Шүүгч хэрэг илтгэж, танилцуулж байгаа нь, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг хүлээн авч уулзахдаа, шүүхийн шинэтгэлийг зориг гарган тууштай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглээд “Улстөрчид шүүгчид нөлөөлөх гэж оролддог, хууль бусаар нөлөөлдөг бусармаг явдалтай эрс хатуу тэмцэнэ” гэж хэлсэн нь шүүгчид бусдын нөлөөнд автах явдал байгааг хүлээн зөвшөөрч, түүнийг таслан зогсоох шаардлагатайг Ерөнхий шүүгчид сануулж хэлсэн асуудал юм. Б.Баасанцогт гэгч өмгөөлөгчийн шүүгч, прокурортой тогтоосон холбоо сүлжээ, АН-ын даргын нэрийн бүртгэлд хууль бус өөрчлөлт оруулж, Дээд шүүхийн шүүгч сахилгын арга хэмжээ авагдсан зэргийг харвал, шүүгч нар бусдын нөлөөнд хялбархан автаж болохоор байдал ажиглагдаж байна. Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үгийг хэрэгжүүлж, шүүгчийн хараат бус байдлыг хангах нэг гол арга зам бол давах болон хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгч хэрэг илтгэх, танилцуулах талаар хуулиар тогтоосон журамд УИХ өөрчлөлт оруулж, тэр журмыг халах явдал юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (ЭХХШТХ) 39.4 дүгээр зүйлийн 3-т давах шүүхийн “Илтгэгч шүүгч тухайн хэргийг илтгэж, шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг өөрийн урьдчилсан дүгнэлтгүйгээр танилцуулна” гэж заасан байх бөгөөд 40.6 дугаар зүйлийн гуравт, Дээд шүүхийн хуралдаанд шүүгч хэрэг илтгэх, танилцуулах тухай мөн адил төстэй заалт оруулжээ. 

 

Энэ хуулийг баримтлан, Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд, М.М нарт холбогдох 2021 оны 258 дугаар тогтоолтой эрүүгийн хэргийг Танхимын тэргүүн Ч.Хосбаяр танилцуулснаар, (Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn), 2021 оны 261 дүгээр тогтоолтой Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Амарбаясгалан танилцуулснаар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд, Э.Б-т холбогдох 2021/ ДШМ/725 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр, Н.Б-д холбогдох 2021/ ДШМ/718 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Б.Зоригийн илтгэснээр тус тус хянан хэлэлцэж шийдвэрлэсэн тухай Дээд шүүхийн цахим хуудсанд байгаа тогтоолд дурдсан байна. Хууль тогтоогч ийнхүү “шүүгч хэргийг илтгэж, танилцуулах”-аар журамлан тогтоосон нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах гол нөхцөл болж байгааг энд зайлшгүй тэмдэглэж хэлэх хэрэгтэй юм.

Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-д “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж шүүхийн үүргийг тодорхойлсон тул, хэрэг илтгэх, хэргийн талуудын гомдол, эсэргүүцлийг танилцуулах ажиллагаа шүүгчид огт хамааралгүй байх юм. 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх суурь зарчмыг хуулиар тогтоож өгсөн байна. Энэ хуулийн дагуу зөвхөн мэтгэлцэгч талууд болох өмгөөлөгч, прокурор нь шүүх хуралдаанд өөрсдийн гаргасан гомдол, эсэргүүцлээ танилцуулах, тайлбарлах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байх юм. Харин шүүгч зэрэгцэн, эрүүгийн хэргийн талаар илтгэж, нотлох баримт, шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг өөрийн үзэмжээр түүвэрлэн танилцуулах замаар өөрөө мэтгэлцэх үйл ажиллагаанд хутгалдан оролцож байгаа нь шүүгчийг мэтгэлцээний тал мэт харагдуулж байна. Энэ байдлаараа, зөвхөн талууд мэтгэлцэх зарчмыг шүүгч өөрөө ноцтой зөрчиж байна.

Анхан шатны шүүх хуульд заасан харьяаллын дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг тогтоох ажиллагааг нэгэнт хийж, тогтоол шийдвэрээ гаргасан байх тул, давах, хяналтын шатны шүүхийн хуралдаанд “хэргийг илтгэх, танилцуулах” шаардлага угаасаа байхгүй юм. 

 

Тухайн хавтаст хэрэг, шүүх дээр ирсэн байдаг тул хэрэгтэй гэж үзвэл аль ч шүүгч өөрөө авч үзэж танилцах боломжтой. Давах хяналтын шүүхүүдийн авч хэлэлцэх асуудал нь тухайн эрүүгийн хэрэг биш, харин өмгөөлөгч, прокурорын гомдол, эсэргүүцэлд тухайлан дурдсан хууль хэрэглээний талаарх асуудлыг авч хэлэлцэж, дүгнэлт өгч тэдгээр гомдол, эсэргүүцлийг хүлээн авах эсвэл татгалзах асуудлыг шийдвэрлэх нь давах, хянах шүүхийн үндсэн үүрэг байх болно гэдгийг Их хурал, ЭХХШТ хуульд тодорхой зааглан тогтоож өгөх шаардлагатай байна. Миний санал болгож байгаа энэ өөрчлөлт нь шүүгчдийн хараат бус байдалд бусад этгээд гаднаас нөлөөлдөг явдлыг зогсоох, түүнчлэн, илтгэгч шүүгчийн санал болгосноор анхан болон, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээд шатны шүүхийн шүүгчид өөрсдөө доод шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх боломжийг хуулиар хаах, хязгаарлах зорилготой байх юм.

