнөөдрийн арга хэмжээнүүд, үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Засгийн Газрын зүгээс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд нийцүүлж, Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ энэ нь тулгамдсан асуудлынхаа байг онож байна байгаа эсэх нь эргэлзээтэй. Бодит судалгаанд үндэслэж эрсдэлийн зөв менежмент харах, хийх шаардлагатай байна. Тухайлбал, 3 хувийн зээл яг хэдэн ААН-ийг дэмжээд эдийн засагт эерэг хүлээлт үүсгэх судалгаа байна уу? Он дуустал халамжаа үргэлжлүүлнэ, цаашаа яахав. Төсөв, санхүү хүндхэн байгаа. Эдийн засаг хүндхэн байна. Цаашид иргэн, ААН бизнесийн боломжийг нээх гарц хэрэгтэй байна. Ковид дагасан эдийн засаг, нийгэм ойрын 2-3 жилдээ хүнд сорилттой нүүр тулна. Эрсдэлийн тодорхойгүй байдалтай байх нь тодорхой байна. Дэлхий нийт ч энэ тодорхойгүй гэх тодорхой байдалдаа бэлдэж байна. Тэгэхээр бидний хувьд ковидын нөхцөл байдалд нийцүүлж, Засгийн газрын зүгээс Эрсдэлийн удирдлагын менежментийг боловсруулж, УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагатай гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ирэх 2-3 жилийн хугацааны авах арга хэмжээний эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж танилцуулах шаардлагатай. Гал унтраах байдлаар биш Эрсдэлийг урьдчилан харсан, удирдсан төлөвлөлтөө хийе. Ерөнхий байдлаар давна, туулна, хэмнэнэ гээд байдаг. Улсын эдийн засаг, төсөв санхүү яваандаа даахгүй дүр зураг харагдаж байгаа. Энэ тохиолдолд зоригтой шийдэл гаргая.

 

Төсвийн хатуу бодлого, төсвийн зоригтой шинэчлэл хийх шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбараас бусад салбарын хөрөнгө оруулалтыг зогсоох шаардлагатай байна.

 

Бүх салбарт тэвчиж болох зардлууд санхүүжилтүүд бий. Бүхнийг ковидод, эрүүл мэндийн салбарт зориулах шаардлага байна гэж хувь хүнийхээ хувьд үзэж байгаа. 2021 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр тодорхой саналаа Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайдад уламжилсан.

 

-Сангийн сайд 10 их наядын төлөвлөгөө, тэр дундаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд олгож буй зээл өндөр хувьтай гарч байгаа гэдгийг мэдээлж байгаа. Зээлийн үр дүн гарч байгаа болов уу?

 

-Засгийн Газар эдийн засгаа дэмжих үүднээс тодорхой хөнгөлөлт дэмжлэг, зээл тусламж олгож байна. Хувийн хэвшил болоод бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл, бизнесийн зээл, ажпын байрыг хадгалах зээлийг олгоод явж байна. Яг энэ нь байгаа оноод хэчнээн ажлын байрыг хадгалж хамгаалсан, эдийн засгийг хэдэн хувиар тогтвортой хамгаалах, хэчнээн аж ахуйн нэгжийг хаалгаа хаахаас нь сэргийлж байна вэ гэдэг судалгааг гаргаагүй байна. Өнөөдөр бидэнд магадгүй нэмэлт санхүүжилт шаардлагатай. Бид хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих шаардлагатай. Гэхдээ манай улсын хувьд нэмж зээл олгоно гэдэг хэцүү. Дахиад гаднаас хөрөнгө мөнгө босгох, зээл олгох гэдэг боломж бололцоо маруухан. Харин өмнөх олгосон зээлүүд хэр үр дүнтэй байна гэдэгт үнэлэлт, дүгнэлт хийх, дээрээс нь хувийн хэвшлийнхнийг дэмжихийн тулд татвар болон эрх зүйн талаасаа анхаарах ямар асуудал байна, татварын ямар дэмжлэг, урамшуулал, бодлого гаргах вэ гэдэг талд судалгаа хийх шаардлагатай.

 

-УИХ-ын хаврын ээлжит чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ. Хувь гишүүний хувьд хаврын чуулганы хугацаанд ямар хууль дээр ажиллав?

 

-УИХ-ын чуулганы үйл ажиллагаа цар тахпын нөхцөл байдалтай холбоотойгоор танхимаар болон цахим гэсэн хэлбэрээр явсан. Гишүүдийн олонх цахимаар оролцсон ч УИХ-ын онцгойлон авч хэлэлцэж байсан хуулиудаа баталж чадлаа. Эрүүл мэнд болон эдийн засагтай холбоотойгоор Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд явсан. Мэдээж үр дүнгээ өгч байгаа.

 

Миний хувьд чамлахааргүй хуулийн төсөл санаачлан, боловсруулж өргөн бариад явж байна. Өмнө нь ч хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьж батлуулсан. Одоо ч огт зүгээр суулгүй судалгаа, шинжилгээ явуулж, нийгэмд тулгамдаж буй асуудал, хууль хоорондын уялдаа холбоо, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар дахин өөр хуулиуд өргөн бариад байна. Зарим санаачилсан хуулийн төслүүд хэлэлцэгдэх шатанд орж амжаагүй байгаа. Үндсэндээ дөрөв, таван чиглэлээр илүү их анхаарч ажиллаж байгаа. Товч дурдвал, боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах, улс төрийн албан хаагч нарт шалгуур, шаардлага тавих, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах болон зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслүүд санаачлан ажиллаад явж байна.

 

-Тэгвэл яг одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

 

-Яг одоогоогоор 2-3 хуулийн төсөл гаргахаар ажиллаж байна. Сүүлийн үед галт зэвсгийн хадгалалт хамгаалалтаас болж хүүхэд, залуусын амь нас эрсдэх гэмт хэргүүд гарч байна. Тиймээс Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чангатгах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, тодорхой стандарт журмыг нэвтрүүлэх шаардлага байна. Ингэснээр Монгол хүний амьд явах эрх нэг талаасаа хангагдана гэж үзэж байгаа юм. Мөн хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаад явж байхад төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хууль болон Нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар тодорхой саналууд ирж байна. Энэ хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

 

Өөр нэг бие даасан хуулийн төсөл нь Монгол Улсын язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын томоохон асуудлаар улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд улстөржихгүй, нэгдмэл байр суурьтай байх, тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгоход чиглэсэн хууль. Улс орны хөгжлийн бодлогыг төрийн эрх барьж байгаа улс төрийн намын үзэл баримтлал, чиг хандлагын ялгааг үл харгалзан бүх Засгийн газар хэлбэрэлтгүй, тууштай хэрэгжүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Иргэдийн анхаарал татах нэг зохицуулалтыг энэ хуульд тусгасан. Энэ нь анхан ба дунд шатны иргэдийн нийтийн болон төлөөлөгчдийн хурлын түвшинд улс төрийн намуудын оролцоог болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар засаг захиргааны анхан шатны нэгж, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад бий болсон намчирхал, талцлыг зогсоохоор төлөвлөж байна.

 

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)