 

Олон холбогдогчтой, олон хавтас хэргийг уншиж, түүвэр хийх, шүүх хуралдаанд илтгэж танилцуулах бичиг цаасны ажил нь шүүгчийн ажлын ихэнх цагийг авч, шүүгчийн ажлын ачааллыг механикаар нэмэгдүүлэх шалтгаан болдог.

Шүүгч хэрэг илтгэх, танилцуулах энэ журмыг халсан тохиолдолд ажлын ачаалал эрс буурч, шүүгч мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх, сурч боловсрох боломжтой болж, давах, хяналтын шүүхийн шүүгч нар тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн бодлогын асуудалд анхаарлаа хандуулж, тэд бусад шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт жишиг тайлбар болох сайтар үндэслэл бүхий чанартай тогтоол шийдвэр бичих цаг зав, боломжтой байх болно. Өөр бусад улс, орны шүүхийн ажиллагааг энд жишээ болгон товч дурдаж болох юм. АНУ-ын Дээд шүүхийн 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр баталсан Журмын 25, 26-д зааснаар гомдол хүсэлт, шүүхийн тогтоол шийдвэр болон бусад холбогдох бичиг баримт, шүүх хуралдааны цаасан дээр буулгасан бүтэн тэмдэглэл зэргийг 40 хувь хэвлэж хяналтын шүүхэд хүргүүлэх журамтай байна. 

 

АНУ-ын Дээд шүүх есөн шүүгчтэй бөгөөд шүүгч бүр 3-4 хуульч туслахтай байдаг тул гомдол бусад бичиг баримтыг туслах бүрд хүрэлцэх хэмжээгээр хувилж хүргүүлдэг аж.

 

Энэ Журамд эрүүгийн хэргийг хяналтын шүүхэд хүргүүлэх тухай заагаагүй байна. Дээд шүүхэд жилд 7000 гаруй гомдол, хүсэлт ирүүлдэг боловч, зөвхөн 100 орчмыг л хүлээн авч, мэтгэлцэх зарчмыг үндэслэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг байна. АНУ-ын Дээд шүүх болон давах шүүхийн хуралдаанд шүүгч хэрэг илтгэх танилцуулах журам байхгүй, тэд зөвхөн гомдлыг хянан хэлэлцэх, санал өгөх, тогтоол бичих ажиллагааг л хэрэгжүүлдэг. Хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгч, прокурор тус бүр 30 минутын хугацаанд багтаан гомдлоо танилцуулж, асуултад хариулж тайлбар гаргах үүрэгтэй байдаг. Бусад муж улсын Дээд шүүх, Холбооны давах шүүхүүд ч мөн ийм адил төстэй журамтай байна. “Northwestern” их сургуулийн “Pritzker” хуулийн сургуулийн профессор Jacobi, Schweers нар хамтран хийж, 2017 онд “Virginia Law Review” сэтгүүлд нийтлүүлсэн “Justice, Interrupted: The Effect of Gender, Ideology, and Seniority at the Supreme Court Oral Arguments” судалгаанд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ренквэйст, шүүгч Бреннан, Каган нар “талуудын шүүх хуралдаан дээр гаргаж тавьж байгаа асуудлууд шүүгчийн шийдвэр гаргахад ихэд нөлөөтэй байдаг” гэж тэмдэглэн хэлсэн гэж дурдсанаас үзэхэд, тэд эрүүгийн хэрэгт биш, харин мэтгэлцэгч талуудын гомдолдоо гаргаж байгаа асуудалд илүүтэй анхаарал хандуулж ирсэн гэдэг нь ойлгомжтой харагдаж байна.

 

Иймд, УИХ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, хэрэг илтгэх, танилцуулах ажиллагааг шүүгчид үүрэг болгосныг хасаж, мэтгэлцэх зарчмын дагуу талууд гомдлоо өөрсдөө илтгэж, танилцуулж, тайлбарладаг, шүүгч асуулт асууж, тайлбар сонсож, шийдвэр тогтоолоо гаргадаг байхаар өөрчлөлт оруулж, шүүгчийн хараат бус байдлыг хангах, мэтгэлцээнийг бодитойгоор хэрэгжүүлэх бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна. 

Шүүгчийн хараат бус байдал, мэтгэлцээний зарчмыг анхлан танилцуулсан бүр 1990 оны үеийн шүүхийн шинэтгэлийн үндсэн концепцийг өнөөг хүртэл дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаагийн гол учир шалтгаан нь шүүгч нарт биш, харин 1960 оны хуулиудад байсан социализмын үеийн үзэл баримтлалтай олон заалтуудыг, тухайлбал энэхүү “шүүгч хэрэг, танилцуулах илтгэх” ажиллагааг халж, мэтгэлцэх зарчимд нийцүүлэн өөрчилсөн хууль гаргаж чадахгүй байгаа хууль тогтоогчийн үйл ажиллагаатай хамааралтай гэж дүгнэх үндэслэлтэй юм. Жижигхэн мэт харагдах хуулийн энэ өөрчлөлтийг Их хурал хийж чадвал, шүүгч нарт сэтгэлгээний шинэчлэл хийх боломж гарч, тэд эрүүгийн хэрэг илтгэх, танилцуулах хуучин дадал заншилаасаа салж, давах, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт орж, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд хийх нэг томоохон алхам болох юм.

 

Хуульч Г.Ганзориг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.90.73)

    2021-08-23

    шүүгч танилцуулахгүй гэхээр шууд гомдлоор эхлэх юм уу